Баяжуулсан гурил хэрэглэхийг хуульчилна
Хүн амын дунд түгээмэл тохиолдож буй амин дэм, эрдэс бодис зэрэг бичил элементийн дутагдлаас сэргийлэх зорилгоор гурилыг заавал баяжуулан хэрэглэх тухай хууль батлах хэрэгтэй гэж УИХ-ын НББСШУ-ын байнгын хорооны дарга Д.Очирбат үзэж байна.
Ийм хуулийг дэлхийн 60 гаруй оронд баталснаар хоёр тэрбум гаруй хүн хэрэглэж бичил тэжээлийн дутагдлаас сэргийлж чаджээ. Тэгвэл энэ талаар тус байнгын хорооны дарга Д.Очирбат НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Рана Фловерс, зөвлөх Жак Багриански нартай уулзахдаа ярилцлаа.
Гурилыг нийтдээ таван аминдэм, хоёр эрдэс бодисоор баяжуулан хэрэглэхэд хэрэглэгчдэд жилд 300 төгрөгийг нэмж талханд төлөх илүү зардал гарах юм. Монгол Улс өнөөдөр дотоодын гурилын хэрэгцээгээ хангаж байгаа үед энэхүү ажил нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бас нэг алхам болох аж.
Монгол Улсад өнөөдөр гурил үйлдвэрлэх хүчин чадал нь бүрдсэн, холбогдох стандарт нь байгаа үед гурилыг баяжуулах баяжмалын хангалтыг хуулийн хүрээнд зохицуулан, уг хуулиар баяжуулсан гурилын хэрэглээг нэмэгдүүлэх нь хамгийн оновчтой алхам болох нь бусад орны туршлагаас нотлогдож байгаа гэнэ.
Иймд энэхүү хуулийг батлан хэрэгжүүлэх нь үйлдвэрлэлийг дэмжин, үндэсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмжихийн сацуу хүн амын эрүүл мэндийг хамгаалан цус багадалт, рахит, хавдар, төрөлхийн гаж, мэт олон төрлийн өвчнөөс сэргийлж, хүүхдүүдийн оюун ухааны хөгжил, сурлагын амжилтанд нөлөөлж, нийт насанд хүрэгсдийн хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх юм байна.
Зөвхөн цус багадалтаас сэргийлснээр 1500 нялхсыг нас барахаас сэргийлж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, 150 сая ам.долларын хэмнэлтийг дараагийн 10 жилд олох боломжтой болох аж.