Балбын вант улсаас Монгол Улсыг хавсран суух элчин сайдыг хүлээн авч уулзлаа
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Балбын вант улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Леэла Мани Паудялыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Д.Оюунхорол сайд Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд нь баяр хүргээд “Монгол, Балба 2 улс шашин, соёл, худалдааны арвин түүхтэй. Газар нутгийн онцлог нь ч төстэй, уулархаг учир НҮБ-ын өндөр уулархаг бүсийн орнуудын түншлэлийн гишүүн орнуудын тоонд багтдаг. Тиймээс байгаль орчноо хамгаалах хийгээд хоёр орны хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллах ёстой гэж үзэж байна” хэмээсэн юм.
Харин Балбын вант улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Леэла Мани Паудял “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх арга хэмжээг маш сайн авч байгаагаараа үлгэр жишээ болоод байгаа. Тиймээс бид та бүхнээс туршлага суралцах зүйлс маш их байна. Мөн аялал жуучлалын чиглэлээр хамтарч ажиллах таны саналыг бүрэн дэмжиж ажиллана. Бидэнд Монгол, Балба 2 улсыг холбох гүүр хэрэгтэй байна. Таныг энэхүү их ажлыг эхлүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.