“Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр ба Монголын хувийн секторт үзүүлэх нөлөө” сэдвээр хэлэлцэнэ
2017.03.13

“Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр ба Монголын хувийн секторт үзүүлэх нөлөө” сэдвээр хэлэлцэнэ

Монголын Бизнесийн Зөвлөлийн сарын хурал өнөөдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд 17 цагаас болно. Ээлжит хурлыг уламжлал ёсоор Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан нээж үг хэлэх бөгөөд хурлын эхэнд зөвлөлд шинээр элсэж буй гишүүдийг танилцуулах юм.

Илтгэл, хэлэлцүүлэг

Сарын хурлын хоёр дахь хэсэг илтгэлээр үргэлжилнэ. Энэ удаад “Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн хэрэгжилт” сэдвээр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Лантри, “Арбитрын тухай хуулийн шинэчлэл” сэдвээр “Hogan Lovells” ХХК-ийн хуулийн зөвлөх, Монголын Бизнесийн зөвлөлийн Хууль зүйн ажлын хэсгийн ахлагч Антони Вүүдлэй нар илтгэл танилцуулна.

Монголын Бизнесийн Зөвлөл сарын хурлаараа өнөөгийн нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлыг хөндөн тавьж, улмаар салбарын төлөөллийг урьж, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Тэгвэл энэ удаагийн хэлэлцэх асуудал нь “Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр ба Монголын хувийн секторт үзүүлэх нөлөө” байх юм.

Хэлэлцүүлгийг нийтлэлч, эдийн засгийн тоймч Д.Жаргалсайхан удирдах бөгөөд хэлэлцүүлэгт Монгол банкны тэргүүн дэд захирал Б.Лхагвасүрэн, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакер, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон нар оролцоно.

Шинэ гишүүд

- Олон улсын тээвэр зуучлал, логистикийн салбарт 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Азийн зам ХХК

- Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхийн жуулчдыг Монголд татах зорилготойгоор 2004 онд байгуулагдсан “Discover Mongolia” бүс нутгийн аялал жуулчлалын эксперт

- Дэлхийн 90 гаруй оронд 2000 гаруй агент сүлжээтэй, тээврийн бүх төрлийн хэрэгсэл ашиглан логистикийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэгч, тус салбарт 20 жилийн туршлагатай Ландбридж ХХК

- Бээжин, Брюссель, Чикаго, Лондон, Лос Анжелес, Нью-Йорк, Вашингтон хотуудад төвтэй, 500 хуульч, мэргэжилтнийг эгнээндээ нэгтгэсэн, бизнесийн томоохон хэлцэл, Засгийн газар, түүний харьяа агентлагуудтай хамтран ажилласан туршлагатай, арбитрын цогц үйлчилгээ үзүүлэгч “Steptoe&Jonhson” хуулийн фирм

- 48 жилийн туршлагатай, портфолио менежмент, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, ашгийн бус, гишүүнчлэлтэй ТББ болох “PMI”-ийн Монгол дахь салбар

- Жиу жицу бөхийн спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадвар, амжилтыг дээшлүүлэх зорилгоор 1997 онд байгуулагдсан Монголын Жиу-жицугийн холбоо