Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
2017.06.02

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 1993 оны Олон Улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэг газрын дарга Ж.Мөнхбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

 Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон Улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан нар хуулийн төслийн 2 дугаар зүйлд “Улсын Их Хурлаар хүчингүй болгосон олон улсын гэрээг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох тал, эсхүл олон улсын байгууллагад уламжилж шийдвэрлүүлнэ” гэж заасан нь Улсын Их Хурлаар батлагдсан хууль хүчин төгөлдөр бусаар ойлгогдож, улмаар олон улсын түвшинд үл ойлголцол үүсгэх, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд хуулийн төслийн 3 дугаар зүйлийн “иргэд харилцан” гэсэн нь зөвхөн иргэдтэй холбоотой визийн асуудал мэтээр буруу ойлгогдохоор байгааг хэлэлцүүлгийн шатанд анхаарах, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь аливаа төрлийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар гагцхүү Улсын Их Хуралд хадгалагддаг тул хуулийн төслийн 1 дүгээр зүйлд тусгагдсан татварын асуудлыг анхаарах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэж Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулгадаа дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их хурлын гишүүн Ж.Батзандан санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Олон Улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь  зүйтэй  гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь үзэв. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.