Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад мод бэлэглэлээ
2017.05.01

Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад мод бэлэглэлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын ивээл дор JCI олон байгууллагаас сурагчдад ногоон  боловсрол олгох зорилго бүхий “Нэг цэцэг нэг дэлхий”, “Миний мод Монголын ирээдүй” төслүүдийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол хамгийн ихтэй Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд ногоон төгөл байгуулах бөгөөд өчигдөр нийслэлийн 76 дугаар сургуулийн сурагчдад 200 цэцэг, 30 модны суулгац бэлэглэсэн.  Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэн “Салбарын яамнаас жил бүрийн хавар, намар бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд нийслэлийн агаарын тоосжилтыг бууруулах нэн шаардлагатай орчинд ногоон төгөл байгуулах төсөл хэрэгжиж байгаад харахад таатай байна. Олон улсын байгууллагууд болон монгол залуусын санаачилгаар мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс дэмжиж ирсэн” гээд тус сургуулийн сурагчдын тарьсан модыг намар ирж шалгана хэмээсэн юм.

Харин төслийг гардан хэрэгжүүлэгч JCI Монгол байгууллагын 2017 он ерөнхийлөгч П.Батхишиг “Төсөл долоо дахь жилдээ хэрэгжиж байна. Нийслэлийн тулгамдсан асуудал бол шороо, тоос, утаа. Ялангуяа гэр хорооллын хүүхдүүдийн сурч боловсрох орчинд энэ асуудлууд илүү тохиолддог. Тиймээс сургуулийн өмнөх болон бага ангийн сурагчдын сурах орчныг ногоон болгоход бага ч болов дэм болох зорилгоор төслөө хэрэгжүүлж байна. Бидний зүгээс цэцэг, мод бэлэглээд орхидоггүй. Ногооны боловсролыг олгох зорилгоор мэргэжлийн зөвлөгөө, тусламж үзүүлж, хүүхдүүдийн дунд олон төрлийн тэмцээн уралдаан зохиож идэвхжүүлдэг” гэлээ. Төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 76, 67, 42, 106 дугаар сургууль болон 110 дугаар цэцэрлэгт үрсэлгээний мод, тасалгааны цэцэг бэлэглэж байгаа.