Эмэгтэйчүүдээ дэмжсэн нам ирээдүйтэй нам байх болно
2011.11.14

Эмэгтэйчүүдээ дэмжсэн нам ирээдүйтэй нам байх болно

Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачилсан «Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011» форум Төрийн ордонд энэ сарын 11, 12-нд болж өндөрлөлөө. Энэхүү уулзалт нь найман нэг давхацсан бэлгэдэлтэй агшинд нээлтээ хийсэн нь зуун жилд нэг тохиох ховорхон агшин байсан юм. Монголын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 1000 эмэгтэй хуран чуулж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, тэдний санал санаачилгыг дэмжих талаар хэлэлцэж зөвлөмж, уриалга гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд форумыг нээж хэлсэн үгэн-дээ «Тухайн нийгмийн салбарууд, гэр бүлд эмэгтэйчүүдийн манлайлал, идэвх санаачилга, гэр бүлийн хөг-жил, хүүхдийн боловсрол хүмүүжил, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шударга ёсыг хэвшүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд чухлаар нөлөөлдөг» хэмээн онцлов. Мөн Ерөнхий сайд «2011 оны 11 дүгээр сарын 11-ний энэ өдөр одоо 11 цаг 11 минут болж байна. Зуун жилд ганцхан тохиох энэ мөчид зууны манлай намын эмэгтэйчүүд зөвлөлдөж байгаа нь түүхэн үйл явдал боллоо. Тоон бэлгэдлийн тохиол бүрдэл бүхий энэ өдрийг товлож, хөгжлийн төлөө чуулж байгаа нь их үйл хэргийг эхлүүлэх бэлгэ ерөөл биз ээ» хэмээн тэмдэглэлээ.

 

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд «Гэр бүл эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогод цаашид онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах нь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах, сайн засаглалыг цогцлон байгуулах зайлшгүй шаардлага мөн. Тиймээс би эмэгтэйчүүдийг улстөрд олноор ороосой гэж боддог  хэмээсэн нь чуулганд хүрэлцэн ирж, төр засагтаа дуу хоолойгоо хүргэхийг зорьсон эмэгтэйчүүдийн сэтгэлийн галыг бадрааж байв. НАМЭХ-ны ерөнхийлөгч, Д.Оюунхорол УИХ дахь гуравхан эмэгтэй гишүүний нэг. Тэрбээр чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ эмэгтэйчүүдээ дэмжсэн нам ирээдүйтэй нам байх болно гэж онцлоод эмэгтэйчүүд мэргэжил боловсролоо гүнзгийрүүлж, салбар бүрийн арвин мэдлэгтэй болоод шийдвэр гаргах түвшинд оролцох хэмжээнд бэлтгэгдэхийн тулд тэмцэх хэрэгтэй, эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжих болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн санаа бодол дутмаг байна. Тиймээс энэхүү чуулганаар эмэгтэйчүүд санал сэтгэгдлээ солилцож, тулгамдсан, асуудлуудаа хэлэлцэн тохиролцоод уриалга гаргаж төр засаг, холбогдох байгууллагуудаар  шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээв.

 

Тэрбээр эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлууд, гэр бүлийн тухай хууль, архидалт ба ядуурал, нийгэм дэх эмэгтэйчүүдийг оролцооны талаар олон чухал хуулийг санаачлан УИХ-д өргөн барьж, түүнийгээ ажил болгосон гишүүн юм. Монголын эмэгтэйчүүдийг төр засагт төлөөлөх үүргээ амжилттай биелүүлж байгаа гэдэг нь түүний хийж буй ажил болоод энэхүү чуулганаас илэрхий байлаа. Д.Оюунхорол гишүүний санаачилж УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл болох Сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 20 хувьд хүргэх, боломжтой бол түүнээс ихээр нэмэгдүүлэх, мөн эмэгтэйчүүдийн банктай болох зэрэг асуудалтай холбоотойгоор энэхүү чуулга уулзалт болсон гэдгийг тодотгож өгөх нь зүйтэй байх.

 

Бүтэн хоёр өдрийн чуулганы хүрээнд 100 гаруй төлөөлөгчийн хорь гаруй саналыг сонссон. НАМЭХ-ны өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид «Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжмээр байна, гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал их байна, улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэн шаардлагатай болжээ. Архидалт ихэслээ, өрх толгойлсон эмэгтэйчүүд их байна, хөдөөний малчин эмэгтэйчүүдийг нийгмийн даатгалд хамруулж өгөөч» гэх зэрэг маш олон санал шүүмжлэлийг хэлж байв. Харин эмэгтэйчүүдээс гарсан саналыг шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд өөрсдөө шийддэг болмоор байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийг төрд ихээр хамруулах нь зүйтэй гэдгийг нэгэн дуугаар дэмжсэн. Тэд энэхүү асуудлуудаа нэгтгэн зөвлөмж гаргасан юм.

 

Зөвлөмжид ядуурлыг бууруулах, өсвөр залуу үеийг биеийн тамираар хичээллэх боломжоор хангах, охид, эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгохыг таслан зогсоох зэргийг тусгасан аж. Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль байдаггүй. Тиймээс энэ хуулийн төслийг санаачилж Д.Оюунхорол гишүүн УИХ-д ажлын хэсэг ахалж ажиллаж байгаа юм. Мөн чуулганаар Сургуулийн өмнөх насны хүүхдийг ясли, цэцэрлэгт бүрэн хамруулахын тулд дотуур байрны хүрэлцээг онцгой анхаарах ёстой. Цогц боловсролыг системтэй хөгжүүлэх, эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээл дээр илүү боловсролтой болгох, хүүхдийг эцэг эх, байгалиа хайрлах ухааныг ерөнхий боловсролын сургуульд эзэмшүүлмээр байна.

