Д.Тэрбишдагва: Ээлжит бус чуулган хуралдах эсэх талаарх мэдээлэл ирүүлээгүй байна
Герман улсад мэргэжил эзэмшсэн мянган төлөөлөгч энэ сарын 17-нд чуулахаар болжээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өчигдөр энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр түүнээс цаг үеийн зарим асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.
-Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Үүнтэй холбоотойгоор сар шинийн дараа ээлжит бус чуулганыг хуралдуулна гэх хүлээлттэй байсан ч хаврын чуулган болтол хуралдахгүй гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Миний хувьд Герман улсад албан ажлаар явж байгаад яаралтай ирээд байна. Шалтгаан нь мэдээж таны асуусанчлан ээлжит бус чуулганыг удахгүй хуралдуулна гэж ойлгосон. Германы Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн бол миний сайн нөхөр байгаа юм. Тиймээс цаг авч байгаад түүнтэй уулзъя гэж бодож байсан ч ээлжит бус чуулган хуралдана шүү гэж зар ирүүлсэн учраас эргээд ирлээ. Гэтэл ямар шалтгаанаар ээлжит бус чуулган хуралдуулахыг болиулсныг сайн ойлгохгүй л байна. ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ сард хуралдана гэсэн. Үүнээс өмнө бид асуудлаа ярьж бүх зүйлийг тодорхой болгох, үүний тулд ээлжит бус чуулганыг хуралдуулах ёстой. Ингэхээс ч өөр аргагүй. Учир нь, бид чинь дэлхий нийтийн өмнө ОУВС-гаас зээл тусламж авахаар боллоо гээд зарлачихсан. Үүний дагуу бусад улс оронтой ч ярьж хөөрсөн зүйл бий.
-Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлөх нь нэн тэргүүнд тулгамдаад байсан асуудал. Харин энэ өрийг Хуралдай бондоор төлөхөөр болсон учраас тайвширчихлаа гээд байна л даа. Түүнчлэн энэ бондын хүүг өндөр гэж байна. Гэтэл үүнээс өөр гарц байсан юм уу?
-Чи ч,би ч яах билээ гэдэг шиг л юм болж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид эхний ээлжид Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам.долларыг төлөхгүй бол Монгол Улсын нэр хүнд дэлхий нийтэд яаж унах вэ гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Нөгөө талаар өмнө авснаасаа өндөр хүү төлж байгаа нь манайд мэдээж алдагдалтай л даа. Өнөөдрийн байдлаар манай улс нийт 24 тэрбум ам.долларын өртэй байна. Гэтэл түүнээс хэчнээн хэмжээнийх нь Засгийн газар, Монголбанкны өр билээ, хүүнд хэдийг төлдөг билээ гээд бодохоор хүүгийн нэг хувь ч гэсэн нэмэгдсэн. Энэ нь мэдээж манай улсын эдийн засагт хохиролтой. Тийм учраас ямар ч байсан олон улсын хэмжээнд нэр хүндээ сайжруулах үүднээс Хөгжлийн банкны өрийг төлье гэж бодож байх шиг байна.
Үүний дараагаар өндөр хүүтэй зээлийг аль болох багасгаж л ажиллах хэрэгтэй. Бид өөрсдөө Монгол Улсынхаа эдийн засгийг буюу жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Ингэж байж Монголын эдийн засагт өсөлт гарна. Гадагш гаргаж буй түүхий эдийн үнэ өртөг ч өсөөд байгаа юм байна. Хамгийн гол нь улс төр нь тогтвортой байгаа юм байна гэдэг ойлголтыг гадаад талдаа өгч шал магадгүй Цаашдаа гадна дотноос босгож байгаа зээлийн хүү буурахыг үгүйсгэхгүй. Тийм учраас бид хоорондоо эв найртай, том зорилготой л ажиллах нь чухал.
-ОУВС-гийн хөтөлбөрөөсхэрвээ ухрах нөхцөл үүсвэл яах вэ, ийм боломж байжболох уу?
-Миний хувьд ОУВС-гийн хөтөлбөрөөс ухрах гарцыг ерөөсөө харж чадахгүй байгаа. Яагаад гэвэл, бид чинь ОУВС- гийн дэмжлэгээр эдийн засгийн хямралаас гарч зээл тусламж авна гэдгээ зарлачихсан. Сая миний бие Германд айлчлахад ч гэсэн “За нөхөд минь ОУВС-гийн зүгээс манай улсад 440 сая ам.долларын боломжийг нээж өгч байна. Азийн хөгжлийн банк, Япон, Солонгосоос ч гэсэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байгаа.
