УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2017.05.25

Ө.Энхтүвшин: "Буцах хүнд үнээ, тугал нийлэх хамаагүй" гэдэг дээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.25/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, нэгдсэн байр сууринд хүрлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин бүрэн эрх нь дуусгавар болох дөхөж буй Ерөнхийлөгч шинээр Элчин сайдууд томилох санал гаргасанд шүүмжлэлтэй хандаж байлаа. 

Ерөнхийлөгчийн санал болгосноор Засгийн газар, УИХ зөвшилцсөний үндсэн дээр Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжиж, томилох байх. Гэхдээ зарим нэг хүнийг дэмжмээргүй байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болох гэж байна.

Буцах хүнээр ачаа бүү татуул, буцах хүнд үнээ, тугал нийлэх хамаагүй гэдэг. Ийм хүн улс эх орныхоо эрх ашгийн үүднээс гэхээсээ илүү хувь хүний ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаж байна.

Тухайн Элчин сайдыг хэн санал болгоно тэр хүндээ үйлчилдгийг би олон удаа хэлдэг. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авлаа гэхэд тухайн улсад суух Элчин сайдаар л дамждаг. Элчин сайд нараас илүү төр засаг тэр хүнд анхаарна, анхаарах ёстой. Тиймээс томилсон хүндээ үйлчлэх бус өргөн цар хүрээтэй асуудалд хараагаа чиглүүлэх хэрэгэй.

Хоёр улсын харилцааны хүрсэн түвшинг ахиулах, тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэддээ үйлчлэх, сурч боловсрох нөхцлийг хөнгөвчлөх, дэд бүтцийн том төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, эрүүл мэнд, боловсрол, нийгэм хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрийг өөрийн улс руу чиглүүлэх нь зүйтэй.

Европын орнуудад манай их, дээд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрдөггүй. Хамгийн сүүлд миний бие Австри улстай гэрээ байгуулж байсан. Ерөнхийлөгч “Томилсон Элчин сайд нар Гадаад харилцааны яамнаас явуулсан албан нотод хариу өгөх гэж хамаг цагаа барж байна. Том асуудалд анхаарахгүй байна. Хүнтэй харьцаж чадахгүй байна, юу ярихаа мэдэхгүй байна” гэж хэлж байсан.

Монгол Улсаа сурталчлах хэрэгтэй байна. Үзэсгэлэн гаргахаас хэтэрдэггүй. Монголын талаар тун бүдэг бадаг төсөөлөлтэй байдаг. Л.Пүрэвсүрэн өөртөө хатуу шаардлага тавих хэрэгтэй. Хүмүүсийн хэлээд байгаа оргүй биш.

ОХУ-ын Засгийн газраас ямар ч бичиг ирээгүй байхад Монгол  Улсыг төлөөлж захидал явуулж байхдаа хууль зөрчиж байгаагаа мэдэж л байсан байж таараа. Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар УИХ шийдвэрээ гаргасан. Та өмнөх алдаагаа давтаж болохгүй. Та муу ажиллабал бид шаардлага тавьсаар байх болно шүү.