 

Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийг нийслэлд болон томоохон хотуудад байгуулах, өрх толгойлсон малчин эмэгтэйчүүдийг малжуулах, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээ байгуулах, бүх сумыг интернэттэй болгох, телевизийн олон сувгийг бий болгоё»  гэсэн зөвлөмжүүдийг гаргалаа. Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжиж, барьцаа хөрөнгө шаарддаггүй,бага хүүтэй урт хугацааны зээл олгох, эмэгтэйчүүдийн банк  байгуулах асуудлыг НАМЭХ бодлогоо болгож, хэрэгжүүлнэ хэмээн холбооны ерөнхийлөгч эмэгтэйчүүдэд хэлсэн юм.Түүнчлэн өрх толгойлсон эмэгтэйн хөдөлмөр  эрхлэлтийг дэмжих асуудлыг уул  уурхайн томоохон компани   «Оюу  толгой»  ХХК-ийн удирдлагуудад хүргэж шийдвэрлүүлье гэсэн бодолтой байгаагаа Д.Оюунхорол гишүүн дашрамд дурдана лээ.Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах, уул уурхайн замбараагүй ашиглалтыг зогсоож, онгон байгалиа хамгаалах чиглэлээр улсын их хуралд санал болгоё, бүх шатны шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг түлхүү оруулах шаардлагатай зэргийг ч зөвлөмждөө тусгах санал гаргаж, төлөөлөгчид 100 хувийн саналаар баталлаа. Д.Оюунхорол гишүүн 2012 оны бүх шатны сонгууль ойртож  байгаа энэ үед зөвлөмжүүдийг биеллээ олох хүртэл нь хичээж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

 

Энэ өдрүүдэд зөвхөн эмэгтэйчүүд чуулж асуудлуудыг хэлэлцсэн   бус   эмэгтэйчүүдийн  энэхүү  үйл  ажиллагааг дэмжиж  УИХ-ын  гишүүн Р.Буд, Ц.Мөнх-Оргил,Ж.Сүхбаатар, Д.Дондог нарын нэр бүхий 13 гишүүн хэдийгээр чуулгантай байсан ч цаг заваа зохицуулаад чуулганд оролцсон билээ. Сонгуулийн тухай  хуулиар  эмэгтэйчүүдийн квотын асуудал яригдаж  байгаатай холбогдуулан дэмжиж ажиллахаа тэд     уриалсныг     дуулгая. Мөн гишүүд эмэгтэй хүн, эх хүнийг үргэлж дээдэлж шүтэж, дэмжиж явах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн  оролцоо  шаардлагатай байгаа гэдгийг онцолж байлаа.

Салбартаа тэргүүний гэгдэх лидер илтгэгчид болох  НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ «Удирдагчийн   хамтын   ажиллагааны   амжилтын    үндэс», НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч П.Анужин, «Цогц боловсрол бүхий  Монгол эмэгтэй», НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Л.Нинжжамц «Эмэгтэйчүүд олон нийт хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах вэ?», илтгэгч  Одхүү  «Нийгмийн ардчиллын   төлөв   байдал» сэдвээр илтгэл тавьж, чуулганы уур амьсгалд хүч нэмсэн    асуудлуудыг хөндөөд эмэгтэйчүүдийн тархийг цэнэглэж чадсан юм. Ялангуяа НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч П.Анужин эмэгтэйчүүдийн зөв хооллолт, эрүүл байхын үндэс нь юу вэ зэрэг мэдээллийг хүргэж,эмэгтэйчүүдийг эрүүл, саруул зөв хооллох дэглэмийн талаар зөвлөсөнд төлөөлөгчид ихэд таатай хүлээж авна лээ.

 

Ийнхүү эмэгтэйчүүд  маань 11 дүгээр сарын 11-ний орой  «Улаанбаатар палас»-д хүндэтгэлийн цэнгүүнийг зохион байгуулж, нэгэн оройг дуу хууранд умбаж өнгөрүүлсэн юм. «Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011» форумд оролцсон 200 эмэгтэйн хийсэн, бүтээснийг нь үнэлж, төрийн болон төрийн бус байгууллагуудын шагналуудаар шагнаж урамшууллаа. Бүтэн хоёр өдөр чуулсан «Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011»формаар НАМЭХ-ноос «Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжье, архигүй, айдасгүй дарамтгүй гэр бүлийн орчныг бүрдүүлж, гэр бүлийн хөтөлбөрийг хэрэгжүүлье, цогц боловсрол бүхий монгол иргэнийг хүмүүжүүлэхэд эмэгтэйчүүд хатан ухаанаа дор бүрнээ цэгнэцгээе, эх дэлхийгээ хайрлан хамгаалах хөдөлгөөнийг эмэгтэйчүүд тэргүүлэн манлайлъя, ирээдүйн хөгжлийг орон нутгаас эхлүүлье, шийдвэр гаргах бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог бодитойгоор нэмэгдүүлж, квотыг тогтоох асуудлыг УИХ-аар шийдвэрлээсэй гэдгийг нийгэмд уриалъя, эрчүүдтэй өрсөлдөх бус эн зэрэгцэн төр түшилцэх эмэгтэйчүүдээ дэмжье» уриалгыг гаргасан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.