Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2017.05.03

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн (2017.05.02) хуралдаан 14 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны энэ удаагийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг даргалан хуралдуулсан юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын ахалсан Ажлын хэсэг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 45 саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанаар нэгбүрчлэн хэлэлцэж санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд “Тээврийн хэрэгслийн хог хаягдал” гэж тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ болон ашиглалтаас гарсан тээврийн хэрэгсэл, тэдгээрийг задлахад үүсэх хог хаягдлыг ойлгох гэсэн агуулгатай 4.1.36 дахь заалтыг нэмэхээр тогтов. Мөн төслийн 10 дугаар зүйлийн 10.3.7 дахь заалтын “хадаг уяж” гэснийг “шашин, зан үйлийн эд зүйлс тавьж” гэж, 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсгийг “Энэ зүйлийн 41.2, 41.3-т заасан үйлчилгээний хөлсийг хог хаягдлыг хүлээн авах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээний үндсэн дээр тохиролцон тогтооно” гэж тус тус өөрчлөн найруулахаар боллоо.

Түүнчлэн хуулийн төслийн 7.1.1-д заасан үндэсний хөтөлбөрт хог хаягдлын талаархи боловсрол олгох зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгахаар, төслийн 42 дугаар зүйлийн 42.2.2 дахь заалтыг “хог  хаягдлын талаархи албан боловсролыг энэ хуулийн 8.4.3-т заасан боловсролын агуулгаар дамжуулан олгох” гэж, төслийн мөн зүйлийн 42.2.4 дэх заалтыг “албан бус боловсролыг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн сургалт, судалгааны төвөөр дамжуулан олгох” гэж тус тус өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзэв.

Ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан гишүүдийн асуултад тайлбар өгөхдөө, хоёр парламент дамжин хэлэлцэгдэж байгаа энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхэд Ажлын хэсгийн гишүүд нухацтай хандан “шүүсийг” нь сайн шахахад ихээхэн анхаарсан. Хуулийн төслийн нэр томьёог жигдлэх, төсөлд тусгагдсан яамдын чиг үүргийн давхцлыг арилгах, байгаль орчныг бохирдуулагч нь төлбөр төлдөг, хариуцлага хүлээдэг байх, хог хаягдлыг өмнө нь хэрэгцээгүй зүйл, зөвхөн хог гэж үздэг байсан бол одоо баялаг гэж үзэж ангилан ялгаж дахин боловсруулж ашиглах зэрэг зарчмын асуудалд анхаарч ажилласан гэдгийг тодотгож байв.

Иймээс аюултай хог хаягдалд Ажлын хэсэг анхаарал хандуулж, төслийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг “Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн жил гүйцэтгэсэн ажлын тайланг энэ хуулийн 8.1.7.г-д заасан маягтаар гаргаж, энэ хуулийн 8.1.3-т заасан журмын дагуу хүргүүлнэ” гэж, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийг “Аюултай хог хаягдлыг тээвэрлэхдээ олон улсын гэрээ конвенц, журамд тавигддаг шаардлагыг дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн 40 дүгээр зүйлд “Хог хаягдлыг ангилах, цуглуулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах байгууламж болон хог хаягдлын төвлөрсөн цэг, үйлдвэр технологийн паркийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийдвэрлэнэ” гэсэн агуулгатай 40.10 дахь хэсгийг төсөлд нэмэхээр болов.

Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг бичгээр зарчмын зөрүүтэй гурван саналын томьёолол гаргаснаас хоёр санал нь төсөлд туссан гэж Ажлын хэсэг үзсэн тул гишүүн саналаа татаж авлаа. Харин аж ахуйн нэгж, байгууллага, хэрэглэгч нь хог хаягдлыг ангилан ялгах, үүнтэй холбогдуулан зориулалтын савтай байх агуулгатай заалтыг төсөлд тусгах саналыг нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ингээд Хог хаягдлын тухай хуулинй шинэчилсэн найруулгын төөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүүлэгт бэлтгэсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.