Бүхий л салбарт хэрэглэгч буюу иргэний эрх зөрчигдөж байна
2017.03.13

Бүхий л салбарт хэрэглэгч буюу иргэний эрх зөрчигдөж байна

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохилдуулан Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ чиг хандлага-2017” зөвлөлдөх уулзалтыг энэ оны 3 дугаар сарын 10 өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Тус зөвлөлдөх уулзалтанд Монгол Улсын Шадар сайд, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож хэрэглэгчийн төлөө явуулсан үйл ажиллагааны талаарх мэдээлэлээ өгч цаашид энэ чиглэлээр хийх ажлуудаа танилцуулсан байна.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тус зөвлөлдөх уулзалтанд оролцож дараах байр суурийг илэрхийлээ.

“Энэхүү арга хэмжээнд төр болон төрийн байгууллагууд онцгой анхаарч Монгол Улсын Шадар сайд тодорхой шийдвэр гаргаж байгаад МҮЭ-ийн холбоо эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Өмнө нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг нийгэм даяараа шүүмжилж хүлээн авдаг байсан. Харин өнөөдөр хэл ам хийдэг хүмүүс болон байгууллагын ажил гэсэн ойлголт, чиг хандлага бүхэлдээ өөрчлөгдөж байна. Энэ зөвлөлдөх уулзалт цаг үеэ олсон,  улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд тэр хэмжээгээр иргэд, хэрэглэгчийн аж амьдрал хүндэрсэн цаг үед зохион байгуулагдаж байгаараа онцлог юм.  Энэ ч утгаараа иргэд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах  ажил онцгой ач холбогдолтой.  Өнөөдөр бүхий л салбарт хэрэглэгч буюу иргэний эрх зөрчигдөж байна. Хэрэглэгч хохирсон хохирлоо барагдуулах, эрхээ сэргээлгэх асуудал дээр илтгэл алдарч байна. Тэгэхээр хэрэглэгчийн чиг хандлага, өөрсдийнх нь идэвхтэй оролцоог дээшлүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн учирсан хохирлыг нөхөн төлөх, төлүүлөх асуудал дээр төр болон төрийн бус байгууллагууд хамтын хүчээр ажиллах хэрэгтэй байна.  Хэрэглэгчийн тавьсан санал хүсэлтэнд хариу өгдөг төрийн байгууллага маш ховор болсон. Энэ асуудлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэж, хэрэглэгчдэд мэдээлэл өгч байх шаардлагатай байна. Төгсгөлд нь хэлэхэд  Монголын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагыг МҮЭ-ийн холбоо сонирхогч бусад байгууллагуудтай анх удаа зах зээлд орсноос хойш хамтдаа байгуулсан гэдгийг Олон услын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр онцолж хэлмээр байна” гэлээ.

Энэхүү зөвлөлдөх уулзалтанд оролцогчдоос хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг, оролцоог идэвхжүүлэх, үйл ажиллагааны давхардлыг арилгах, эдийн засгийн хямралын үед хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд онцгойлон анхаарал хандуулах чиглэлээр Зөвлөмж гаргалаа.