2016.09.29
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл хэрэгжинэ
Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан хамтран санхүүжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн албан ёсны нээлт өнөөдөр "Туушин Бэст Вэстэрн" зочид буудлын Соёмбо танхимд боллоо.
Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар төслийг нээж үг хэлж, төслийн баримт бичигт гарын үсэг зурж, үүнд Гадаад харилцааны яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид байлцав.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ МУ-ын Засгийн газар "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барьж, ирэх сарын эхээр эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхэнд хэлэлцүүлэн батлах болсон энэ цаг үед төсөл хэрэгжих гэж байгаа нь онцгой ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв.