УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.07.06

О.Баасанхүү: Өртэй байж таны цалинг нэмнэ гэж ярьж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.06/ Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ. 

Багшид хайргүй хэн байхав. Би өөрөө багш байсан хүн. Өдөр болгон шахуу багш нартай уулзаж, санал бодлоо солилцдог. Хамгийн гол нь популист хууль гаргаж, хэрэгжихгүй, тунхгийн шинжтэй, ямар ч судалгаа тооцоогүй, багш нарын одоо байгаа нөхцөлийг дордуулсан зохицуулалт болчихвий гэж болгоомжилсны үндсэн ярьж байна.

“Долоо хэмжиж нэг огтол” гэдэг үг бий. Багш, эмч, хүүхэд гэж байгаа юм чинь баталчих, батлах ёстой гэж хандах бус энэ нь эргээд амьдралд нийцэх үү, хэрэгжих үү, хэрэгжихгүй юу гэдгийг тооцох хэрэгтэй.

Намайг хуулийн төслийг унш гэлээ. Би уншихдаа гол биш. Гол нь хуулийн төслийг ард түмэнд ойлгуулах шаардлагатай. Цэцэрлэг гэхэд эцэг, эхчүүдээс 10, 20 мянган төгрөг авч, хуримтлал үүсгээд цэцэрлэг, багш нарынхаа асуудлыг шийдэж болно.

Уг хуулийн төсөлд Төсвийн тухай хуулиар зохицуулах шаардлагатай зүйлс ч байна. Улс орны эдийн засаг хүнд байхад таны цалин нэмэгдэнэ гэж хэлж болохгүй.

Бид 22 их наяд төгрөгийн өртэй байгаа шүү дээ. Яг үнэндээ уг хуулийн төсөл батлагдлаа гээд багш нарын цалин 1 сая төгрөг ч хүрэхгүй. Тэр битгий хэл, цалин нь 10 хувиар ч нэмэгдэхгүй. Тиймээс популист амлалт өгөх бус байгаа мөнгөндөө тааруулж, хуулиа батлах нь зөв байх гэж бодлоо.

Миний хувьд уг хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ сайжруулна гэвэл дэмжинэ. Хэлэлцүүлгийн явцад гарсан шүүмжлэлийг шүүн тунгааж, бусадтайгаа хамтран ажиллаж, тал талаас нь нухацтай авч үзье гэвэл дэмжинэ.

Багш нар өөр юу ч санаа зовохгүй ирээдүй, хойч үеэ бэлтгэхийн төлөө ажиллах боломжийг бүрдүүлсэн хуулийн төсөл баталъя гэвэл хүн бүр хоёр гараа өргөөд дэмжих болно. Тиймээс хуулийн төслийг сайжруулахын төлөө хамтарч ажиллая.