МБЗ: Бизнесийн байгууллагууд агаарын бохирдлыг бууруулахад чухал түлхэц болж чадна
2017.03.09

МБЗ: Бизнесийн байгууллагууд агаарын бохирдлыг бууруулахад чухал түлхэц болж чадна

Бизнесийн байгууллагууд агаарын бохирдолтой тэмцэх зөвлөмж

Энэхүү зөвлөмжийн гол зорилго нь компаниудын удирдлагууд агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг тодорхойлж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Нэн даруй авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ:

Агаарын бохирдлын талаарх мэдлэгийг ажилчиддаа олгох, мэдээлэх, зочин илтгэгч/мэргэжилтэн урих, энэ талаар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ мэдээлэл солилцсон ажилтнуудыг дэмжин урамшуулах, шийдлүүдийн талаар хэлэлцэх. Дараах сэдвээр хэлэлцэж болно. Үүнд,

- Агаарын бохирдлоос үүдэх хохирол, хамгаалах арга хэмжээ

- Эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний хэмнэлт

- Гэр доторх агаарын чанар (тамхи таталт)

- Хүүхдийг хөхөөр хооллох болон эрүүл хооллох

- Тээврийн хэрэгслийн яваагүй үеийн утаа хаялт, засвар үйлчилгээ

Ажиллах орчин:

- Барилга/албан байрны эрчим хүчний хэрэглээг бууруулах замаар эрчим хүчний үр ашиг/хэмнэлтийг бий болгох

- Мод тарьж арчлах, агаар цэвэршүүлдэг ургамал тасалгаандаа тарьж, ургуулах

- Дотор агаарын бохирдлыг бууруулахад агаарын шүүлтүүр, цэвэршүүлэгчийг ашиглах

- Хяналтын төхөөрөмж суурилуулах

Үйл ажиллагаатай холбогдох арга хэмжээ:

- Компанийн тээврийн хэрэгслүүдийн утаа хаялтыг бууруулах зорилгоор үйлчилгээг тогтмол хийх

- Хөдөлгүүрийг яваагүй үед унтрааж, хий ажиллуулахгүй байх, энэ тухай жолооч нартаа хатуу сануулах

- Машин хамтран ашиглах /carpooling/

- Агаарын бохирдолтой үед ажилтнууд шүүлтүүртэй маск өмсөж байх

Нийгмийн хариуцлага:

- Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах асуудалд анхаарах

- НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгаа газруудад түлхүү анхаарч, тэднийг хамгаалахын тулд агаарын бохирдол хамгийн ихтэй дүүрэг, хороодын цэцэрлэг, сургуулиудад агаар шүүх төхөөрөмжүүд болон цахилгаан халаагуур олгох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг дагах

- Агаарын бохирдлын талаарх ойлголтыг бэхжүүлэх компанит ажил, уралдаануудыг зохион байгуулах