Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ
2017.05.24

Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.24) хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэв. Энэ талаархи Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татаж,  Монгол Улсаас  Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн,  Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр, Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь нарыг тус тус томилох саналыг Байнгын хороотой зөвшилцөхөөр хүргүүлжээ.

Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нэр дэвшигч Д.Ганбат, Л.Пүрэвсүрэн нараас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Н.Энхболд, Ж.Энхбаяр нар үг хэллээ. Үг хэлсэн гишүүд улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд багтдаг, гол хандивлагч орнуудад Элчин сайдаар томилогдвол хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй, бүтээлчээр ажиллах, түүнчлэн тухайн улс оронд сурч ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тусалж дэмжихэд анхаарах, дипломат албаны ёс зүйг чанд сахиж ажиллахыг нэр дэвшигчдэд захилаа.

Элчин сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн, А.Баттөр нар одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр, Д.Ганбат Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирлаар, Г.Тэнгэр Монголын зүүний хүчний холбоо төрийн бус байгууллагын орон тооны бус нарийн бичгийн даргаар, Ё.Отгонбаяр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар, Н.Чимгүүндарь Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж байгаа юм. 

Ингээд Монгол Улсаас зарим улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76,9-84.6 хувийн дэмжлэг авлаа. Мөн Монгол Улсаас зарим улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84,6 хувь нь дэмжлээ