Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа
Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн "Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцсэн юм.
Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн Ажлын хэсэг, мөн Үндэсний аудитын газрын холбогдох ажилтнууд оролцов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан эхлээд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нар товч мэдээлэл хийсэн юм.
Дэд сайд Ц.Батбаяр мэдээлэлдээ, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд 8 зорилт, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгагдсанаас биелэлт нь 80.8 хувьтай байгааг дурдав. Энэ зорилтын хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулж, Аялал жуулчлалын тухай, Хог хаягдлын тухай, Казиногийн тухай хуулийн төсөл болон нийтээр дагаж мөрдөх холбогдох дүрэм, журам, стандартуудыг боловсруулсан байна. Газрын доорхи усны нөөцийг хэмнэх, хур тунадасны усыг хуримтлуулан хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах зорилгоор 6 хөв байгуулах, 152 булаг, шандны эхийг хашиж хамгаалах ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 690 сая төгрөг болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр барьж байгуулжээ.
Мөн зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах, агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжлийг дэмжих чиглэлээр гүйцэтгэсэн ажлаа дэд сайд товч танилцуулаад төсвийн хөрөнгө оруулалтын дутагдалтай байдал, эдийн засаг, санхүүгийн нөхцөлөөс шалтгаалан зарим томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүйг дурдлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле мэдээлэлдээ, тус салбарт хамаарах арга хэмжээний ерөнхий гүйцэтгэл 2016 оны эцсийн байдлаар 80.3 хувьтай үнэлэгдсэн. Төлөвлөгдсөн арга хэмжээнээс 16 нь бүрэн хэрэгжиж, 8 нь 90 хувийн, 3 нь 70 хувийн, 5 нь 50 хувийн, харин 3 арга хэмжээ нь 10 хувийн хэрэгжилттэй байна. Тасарсан арга хэмжээ байхгүй гэдгийг хэллээ. Төлөвлөгөөт арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүжүүлэх эх үүсвэрийг оновчтой тодорхойлж, бүрэн шийдвэрлээгүй, зарим арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, үр дүнг хэт өндөр төлөвлөсөн, тухайн жилд хэрэгжүүлэхэд цаг хугацаа болон хөрөнгийн эх үүсвэр хязгаарлагдмал зэргээс шалтгаалж биелэлт тааруу гарахад гол нөлөө үзүүлсэн гэдгийг дурдаж байв.
Хэлэлцэж буй асуудал, дэд сайд нарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад дэд сайд Ц.Батбаяр, Ж.Сауле нар болон тус хоёр яамны газар, хэлтсийн дарга нар хариулт өгсөн юм. Асуулт асууж тодруулсан гишүүд үндсэн чиглэлд тусгагдсан яамдын хийж хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд Үндэсний аудитын газраас өгсөн үнэлэлт, яамдын өөрсдийнх нь гаргасан хэрэгжилтийн хувь нэлээд зөрүүтэй байгаад ямар дүгнэлт хийж байгаа, тасарсан болон хэрэгжилт бага хувьтай байгаа зорилт, арга хэмжээний шалтгаан юунд байгаа, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зэргийг тодруулж өөрсдийн санал бодол, байр суурийг хуваалцав.
Мөн Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа тус газраас үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хийсэн дүгнэлт, гаргасан зөвлөмжийн талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулж, нэмэлт тайлбар өгсөн юм. Тэрээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт нийт дүнгээрээ 58.9 хувийн хэрэгжилттэй байна гэж Үндэсний аудитын газар дүгнэсэн. Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрэээнд хамаардаг хоёр яамны тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөвлөгдсөн зорилт, арга хэмжээний хэрэгжилт 56.9 хувийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хийж хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээнүүд нийт дүнгээрээ 53.4 хувийн хэрэгжилттэй байна гэж дүгнэсэн. Аудитын явцад цуглуулсан баримт мэдээлэл, нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн үндсэн чиглэлийн зарим зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бодитой тооцож төлөвлөөгүй байна. Мөн үндсэн чиглэлд цаг хугацааны хувьд нэг жилд хэрэгжүүлэх боломжгүй, бэлтгэл ажил нь хангагдаагүй, тооцоо судалгаа дутуу зорилт, арга хэмжээ төлөвлөгдсөн нь гүйцэтгэлд сөргөөр нөлөөлсөн байна гэж дүгнэсэн тухайгаа хэллээ.
Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Б.Саранчимэг нар санал хэлсэн бөгөөд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.