Харин та нар маань ч бас дэмжлэг үзүүлэх учиртай шүү" гэж хүртэл ярьчихаад ирж байна шүү дээ. Гэтэл энэ хөтөлбөрөөс ухарна гэвэл утгагүй юм болж таарна. Гэхдээ миний хувьд энэ хөтөлбөрөөс ухарна гэж бодохгүй байгаа. Энэ хөтөлбөрөөс ухрах гарцыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож тайлбарлах хүн байх шиг байна. Гэтэл хэрвээ ингэж тайлбарлаж байгаа юм бол юуны тулд, ямар шаардлагаар вэ гэдгийг нь би ойлгохгүй байна, Монгол Улсын эдийн засаг бол Ерөнхийлөгчийн сонгууль юм уу аль эсвэл улс төрийн болон орон нутгийн сонгуультай холбогдох ёсгүй.
Эдийн засгийг улс төрөөс тусдаа байлгаагүйтэй холбоотойгоор л бид өнөөдөр ийм хүнд байдалд орчихсоныг хэн хүнгүй мэдэж байгаа байлгүй дээ. Тийм учраас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор энэ хөтөлбөрөөс ухрах зүйл гарахгүй байх. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуультай, сонгуульгүй Монгол Улсын өмнө үүссэн нөхцөл байдлыг ард түмэн ойлгож байгаа. Бид өнөөдөр 24 тэрбум ам.долларын өртэй байхад ийм нөхцөл байдлаас яаж гарах тухай ярих ёстой шүү дээ. Тэртэй тэргүй нэг л хүн Ерөнхийлөгч болж таарна биз дээ. Үүний төлөө Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсад алдагдуулах үйл ажиллагаа хийж болохгүй гэсэн байр суурьтай байна.
-ОУВС-гийнхан ирэх сарын 10 хүртэл манай улсыг хүлээнэ. Тийм учраас хаврын чуулганыг эхлүүлэнгүүт улсын төсөвт тодотгол хийх боломжтой гэдэг тайлбарыг зарим гишүүн өгч байгаа. Төсөвт тодотгол хийхэд энэ хэр боломжтой хугацаа вэ?
-Төсөвт тодотгол хийхээр бол одооноос л ажлаа эхлэх ёстой. Ер нь аливаа ажлыг цаг хугацаанд шахаж хийхээр алдаа дутагдал гарчих гээд эсвэл болохгүй зүйл хийчих гээд байдаг талтай. Богино хугацаанд шахаж хийсэн ажил эсвэл том баяр ёслол буюу Цагаан сар, шинэ жил, наадмын өмнө хууль гаргаад байх нь нэг л биш болчихоод байдаг юм, миний харж байгаагаар. Тэгэхээр аль болохоор эртхэн шиг төсвийн тодотголоо хийх ёстой гэж үзэж байгаа юм.
Эсвэл тавхан хоногийн дотор төсвөө тодотгоно гэж байгаа бол УИХ-ын гишүүдэд урьдчилсан байдлаар сайн тарааж өгөөд, Байнгын хороодыг хуралдуулж байж болно шүү дээ. Заавал ирэх сарын 5-нд хаврын чуулганыг эхлүүлж байж Байнгын хороодыг ажиллуулна гэсэн зүйл байхгүй. Цаг шахуу байгаа бол эхлээд Байнгын хороодоо хуралдуулж байж болно. Ер нь бол УИХ завсарлаагүй юм шүү дээ. Чуулганыг хаачихаар хүмүүс завсарлалаа, бүгдээрээ амрах нь гэж ойлгодог. Угтаа бид энэ үеэр ард түмэнтэйгээ ажиллах, байнгын хороодын ажил үргэлжлэх ёстой.
-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад ээлжит бус чуулган зарлахгүй байхаар тохирсон гэх мэдээлэл гараад байгаа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Миний хувьд Германд явж байгаад өнгөрсөн ням гаригт ирсэн. Тиймээс Удирдах эөвлөлийн хуралд сууж амжаагүй учраас мэдээлэл авч амжаагүй байна.
-Ээлжит бус чуулган хуралдахгүй гэх мэдээллийг УИХ-ын гишүүдэд албан ёсоор хүргүүлээгүй байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Надад энэ талаар одоогоор ямар ч мэдээлэл алга. Сэтгүүлчдийн зүгээс л ээлжит бус чуулганыг хуралдуулахааргүй болж байх шиг байна гэдэг мэдээлэл өгч байгаа учраас та нартай адилхан мэдээлэлтэй байна. Ямар ч байсан ээлжит бус чуулган хуралдах эсэх талаар бидэнд ямар ч мэдээлэл ирүүлээгүй. Тийм учраас ээлжит бус чуулган хуралдах байх гэсэн хүлээлттэй л байна.