Шадар сайд М.Энхболд Төв аймгийн залуу малчидтай дотночлон уулзлаа
УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболдын ивээл дор Төв аймгийн залуу малчдын зөвлөгөөн өнгөрсөн баасан гаригт боллоо. Зах зээлийн нөхцөлд төр, малчин хоёр нягт хамтран ажиллах шаардлагатай болоод байгаа. Иймээс орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд залуу малчдын зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулах болсон билээ. Шадар сайд М.Энхболд өөрийн сонгогдсон тойрог Төв аймгийнхаа залуу малчдын зөвлөгөөнийг нээж үг хэлсэн.Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас санаачилсан «Монгол мал» хөтөлбөрийн хүрээнд малын үүлдэр угсааг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийг зүй зохистой ашиглах, худаг усыг шинээр гаргах арга хэмжээг авч эхлээд байгааг онцлов. Мөн хадлан тэжээл бэлтгэх, байгаль, цаг уурын хүндрэлийг даван туулахад төр, засгаас дэмжлэг үзүүлснээр нийт малчдын амьдрал ахуйг сайжруулж, хөдөлмөрийг нь хөнгөвчлөх боломж олгосныг ч дурдаж байлаа.
Залуу малчид Шадар сайд М.Энхболдоос УИХ-ын гишүүдэд тойрогтоо зарцуул хэмээн олгосон нэг тэрбум төгрөгөөрөө юу хийснийг сонирхон асууж байв. М.Энхболд «Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тойрогтоо хийх ажлын хүрээнд Төв аймгийн 13 суманд 65 гүний худаг гаргасан. Үлдсэн 14 суманд 67 худаг гаргах бэлтгэл ажлыг энэ онд эхлүүлсэн» хэмээн хариулсан юм. Түүний ярьснаас үзэхэд сонгогдсон тойрогтоо олон ажил амжуулжээ. Тухайлбал Төв аймгийн мал аж ахуйн гол бүс Алтанбулаг, Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Эрдэнэсант зэрэг сумыг үүрэн телефоны сүлжээнд хамруулах, Архуст сумын сүлжээний тархалтыг нэмэгдүүлэх ажлыг «Жи-Мобайл» компанийн удирдлага, Бүх нийтийн үүргийн үйлчилгээний сантай хамтран хэрэгжүүлж эхэлсэн байна.
Зөвлөгөөнд Төв аймгаас төрж гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин П.Базаррагчаа, Б.Ажваа зэрэг ажил үйлсээрээ ард түмэндээ үлгэр дуурайл болсон ахмадууд оролцов. Ахмадууд залуу малчид оюун ухаанаа өмнөх үеийнхнийхээ мэдлэг туршлагаар сэлбэхийн зэрэгцээ эдийн засгийн боловсролоо дээшлүүлж, түүхий эдийн ченжүүдэд «маллуулахгүй» байх нь амьжиргаагаа тэтгэх боломж олгоно гэдгийг сануулж байсан. Үүнээс гадна залууст хэлж биш хийсэж ирдэг байгалийн гамшиг хэзээ ч хамаагүй хаалгыг нь тогшино, иймд байнга бэлтгэлтэй байх хэрэгтэй хэмээн анхааруулж байлаа. Хөдөө аж ахуйн ахмад зүтгэлтнүүд өнөө цагийн малчдыг хэт залхуу байгааг шүүмжилсний дээр цаашид залуу малчид өмнөхөөсөө илүү тооцоотой байж, ажилсаг болох шаардлагатайг ч сануулаад амжина лээ. Энэ үеэр ажил үйлсээрээ манлайлсан залуу малчдыг Засгийн газар, аймгийн ИТХ-ын болон Засаг даргын шагнал, Ж.Самбуу агсны нэрэмжит шагнал зэргээр урамшуулсан юм. Залуус шагналаа Шадар сайд М.Энхболд болон аймгийн Засаг дарга Ц.Энхбат нарын албаны хүмүүсээс гардан авсан. Тэд Төв аймгийн харъяат, төр, нийгмийн хүндтэй зүтгэлтэн Ж.Самбуугийн нэрэмжит шагналыг авахдаа ихэд бэлэгшээж байлаа. Учир нь энэ нь «Улсын сайн малчнаас дутахгүй нэр хүндтэй шагнал ажээ. Шадар сайд М.Энхболдын хэлснээр энэхүү шагналын цар хүрээ улам нэмэгдсэн байна. Иймээс ч энэ удаа Ж.Самбуугийн нэрэмжит шагналыг тэмдэгтэй болгожээ.
