“Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого төлөвлөлт, тусламж үйлчилгээ” үндэсний чуулган
ЭМЯ, АХБ-ны хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”- 4 төслийн хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Корпорэйт зочид буудлын Конвэйншн төвд “Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого төлөвлөлт, тусламж үйлчилгээ” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгууллаа.
Тус чуулганд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Жендэрийн Үндэсний хороо, АХБ-ны төлөөлөл, Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4 төслийн Үндэсний зөвлөх Д.Мөнхөө нар болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төв, жендэр, хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хөгжил жендэр хариуцсан ажилтан Б. Цолмон нар чуулган нээж үг хэллээ.
Чуулганы үеэр “Жендэрийн эрх тэгш, байдлыг хангах тухай” Монгол улсын хууль, Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого төлөвлөлт, тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт сэдвээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат илтгэл тавьж, Жендэрийн эрх тэгш, байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, Эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлт, тусламж үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй болгох онол, арга зүйн зарим асуудал зэрэг сэдвүүдээр үргэлжилсэн.
Оролцогчид бүлгээр ажиллаж Эрүүл мэндийн салбарын Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах төлөвлөгөө, зөвлөмжийг боловсрууллаа.