Төв аймгийн залуу малчид зөвлөлдлөө
Төв аймгийн хэмжээнд мал аж ахуйн чиглэлээр дагнан, өрхийн амьжиргаагаа залгуулж байгаа 35 хүртэлх насны долоон мянга гаруй залуу малчид байна. Тэдний төлөөлөл болсон 250 гаруй залуус өнөөдөр аймгийн төв Зуунмод хотноо цуглаж, мал аж ахуйн чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлого шийдвэртэй танилцан, залуу малчдын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарцыг хамтдаа хайцгаалаа.
Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын санаачилга, ивээл дор зохион байгуулагдсан “Төв аймгийн залуу малчдын чуулга уулзалт” 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр болж, арга хэмжээнд Шадар сайд М.Энхболд, ХХААХҮЯ-ны газрын дарга нар, Төв аймгийн удирдлагууд, тус аймгаас төрөн гарсан хөдөлмөрийн баатар, гавьяатууд урилгаар оролцлоо.
МАА-н үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх төрийн бодлого тэргүүлэх чиглэлд тусгагдсаны дагуу өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлаас “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрүүдийг батлан, Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр зорилт хөтөлбөрийн үр дүнд малын чанарыг сайжруулах, үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор хийх ажлуудыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхэд өмчийн эзэн болсон малчид, төр засаг хамтран хийж хэрэгжүүлэх ажлууд хүлээгдэж байгаа билээ.
Энэхүү хүлээгдлийг амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд Төв аймгийн малчин залуусыг уриалж, тэдний дуу хоолойг сонслоо.
2011 оны өвлийг угтсан бэлтгэл ажлын хүрээнд Төв аймагт “МАА-н өвөлжилтийн бэлтгэлийг малчны хотонд хүлээн авах шалгуур үзүүлэлт”-ийг батлан гаргаж, хэрэгжүүлж ажиллахыг тус чуулга уулзалтын үеэр малчдад хандан уриаллаа.
Дэлхийн дулаарлын улмаас бэлчээрийн МАА хязгаарлагдмал байдалд орж, нүүдэлчин ахуй соёлоо даяаршиж байгаа эрин зуунд хадгалж үлдэх боломж хумигдсаар байгааг чуулга уулзалтын үеэр хөндсөн. Уламжлалт зан заншлаа хадгалж үлдэх нь монголчууд бидний хувьд чухал хэдий ч фермерийн аж ахуйг хөгжүүлэх, малын чанар үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр тодорхой алхам хийх цаг ирснийг чуулга уулзалтын үеэр хөндөн ярилцлаа.
Дашрамд дурдахад, Төв аймаг 2010 оны сүүлчээр 2710,7 толгой мал тоолуулж, малын тоо толгойгоор улсад 2 дугаарт оржээ. Аймгийн хэмжээнд 14127 мал бүхий иргэд, 9628 малчин өрхийн 32798 малчин байгаагаас 7000 гаруй нь 35 хүртэлх насны залуучууд юм.