Инноваци, инноваци бас дахин инноваци
УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.03.17

Инноваци, инноваци бас дахин инноваци

Тэрээр Шинжлэх ухаан, технологийн сангийн дэргэдэх Инновацийн үзэсгэлэнгийн танхимын үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ үеэр эрдэмтэд өөрсдийн хийсэн шинэ бүтээл, технологийн шийдлийг танилцуулсан бөгөөд оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар талууд харилцан санал солилцжээ.

Шинжлэх ухаан, технологийн сангийн дэргэдэх Инновацийн үзэсгэлэнгийн танхимын үйл ажиллагаатай танилцах үеэр

Тухайлбал, дэлхийн нефтийн нөөц 50 гаруй жилийн дараа, нүүрсний нөөц 120 жилийн дараа дуусна. Үүнээс урьтаж, шар буурцагнаас түлш гарган авах нь чухал бөгөөд энэ бол өндөр технологийн жишээ болохыг Н.Учрал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Шинжлэх ухаан нь мөнгөөр мэдлэг бий болгодог бол инноваци нь мэдлэгийг мөнгө болгохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, шинэ санаа, шинэ технологийг эдийн засгийн эргэлтэд оруулан баялаг болгох бүхий л үйл явцыг инновацийн хүрээнд ойлгож болно” гээд Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг сайжруулах, тодорхой болгох хэрэгтэй байна гэв.

Н.Учрал уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хоёр тулгууртай, эмзэг эдийн засагтай байсаар байх уу гэдэг асуудлыг хөндөн тавьж, үйлдвэрлэлд инноваци нэвтрүүлэхийн чухлыг олон нийтэд тайлбарлан таниулж, энэ асуудлыг бодлогын түвшинд авч үзэхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна. 

Түүний хувьд залуу улстөрч, парламентын гишүүн гэдэг утгаараа инновацийн тухай ярьж, энэ асуудлыг барьж авсан нь оновчтой бөгөөд ойрын хэдэн жилдээ тууштай ажиллаж байж зүгшрэх, цаашлаад орчин үетэйгээ байнга хөл нийлүүлж алхахад нь томоохон дэм болох юм.