Б.Бат-Эрдэнэ: Цэргийн хамтын ажиллагаанд онцгой анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.25/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, нэгдсэн байр сууринд хүрлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчдэд хэд хэдэн зүйл анхааруулсан юм.
Элчин сайдаар нэр дэвшигчдийн мэргэжил, ажлын туршлагын хувьд бүгд боломжийн хүмүүс байна. Үе үеийн парламентын түүхэнд олон Элчин сайдууд төрийн зүтгэлтэн хүний хувьд Монгол Улсын гадаад бодлого, хоёр орны харилцааг батжин бэхжүүлэхээр төрдөө зүтгэж байсан. Гол нь тухайн хүний аливаад чин сэтгэлээсээ хандаж байна уу, үгүй юу гэдгээс бүх зүйл шалтгаална.
Манай зарим Элчин сайд нар томилолтын хугацааг үр бүтээлгүй өнгөрөөх, аргацаах хандлага байна уу даа гэж ажиглагддаг. Монгол Улс ОХУ-ын харилцааг шинэ шатанд гаргах, олон улс дахь өөрийн орны нэр хүндийг бататгах чиглэлээр багагүй ажил хийсний үр дүнд НҮБ-ын гишүүн 186 оронтой дипломат харилцаа тогтоогоод байгааг сайшаах хэрэгтэй.
Батлан хамгаалах салбарын хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан улс үндэснийхээ язгуур эрх ашигт нийцсэн гадаад, дотоод аюулгүй байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Өнөөдөр дэлхийн 32 оронтой цэргийн хамтын ажиллагаатай байна.
Олон улсын харилцаанд цэргийн хамтын ажиллагаа бол тэргүүлэх чиглэлтэй байдаг учраас шинээр томилогдож буй Элчин сайд нар үүнд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй болов уу.
2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улс төр, дипломат аргаар хангах тухай заалт бий. Тиймээс уг баримт бичгийг мөрдлөг болгон хамтран ажиллах нь зүйтэй.
Шинээр Элчин сайдаар томилогдож буй зургаан оронтой цэргийн хамтын ажиллагаа идэвхтэй түвшинд байдаг. Ялангуяа ХБНГУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож байгаа хүний хувьд өмнө нь академийн багшаар ажиллаж байсан хүн учраас энэ тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай хамт Бундестагийн хүрээнд ажиллаад ирсэн. ХБНГУ-ын тухайд хоёр орны цэргийн хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.