Ээлжит чуулганаар төсвийн тодотгол болон дагалдах асуудлуудыг хэлэлцэнэ
МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн мягмар гаригт хуралдах үеэрээ УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахгүй байх шийдвэрт хүрчээ. Ингэснээр ирэх дөрөвдүгээр сарын 5-наас нааш УИХ хуралдахгүй болж буй юм.
Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээр хийснээр Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдах тохиролцоонд хүрсэн. Уг хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар долоон төрлийн татвар нэмэгдүүлэх шаардлагатай болж буй. УИХ эцсийн шийдвэр гаргах ёстой.
Тодруулж хэлбэл, УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, мөн татвартай холбогдох төслүүдийг хэлэлцэн баталсны дараа Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах эсэхийг шийдэх ёстой.
УИХ 2017 оны төсвийн төслийг хэлэлцээгүй цагт Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах асуудал ч хойшлох болж буй.
Эх сурвалжаас өгсөн мэдээллээр бол УИХ энэ гурван сардаа багтаагаад 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулаад баталчихвал Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монголын асуудлыг шийдэх боломж байгаа юм.
МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахгүй байх шийдвэрт хүрсэн нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас зайлсхийж байна уу гэх хардлагыг ч давхар дагуулж эхэллээ.