Хоггүй хот, хариуцлагатай дүүргийн удирдлага байх үүрэг даалгавар өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 9 дүүргийн удирдлага болон тохижилтын компаниуд, сууц өмчлөгчдийн холбооныхонтой уулзаж, хог хаягдал, хот тохижилтын асуудлаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд дүүрэг бүрийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бичлэгийг холбогдох албаныханд үзүүлээд дүүргийн Засаг дарга нарын хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнг сонсов.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар
“Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргаж энэ сарын 20-ноос ирэх тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгон ажиллаж байна. Бямба гариг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж байгууллагууд өөрийн ажлын байрны орчны 50м талбайгаас гадна нийтийн эзэмшлийн хуваарьт газрыг тогтмол цэвэрлэж хэвшихийг даалгасан байгаа. Өнгөрсөн бямба гаригт их цэвэрлэгээнд нийт 30 байгууллагын 800 гаруй ажилтан, албан хаагч, 112 аж ахуйн нэгж, 300 иргэн хамрагдаж, 48481 м2 талбайн, 96,5 тонн хогийг түүж цэвэрлэсэн” гэв.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан
“Хоггүй Хан-Уул” аяныг энэ сарын 20-ноос ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж ажиллаж байна. Аяны хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа хороод, СӨХ, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн өмчит газруудын ажилтан албан хаагчдыг хамруулан бүх нийтийн их цэвэрлэгээ хийх тухай албан тоот, удирдамж, цэвэрлэгээний газрын байршлыг 917 аж ахуйн нэгж байгууллага, 5994 иргэнд хүргүүлж, гаднах орчны цэвэрлэгээг хийлгэж, хяналт тавьж ажиллалаа. Ингээд дүүргийн хэмжээнд нийт 917 аж ахуйн нэгж байгууллага, 5994 хүн оролцож 83.6 тонн хогийг цэвэрлэж, 29 рейсээр тээвэрлэсэн” гэлээ.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа
“Сүхбаатар дүүргийн хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын 17, 18-нд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Үүнд 400 иргэнийг тодорхой хэмжээгээр урамшуулж, хог цэвэрлэх багаж хэрэгслээр ханган ажиллуулсан. Цэвэрлэгээний явцад манай дүүрэгтэй хамтарч ажилладаг тохижилт үйлчилгээний 5 компанийн 37 машин, 2 ковш 90 рэйсээр 450 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна” хэмээв.
Бусад дүүргийн хувьд мөн адил хог цэвэрлэх аяныг өрнүүлж байгаа бөгөөд энэ ажилд санхүү, төсвийн хүндрэл тулгамдаж байгаа гэдгийг хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ
“ Дүүргийн дарга нар албан тасалгаанаасаа гарч, нутаг дэвсгэрээрээ явж, иргэдтэй уулзан, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ удаан, хөшүүн байгаа нь ажиглагдаж байна. Үүний тод илрэл бол та бүхэн сая үзсэн дүүрэг бүрт хуримтлагдсан “Хог”-ны асуудал. Төрийн байгууллагууд миний, чиний талбай, хариуцсан ажил гэж ажлаас бултаж, буруутныг хайхаас илүүтэй “Миний хот, миний дүүрэг, миний ажил“ гэсэн сэтгэлээр зүтгэж байж бид үр дүнд хүрнэ.
Цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд иргэд амьдрахыг хүсч байна. Иргэдийнхээ хүсэлтийг ажлаар хариулж, харуулах үүрэг нь дүүргийн дарга нарын ажил юм. Их хотын эзэн нь нийслэлийн Засаг дарга биш 1 сая 300 мянга гаруй иргэн. Иргэд юу хүсч шаардана, бид биелүүлэх учиртай. Гэхдээ шаардаж, шахуулахаас илүүтэй санаачлагатай ажиллахыг та бүхэнд хотын даргын хувьд үүрэгдэж байна. Түүнчлэн хаврын бүтээн байгуулалтын ажил өрнөхөд барилгын хог хаягдал, далан сувгийг чөлөөлөх, ахуйн хог хаягдлыг цэгцлэх гээд “Хог“ тойрсон асуудал ундарна. Асуудлаас зугтаж биш шийдэж явахыг та бүхэнд хэлье.
Дүүрэг бүр хариуцлагаа ухамсарлаж, төрийн өмнө, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. “Хоггүй хот-Хариуцлагатай төр” байх зарчмыг нийслэлийн удирдлага баримтална. Бодлогоо хэрэгжүүлж шаардлага тавьж, шахаж ажиллахын хажуугаар үүрэг даалгаврын биелэлтийг өөрийн биеэр очиж танилцана. Хуулийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно. Хог хаягдал, хот тохижилтын асуудалд хөндлөнгөөс хяналт тавьж байгаа төрийн бус 3 байгууллага Улаанбаатар хотын захирагчийн албатай гэрээтэй ажилладаг.
Энэ байгууллагууд үүргээ муу биелүүлж, хяналтаа сул тавьж байгаа учраас хог хаягдал цэвэрлэх, хот тохижилтын талаар хийж байгаа хөндлөнгийн хяналт муу байна. Тиймээс шаардлага гарвал гэрээг цуцалж, ажлаа сайн хийдэг төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулна. Газрын асуудалд хотын дарга хатуу байр суурь барина. Эзэмших, өмчлөх болохоороо “ Миний өмч” гэж гүйдэг иргэд , аж ахуйн нэгжүүд нийслэлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хог хаягдалаа цэвэрлэх ёстой.
Хог хаягдал, тохижилтонд нийслэлийн төсвөөс зарцуулж байгаа хөрөнгө буураагүй. Харин дүүргийн удирдлага, хот тохижилтын чиглэлээр ажилладаг төрийн болон хувийн өмчит компаниудын сэтгэл, зүтгэл дутаж байна” хэмээгээд хогг цэвэрлэ гэхээр хууль дүрэм рүү буруугаа чихэж, төсөв хөрөнгө нэхдэг байдлаа таслан зогсоож, төрийн өмнө, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг үүрэгдлээ. Мөн газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авчихаад хашаа хайс хатган, хог хаягдал овоолж байгаа иргэд аж ахуйн нэгжийн гэрээг цуцалж, хот өөрөө тухайн газарт ногоон байгууламж хийнэ гэдгийг санууллаа.
Дүүргүүдийн удирдлагуудтай хийх дараагийн уулзалтын сэдэв “Бүтээн байгуулалт” байх болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.