Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
2017.01.05

Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах үйл ажиллагааг Хөдөө аж ахуйн их сургуульд зохион байгууллаа.

Тус Байнгын хорооноос Инновацийн хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал ийнхүү ажиллав. УИХ-ын гишүүн Д.Гантулга болон ажлын хэсгийн бусад гишүүд хамт байлцсан юм.

ХААИС-ийн талаас сургуулийн удирдлагууд болон тус сургууль дээр байрладаг Инноваци бизнес хөгжлийн төвийн захирал Б.Мөнхбат, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гарааны компаниудын захирлууд, хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх судлаачид оролцлоо. 

Эхлээд ХААИС-ийн талаар танилцуулгыг сургуулийн захирал Т.Хэрууга хийлээ. Тус сургууль нь бүрэлдэхүүний 5 сургууль, үндэсний эрдэм шинжилгээний 4 хүрээлэн, туршилт үйлдвэрлэлийн 10 нэгжтэй үйл ажиллагаа явуулдаг манай улсын томоохон сургууль бөгөөд байгуулагдсанаасаа хойш 28783 хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэжээ.

Захирлын танилцуулгад дурьдсанаар тус сургууль өнгөрсөн хугацаанд 500 инновацийн бүтээгдэхүүн гаргасан байна. Мөн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилт, судалгаа хийхэд шаардлагатай лаборатори нэмж байгуулан, инновацийн бүтээгдэхүүний судалгааг дэмжих сан бий болгож, эрдэмтэн судлаач, багш нарынхаа хийсэн судалгааны бүтээлд урамшуулал олгодог болжээ. 

Дараа нь Инноваци бизнес хөгжил төвийн захирал Б.Мөнхбат танилцуулга хийж, төвийнхөө үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн. Тус төв анх ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын гаргасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой байгуулагджээ. Тэрбээр Инновацийн тухай хууль гаргаж, инновацийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх талаар хүчтэй ярьж буй энэ үед аливаад үүнийг хавсарга маягаар авч явахгүй, бие даасан байдлаар явуулах бодлого баримтлах нь үр дүнд хүргэнэ гэж танилцуулгадаа дурьдлаа.

Гарааны зарим компанийн захирлууд, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны бүтээлийг нэвтрүүлэх төвийн захирал зэрэг хүмүүс мөн үг хэлсэн. Тэдгээр хүмүүс Инновацийн тухай хуулийн хэрэгжилт, амьдрал дээр зохицуулалтгүй байгаа асуудлууд, тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл өгөв.

Үүний дараа УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга нар үг хэллээ.

Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Маш тодорхой мэдээлэл өгсөн эрдэмтэн багш, судлаачдадаа юуны өмнө талархал илэрхийлье.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гарсан ажлын хэсэг маш өргөн бүрэлдэхүүнтэй. Ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу ажлаа эхэлж, өнөөдөр энд ажиллаж байна. Ажлын хэсгээс гадна УИХ-д инновацийн үйл ажиллагааг дэмжих, манлайлах лобби бүлэг байгуулагдсан. Уг бүлэгт бүх байнгын хорооноос гишүүд орсон бөгөөд ажлын хэсэг энэ бүлэгтэйгээ хамтарч ажиллаж байна.

Ажлын хэсэг Инновацийн тухай хууль гарсны дагуу үйл ажиллагаа явуулж, бизнес эрхэлж байгаа хүмүүс, эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсож, цаашид юу хийж хэрэгжүүлэх шаардлагатай талаар Байнгын хороонд дүгнэлтээ танилцуулна. Дараа дараагийн ажил нь байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх, мөн шаардлагатай бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрэм журам гаргах, бусад байдлаар дэмжлэг үзүүлэх зэрэг  өргөн хүрээнд өрнөнө. Та бүгдийн ярианаас ХААИС-ийг түшиглэсэн 14 гарааны компани байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгааг сонсоход таатай байна.

Мөн Инноваци бизнес хөгжлийн төв ажилладаг нь маш чухал. Ректорын илтгэлд гарснаар сургууль санхүүжилтийн орлогоо дан ганц сургалтын төлбөрөөр бүрдүүлэх бус эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн орлогоос 50 хүртэл хувийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь цаг үеэ олсон дэвшил юм. Та бүхнээс амжилттай яваа ажлаас гадна тулгарч буй бэрхшээл, саад зэрэг бодит байдлаа ил тод, нээлттэй танилцуулаарай гэж хүсч байна, бид ч шийдүүлэхийн төлөө ажиллана” хэмээлээ.

Ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга “Ирэх сарын 03-ны дотор ажлын хэсгийн дүгнэлт гарч, Байнгын хороонд танилцуулна. Байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө ажлын хэсэгт мэдээллээ сайн өгөөрэй. Заавал биеэр уулзаж ярилцахаас гадна танилцуулгаа бичгээр ирүүлээрэй. Гарааны компаниудын үйл ажиллагаатай сайн танилцъя гэж бодож байна. Гарааны компаниуд үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнээ иргэдэд маш сайн сурталчилж таниулах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэдэг давуу талаа сайн сурталчлах нь үр дүнд хүргэнэ” гэж хэлэв.

Үүний дараа гарааны компаниудын захирлууд үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй бэрхшээл, цаашид төрөөс ямар чиглэлд дэмжлэг үзүүлэх шаардлагатай талаар санал бодлоо хэллээ.

Гарааны компаниуд ХААИС- ийг түшиглэж байгуулагдсан ч тус сургуулиас ямар ч хөрөнгө оруулалтын дэмжлэг авдаггүй, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч мөнгө босгон үйл ажиллагаа явуулдаг гэв.

Амжилттай яваа компаниудын нэг “Гарааны Монгол экологийн бордоо” ХХК-ийн захирал Ч.Батбаяр “Манай компани малын бууц, шувууны сангасыг үйлдвэрийн аргаар боловсруулж жилд дунджаар 30-50 мянган тонн эрдсийн болон үрлэн бордоо гаргадаг. Түүхий эдийг мэдээж дотоодоосоо авдаг. Түүхий эдийн шавхагдашгүй нөөц байна. Төрөөс хүсч буй зүйл бол борлуулалтыг дэмжиж өгөх. Борлуулалтад саад болж буй зүйл бидний хувьд тендер байдаг. Тендер зарлаад нэг нөхөр ялахад Хятадаас бордоо оруулаад ирдэг, бид зогсдог. Тиймээс төр анхны гарааны компаниудаа бойжиход дэмжээд өгөх хэрэгтэй байна” гэж ярилаа.

Харин шингэн шилний үйлдвэрлэл эрхэлдэг “ЖГБ Силикат” ХХК-ийн захирал  Б.Итгэл “Цементтэй хольж барилгад ашигласнаар барилгын чанарыг бат бөх болгодог шингэн шилний зах зээл манай улсад маш өргөн  боловч бид борлуулалтаа хийхэд хүндрэлтэй тулдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай барилгын компаниуд гэхэд тухайн улсаасаа бүтээгдэхүүнээ авах урт  хугацааны гэрээтэй гээд бидний борлуулалтын саналыг хүлээж авдаггүй. Дотоод зах зээлдээ бид ийм байдлаар нэвтэрч чаддаггүй учир үндэсний үйлдвэрлэлээс гарч буй инновацийн бүтээгдэхүүнийг худалдаж авах эрх зүйн зохицуулалт шаардлагатай. Мөн инновацийн бүтээгдэхүүн худалдан авч ашиглаж буй компаниудыг татварын бодлогоор дэмжих, урамшуулдаг болсноор бид борлуулалтаа хийхэд эерэгээр нөлөөлөх боломж бүрдэнэ” хэмээн ярив.

Энэхүү уулзалтын дараа ажлын хэсгийн ахлагч Н.Учрал болон ажлын хэсгийн гишүүд гарааны компаниуд болон туршилт судалгааны лаборатори, хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн сэлбэгийн үйлдвэрлэл эрхэлдэг “Гарааны Хаан маш”, экологийн цэвэр био нүүрс үйлдвэрлэдэг “Гарааны Био нүүрс”, мал эмнэлэг, биотехнологийн судалгаа, сургалт,  зөвлөгөө, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гарааны Монбиотек”, мал эмнэлгийн шинэ эм бэлдмэл үйлдвэрлэх, бэлдмэлийн технологи нэвтрүүлэх, мал амьтны эмийн үйлчилгээнд мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гарааны Рецептер”, лабораторийн оношлуурын үйлдвэрлэл эрхэлдэг “Гарааны Праймер” зэрэг компанийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаа болон, бусад гарааны компаниудын үйлдвэрлэн гаргасан инновацийн брэнд бүтээгдэхүүний дэлгүүрийг үзэж сонирхлоо.

Эцэст нь Инновацийн бизнес хөгжлийн төвийн барьж буй дөрвөн давхар барилгын ажилтай танилцсан. Тус төв ХААИС дээр нэг жижиг өрөөнд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд цаашид тусдаа байртай болсноор гарааны компаниудаа уг байрандаа оруулж, үйл ажиллагаагаа улам хөгжүүлэх зорилго тавьж буй юм байна. Байрыг ашиглалтад оруулахад шаардагдаж буй 200 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхэд УИХ-аас тэд дэмжлэг хүслээ