Б.Саранчимэг: Багш нарыг ажлын байран дээрээ хөгжих, давтан сургах нь чухал ач холбогдолтой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.06/ Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуулаа.
Хуулийн төслийг дэмжиж байна. Хойч ирээдүй болсон хүүхдүүдэд боловсрол олгож, хүмүүжиж, амьдралд хөтлөн оруулж буй багш нарын хөгжил, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн шинэ хууль хэлэлцүүлж байгаа нь маш зүйтэй. Уг хуулийн төсөлд Төрийн албаны тухай болон Боловсролын тухай хуульд зааснаас бусад багшийн хөгжилтэй холбоотой чухал чухал заалт орсон байна.
Тухайлбал, багшийн хүүхдийг цэцэрлэгт тэргүүн ээлжинд авах, ажлын гүйцэтгэлээс хамаарч, хугацанаас нь өмнө мэргэжлийн зэрэг ахиулах, ажлын үр дүнгээр нь урамшуулал олгох, эрүүл мэндийн үзлэгт жилд нэг удаа хамруулах зэрэг нийгмийн баталгааг хангаж өгөхөөр тусгажээ. Энэ бол маш зүйтэй арга хэмжээнүүд юм. Хуулийн төслөөс тодруулах хэд хэдэн зүйл байна.
Хуулийн төсөлд бүх шатны боловсролын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байна гэж заажээ. Багш нарыг ажлын байран дээрээ хөгжих, давтан сургах нь чухал ач холбогдолтой. Энэ төвийн ажилтнуудын цалин хөлс, бусад зардлыг тухайн байгууллагын төсвөөс гаргана гэжээ.
Хуулийн төслийн 10,4 дахь хэсэгт “ЕБС-ийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно” гэж заажээ. Энд туслах багш гэсэн мэргэжил байхгүй тул багшийн мэргэжилтэй хүн туслах багш хийх үү? Туслах багш яг ямар үүрэгтэй байх вэ? Өнөөдрийн байдлаар хэдэн туслах багшийн орон тоо шаардлагатай байгаа вэ?
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Олон улсад нэг л ойлголт байна. Тасралтгүй хөгжих гэж. Өөрөөр хэлбэл, багш мэргэжлээрээ ажиллахгүй байгаа ч гэсэн өөрийгөө яаж хөгжүүлсэн гэдэгт нь үндэслэн оноо нэмэгддэг. Тиймээс Монголын бүх багш нар тасралтгүй хөгжих ёстой.
Үүнийг төрөөс дэмжих ёстой гэдэг санаа л уг хуулийн төсөлд тусгагдсан. Энэ утгаараа Багшийн хөгжлийн төвийг улсын, хувийн гэлтгүй бүх шатны боловсролын байгууллага өөрийн хүч, нөөц боломжиндоо тулгуурлан багшийн хөгжлийн төв байгуулах ёстой гэж заасан.
Сургуулийн спорт заалыг түрээслээд олж байгаа мөнгө бол хууль бус. Энэ мөнгийг сургууль авдаггүй. Хэрэв сургууль энэ мөнгийг өөртөө татан төвлөрүүлдэг болбол 30 хувийг нь багшийн хөгжлийн төвдөө зориулж болох юм.
Хувийн сургуулиудын тухайд санаачилгаараа багшийн хөгжлийн төвүүдийг байгуулан ажиллуулдаг. Тиймээс сургалтын материал, хэрэглэгдэхүүнээ ав, өөрийгөө хөгжүүл гэж шахах гэхээр ийм зориулалтаар ямар ч төсөв мөнгө хуваарилдаггүй.
Сургуулийн захирлын зарцуулдаг төсвөөс 2-3 хувийг зарцуул гэж зааж өгч болно. Зарим хүн багшийн хөгжлийн төвийг байсан зүйл гээд байгаа юм. Бодит байдалд нь очоод үз. Бүх сургуульд энэ төв байдаггүй. Бидэнд багшаас юм нэхэх эрх байхгүй.