“Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү
2017.01.27

“Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүүг хүлээн авч уулзлаа.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч энэ үеэр тус төрийн бус байгууллагаас санаачилан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлээд МҮЭ-ийн холбооны зүгээс энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.

Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай Зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс МҮЭ-ийн холбооны зүгээс холбогдох ҮЭ-ийн холбооны удирдлагуудад агаар, ус, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, хууль эрх зүйн болон стандартын шаардлагыг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 1000 орчим байгууллага тус бүр үйлдвэрчний эвлэлийн хороотой. Иймээс ҮЭ-ийн холбоод анхан шатны байгууллагуудтай жил бүр байгуулдаг хамтын хэлэлцээрт дээрх асуудлыг тусгах чиглэлийг мөн өгсөн байна.

Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Улаанбаатар хотын захирагч болон ажил олгогч эзэдтэй байгуулах хамтын хэлэлцээрт  агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, энэ чиглэлээр ҮЭ, иргэдийн хяналыг сайжруулах, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээг шуурхай зохион байгуулах асуудлыг тусгахаар МҮЭ-ийн холбоо саналаа хүргүүлсэн байгаа аж.

Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү “МҮЭ-ийн холбоо аав, ээжүүдийн санаачилсан энэ ажлыг дэмжиж байгаад талархал илэрхийлье. Бидэнтэй урлаг соёлынхон болоод олон байгууллага, хувь хүн дэмжин хамтран ажиллаж байгаа. Хүмүүс дулаан цаг ирэхээр утааны асуудлыг мартчихдаг.

Гуравдугаар сараас эхлээд бид хөрсний бохирдлын асуудлыг хөндөж тавих болно. Төр засагт иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлөөр хангахад шаардлагатай хийж болох бүхий л асуудлаар бид дуу хоолойгоо хүргэх болно. Энэ ч үүднээс энэ сарын 28-нд тайван байдлаар жагсаал зохион байгуулах гэж байна” гэлээ.