Төв аймгийнхны амин чухал зорилт нь мал аж ахуйгаа хөгжүүлэх, байгаль цаг уураас хараат байдлыг багасгаж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх юм байна. Иймээс ч зөвлөгөөний үеэр ирэх өвлийг хэрхэн өнтэй давах талаар удтал хэлэлцлээ. Төв аймгийн малчдын хувьд цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох нь хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа гэнэ. Монголын мал аж ахуй нийт усны хэрэгцээний 70-80 гаруй хувийг гүний усаар хангадаг аж. Энэ нь хүн, малгүй харангадах аюулын харанга дэлдэх болсны баталгаа юм. Дэлхийн дулааралтай холбоотойгоор Монголын хөрсний усны түвшин доошилж буйгаас бэлчээрийн усан хангамж цаашид ч дордоно гэдгийг эрдэмтэд сануулж байсан. Байгаль дэлхийн ааш араншинг олох гэж мунгинаж байхад нь нутаг оронд нь нүүж ирсэн бусад аймгийн малчид амьжиргааг нь баллах болсон талаар зөвлөгөөний үеэр яригдлаа. Зөвлөгөөнд оролцогсдын ярианаас үзэхэд тэдгээр зочид дайны хажуугаар дажин дэгдээдэг байна. Уг нь Төв аймгийнхан бэлчээрээ төлөвлөлттэйгөөр ашиглахад анхаарах болжээ. Иймээс баг, сумаараа бэлчээрээ сэргээхийн тулд тусгай хуваарийн дагуу сэлгэн нутаглах болсон байна. Харамсалтай нь бэлчээрээ сэргээх гэж өөр газарт толгой хоргодох хооронд бусад аймгийнхан нүүж ирээд өөрөөсөө харамласан бэлчээрийг нь хамар хатгах өвсгүй болтол нь талхалдаг ажээ. Монголд бэлчээр үнэгүй байдгаас аймгийн удирдлагуудад малчдынхаа эрх ашгийг хамгаалах боломж байдаггүй юм байна. Цаашид бэлчээрээ бусдад булаалгаснаас байгаа хэдэн малаа үхүүлж, хотоо харлуулж, хүүхдүүдээ хоосон хонуулж, модоо барихгүй гэдгээ залуу малчид хэлж байлаа. Зөвлөгөөнд оролцогсдын үзэж буйгаар элэг нэгт монгол ахан дүүсийг бэлчээрээс болж муудалцуулахгүй байхад төрөөс анхаарч, даруй арга хэмжээ авах ёстой аж. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн болохоор бэлчээрийн харилцааг ч гэсэн энэ жишгээр уян хатан зохицуулах цаг ирснийг залуус хэлж байв.
Энэчлэн өөрсдөд нь тулгамдаж буй асуудлуудын талаар Төв аймгийн залуу малчид Шадар сайд болон ХХААХҮЯ, аймгийн удирдлагуудтай санал бодлоо илэн далангүй солилцон цаашид эдгээрийг шийдэх ямар гарц байгаа талаар удтал ярилцсан юм. Зөвлөгөөнд оролцогсод төрөлх нутгийнхаа малчин түмний төлөө байнга анхаарал хандуулж, тусалж дэмжиж ирсэнд нь Шадар сайд М.Энхболдод талархаж буйгаа илэрхийлсэн. Энэхүү арга хэмжээнд Төв аймгийн нийт сумдаас 250 гаруй залуу малчин оролцлоо.Төв аймгийн хувьд малынхаа тоогоор улсад эхнээсээ хоёрт, хүн амынхаа тоогоор дөрөвдүгээр байрт ордог ажээ.Тус аймаг 27 сум, 83 мянга гаруй хүн амтай. Дашрамд дурдахад өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд нийт 162 мянган өрхийн 337 мянга гаруй малчин байгаа дүн гарчээ. Энэ нь Монголд 337 мянган мал аж ахуйн салбарын бизнесмэн, менежер байна гэсэн үг юм. Харин эдгээр бизнесмэнүүдийн 43.5 хувь нь 16-35 насны залуус юм. Монголын малчдын бараг тал нь залуус болсноос туршлага дутах, улмаар малын хорогдол ихээр гарахад нөлөөлөх болжээ. Иймд Монголын төрөөс залуу малчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж, тэдэнд мал маллах арга ухааныг өвлүүлэхэд анхаарах болсон. Мал аж ахуйн салбар нь Монгол Улсын нийт экспортын арав гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Ер нь манай эдийн засгийг мал аж ахуйгүйгээр төсөөлөх боломжгүй юм.