УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.24

О.Баасанхүү: Хуулийг шинэчлэн баталснаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн өнөөгийн нөхцөл байдалд өөрчлөлт орох уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Олон улсын гэрээний тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан "Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болгосонд тооцох тухай", "Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Олон улсын гэрээний тухай хуулийг шинэчиллээ гэж бодоход хууль буцаан хэрэглэгдэхгүй тухай асуудал гарна. Эрдэнэт үйлдвэрийн олон улсын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Үүнд хууль санаачлагчид ямар байр суурьтай байна вэ?

Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголын талд шилжсэнийг хувьчлал биш худалдаа гээд байдаг. Миний харж байгаагаар, олон улсын гэрээгээр баталгаажуулсан, олон улсын гэрээгээр цуцлах асуудал гэж бодож байна. Тиймээс “Олон улсын гэрээний тухай” шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар байдал өөрчлөгдөх үү?"

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил

"Хуулийн төсөл батлагдсанаар Орос-Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн асуудал тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Засгийн газар хоорондын олон улсын хэлэлцээрийн дагуу шийдэгдсэн.

Энэ гэрээнд аль нэг тал өөрт ногдож байсан хувийг бусдад шилжүүлсэн, бусдад шилжүүлсэн тал нь Засгийн газар биш байсан тохиолдолд хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээр хүчин төгөлдөр бус болно гэсэн заалттай."