УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
2017.07.06

Ц.Цогзолмаа: Багшийн хөгжлийн асуудлыг цогцоор нь авч үзсэн байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.06/ Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017 оны 6 дугаар сарын 15-нд өргөн мэдүүлсэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг НББСШУ-ны байнгын хороо 2017 оны 6 дугаар сарын 29, 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцлээ.

Хуулийн төсөлд багшийн хөгжил, оролцоог дэмжих, багшийн мэргэжил, арга зүйн хөгжил, цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг, хүлээх хариуцлагатай нь холбоотой харилцааг зохицуулахаар тусгажээ. Хуулийн төсөлд,

- Багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх

- Ажлын үр дүнтэй нь уялдуулан цалингийн урамшуулал олгодог тогтолцоог бий болгох

- Ажлын ачаалал ихтэй нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багшид хөдөө орон нутгийн багштай адил хэмжээнд таван жил тутамд зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгодог болгох

- ЕБС-ийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар ангид туслах багштай байх

- ЕБС, цэцэрлэгийн багшийн мэргэжлийн зэргийг суралцагчдын сурлагын амжилт, чанар, заах аргын чанар, өөрийгөө хөгжүүлсэн байдлыг харгалзан хугацаанаас нь өмнө нэмэгдүүлэх

- Багш нарыг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах

- Жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар багшийн хөгжлийг дэмжих бодлого тодорхой болж, багш нар өөрийгөө хөгжүүлэх хүсэл сонирхол, боломж нөхцөлийг бодлогоор дэмжин багшийг ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих бололцоо бүрдэж, багш нарын нийгмийн баталгаа сайжирч, дэлхий жишигт нийцсэн мэдлэг, боловсролтой залуу үеийг бэлтгэх, чанартай боловсролын үндэс суурь болох ач холбогдолтой юм.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа нар боловсролын салбарын шинэчлэлийг хийх, багш нарын нийгмийн асуудал, цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгаа, ажлын байран дээрээ хөгжих, ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг цогцоор нь шийдэх, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийг хэлэлцэх үед багшийн нийгмийн асуудлыг сайжруулсан тодорхой заалт нэмэх нь зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргасан байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.