2011.08.16

Н.Энхболд: 100 гаруй жилийн түүхтэй Канадын хоршоодын холбооноос сурах зүйл их

УИХ-ын дэд дарга, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболд Канадын хоршоодын холбооны Ази, Америкийг хариуцсан бүсийн захирал хатагтай Лидъя Макуч Филлифсийг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Н.Энхболд Канадын хоршоодын холбооноос Монголын хоршооллын салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд сэтгэл ханглуун байдаг тухайгаа хэлээд цаашид манай хоёр орны хоршооллын байгууллагууд харилцан ашигтай хамтран ажиллах, ялангуяа хоршооллын хөдөлгөөн эрчимтэй хөгжсөн Канад орон болон 100 гаруй жилийн түүхтэй Канадын хоршоодын холбооноос суралцах зүйл их байгааг дурьдлаа.

Мөн тэрээр Монгол Улсын Их хурал, Засгийн газраас хоршооллын хөдөлгөөнийг хөгжүүлэх талаар бодолгын томоохон баримт бичгүүд батлан гаргаж, иргэд хөрөнгө, хөдөлмөрөө хоршин хамтран ажиллах эрх зүйн таатай орчин бүрүүлэхэд ихээхэн анхаарч багаа талаар тэмдэглэн хэлэв. “Хадгаламж зээлийн хоршооны тухай” бие даасан хуулийн төслийн талаар харилцан санал солилцлоо.

Цаг гаргаж өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад Хатагтай Лидъя Макуч Филлифс талархаад, 1998 оноос Канадын хоршоодын холбоо Монголын хоршооллын салбарт хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн талаараа дэлгэрэнгүй ярилцсан юм.


Тухайлбал санхүүгийн салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай, өндөр мэргэжлийн Канад зөвлөхүүд монголын хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэж байгаа хоршоодод зөвлөгөө өгөх хөтөлбөрийг 2010 оноос Монголын хоршооллын сургалт мэдээллийн төвтэй хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэ оны 8 сард 10 зөвлөх Баян-Өлгий, Завхан, Хэнтий, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгуудад ажиллаж байна.


Төрийн ордонд болсон энэхүү уулзалтанд Канадын хоршоодын холбооны харилцаа хариуцсан менежер Донна Балкан, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Мягмар-Очир нар байлцсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.