УИХ-ын М.Оюунчимэг өөрийн дүүргийн иргэдийн эрх ашгийг хөндөв
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
2017.04.14

УИХ-ын М.Оюунчимэг өөрийн дүүргийн иргэдийн эрх ашгийг хөндөв

УИХ-ын чуулганы хуралдаанаар хот суурин газрын төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Энэ үеэр М.Оюунчимэг гишүүн Чингэлтэй дүүргийн иргэдийн эрх ашгийг хөндөж асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

Нэгдүгээрт,

Төсөвлөгдсөн 70-аад тэрбум төгрөгөөс Чингэлтэй дүүрэгт гэр хорооллын дэд бүтэц дээр ойрын үед арга хэмжээ юу вэ?

Хоёрдугаарт,

Чингэлтэй дүүргийн 7-11 дүгээр хороодод Басмаа, Өндөрбуянт, Эрэл, Монкон зэрэг компани иргэдтэй гурвалсан гэрээ хийсэн боловч үйл ажиллагаа нь зогсчихсон. Иргэдэд баримт бичгийг нь ч өгөхгүй байна. Энэ мэт компанитай гэр хорооллын дахин төлөвлөлттэй хамтарч ажиллах уу? Иргэдийн баримт бичгийг буцааж өгөх үү?

Гуравдугаарт,

Дэнжийн мянгын 600 гаруй хүн амьдардаг цагаан байранд 16м/кв-д ариун цэврийн өрөөгүй, хөрсний бохирдол 100%, хүн амьдарч болохгүй гэсэн дүгнэлт гарсан. Сүүлийн 10, 20 жил ийм байдалтай байснаас эхнээсээ иргэд өвчилж эхэлж байна.

Дөрөвдүгээрт,

Чингэлтэй дүүргийн 9-р хорооны 43-р цэцэрлэгийн асуудал байна. 240 хүүхдийн цэцэрлэг барих газар нь хангалттай байгаа. Энэ ажлыг яаралтай эхлүүлж богино хугацаанд дуусгаж өгөхийг хүсье.

Тавдугаарт,

Түрээсийн орон сууцны гомдол маш их ирж байна. Э.Бат-Үүл даргын үед олон ахмадыг оруулна гээд бичиг баримтыг авсан боловч засаг өөрчлөгдөөд зогсоолоо гэж байна. Хэзээ энэ асуудлыг шийдэх боломжтой вэ?

Улаанбаатар хотын захирагч С.Батболд:

Чингэлтэй дүүрэг дээр Асар-Өргөө, Буурал Сутай, Бармон, Эрэл гээд 4 талбар дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Монкон, Бармон 2-той гэрээгээ цуцалж дахин сонгон шалгаруулалт явуулна. Энэ жил Барилга, хот байгуулалтын багц дээр Чингэлтэй дүүрэгт сэлбэ төвийг түшиглэсэн сервис центрийн асуудлаар 5 тэрбумыг төсөвлөсөн.

Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж байгаа зээл тусламжийн хүрээнд БНХАУ-ын Ерөнхий сайд өнгөрсөн намар айлчлахдаа Монгол Улсад 50 сая төгрөгний буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон.

Тэр төсвөөр бид 1000 айлын орон сууц барья гэж Засгийн газартай тохирсон. Энэ орон сууц 40-60 м/кв-тай. 1000 айлын газрыг чөлөөлөөд дараачийн орон сууцыг барих замаар орон сууцны фонд бүрдүүлж явъя гэсэн байдлаар тохирсон.

Хот өөрөө бие дааж Азийн хөгжлийн банкнаас зээл аваад, өөрөө төлөхөөр нилээн олон төслүүд хэрэгжиж байгаа.

Сонгинохайрхан дүүрэг дээр 50 ортой, дэлхийн стандартад нийцсэн эмнэлгийн барилгын ажил эхэлнэ. Дээр нь нэмээд 5 эрүүл мэндийн төвийг барьж эхэлнэ.

Туркийн Станбул хоттой манай хот ах дүүгийн харилцаатай. Станбулаас манайд нэг диализийн төв, 10 өрхийн эмнэлэг барина гэснийг дүүргүүдэд жигд хуваагаад явж байна.

Дэнжийн мянгын цагаан байр энэ жилийн дахин төлөвлөлтөнд ороогүй. Бид байдлыг мэдэж байгаа. Ирэх жилээс дахин төлөвлөлтөнд орох бололцоотой байна.