2017.01.10

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛ

                                                                                          Улаанбаатар хот

2017 оны 01 дүгээр  сарын 10-ны өдөр                                                                                       Дугаар 01         

ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаан 2017.01.10-ны 09:30-12:12 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болов.

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ: Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай.

ИЛТГЭГЧ: Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулга (хавсралт 3), Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нэмэлт мэдээлэл (хавсралт 4) хийнэ.

ОРОЛЦСОН ХҮМҮҮС: ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаанд уригдсан болон оролцсон хүмүүсийн жагсаалтыг хавсаргав (хавсралт 1).

ХЭЛЭЛЦСЭН НЬ:

Хуралдааныг нээж ҮАБЗ-ийн Тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Энд хүрэлцэн ирсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, уригдсан хүмүүсийн энэ өглөөний амгаланг айлтгая. 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ҮАБЗ-ийн хуралдааныг нээж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал”-ыг авч хэлэлцэхээр тохирсон байгаа. Энэ хуралдааныг бид нилээн удаан хугацаанд ярьж бэлдэж, төр засгийн хэмжээнд ч тэр олон нийтийн хэмжээнд ч тэр ярьж хэлж байгаа хуралдаан байгаа юм. Тийм учраас өргөтгөж хийе, өргөн бүрэлдэхүүнтэй хийе гэж үзсэн. Улсын Их Хурлын зүгээс УИХ-ын дарга, дэд дарга, бүлгийн дарга нар, байнгын хороодын дарга нар уригдсан байна. Мөн орчны бохирдлын асуудлаар шууд ажилладаг Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хороо, Агаарын бохирдлын асуудал эрхэлсэн дэд хорооны гишүүд, УИХ-ын даргын зөвлөх гээд хүмүүс уригдсан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын протоколд энэ ирцийн мэдээлэл багтаж үлдэх учраас би танилцуулж байгаа юм. Засгийн газраас Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын зарим яамдын сайдууд нэр цохож уригдсан байгаа.

ҮАБЗ-ийн Ажлын албаны ажилтнууд, мэргэжилтнүүд байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлага, зөвлөхүүд байна. Яам агентлагаас агаар, орчны бохирдлын асуудлаар ажиллаж байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа, үүрэг хүлээсэн тодорхой нэр бүхий хүмүүсийг урьсан байгаа.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, мөн нийслэлийн хурлын бүлгийн дарга нар, бусад асуудал хариуцсан хүмүүс энд уригдсан байгаа.

Орон нутгаас тодорхой төлөөллийг энд урьсан, бизнесийн төлөөллөөс хүмүүсийг урьсан байгаа. Шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулийн төлөөллийн хүмүүс бий. Монголд ажиллаж байгаа олон улсын байгууллагад энэ асуудлаар хамтарч ажилладаг Монгол Улсын иргэн ажилтнууд уригдсан байгаа. Төрийн бус байгууллагын төлөөлөл уригдсан, хэвлэл мэдээллийн байгууллагын тодорхой ажилтнууд уригдсан байна.

Ийм хэмжээнд бид өнөөдрийн тулгамдсан асуудлыг авч ярилцаж, чиг зүгээ гаргаж замын зургаа тодорхойлж, эргэж буцалтгүйгээр асуудлыг цогцоор нь ярилцах шийдлээ гаргах цаг болжээ гэж үзсэн учраас өнөөдрийн хуралдааныг ийм бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх гэж бодож байна.

Нийслэлийн утааны асуудал гэж бид яриад байгаа, утааны асуудал гэхээсээ илүү агаар, орчны бохирдлын асуудлыг хамтад нь ярихаас өөр аргагүй болчихоод байгаа юм. Агаарын бохирдол, хөрс, усны бохирдол, нийслэлд байгаа аюултай хог хаягдлаас үүссэн бохирдол, ингээд авч үзэх юм бол агаар, орчны бохирдлыг цогцоор нь авч үзэхээс өөр боломжгүй.

Энэ орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн, эндээс хохирохгүй хүн байхгүй, нийслэл хотод амьдарч байгаа бүх хүн, иргэд маань хохирч байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. Үндсэн хуулиараа бидний тунхагласан амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал энд бүрэн утгаараа хөндөгдөж гарч байгаа юм. Нийт гурван хүн тутмын нэгний асуудал. Дээр нь нэмж хэлэхэд төв суурин газар амьдарч байгаа бүх иргэдийн асуудал яригдаж байгаа юм. Тийм учраас өнөөдөр шийдэл ярина, шийдээд хэрэгжүүлэх тухай ярилцая гэж ҮАБЗ-ийн түвшинд тохирсон, энэ дагуу цуглаж байна.

Өнөөдөр энд ярьж байгаа нь өнөөдөр гэнэт мэдээд юм уу, гэнэт сэрээд ярьж байгаа зүйл биш. 2011 оны яг 1 дүгээр сарын 14-нд одоогоос зургаан жилийн өмнө ҮАБЗ дээр анх удаа энэ асуудлыг ярьж байсан. Байгаль орчны асуудал гамшгийн хэмжээнд хүрч байна гэж дүгнээд Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх хуулийн төслийг санаачилж оруулж байсан. Агаарын хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль батлагдан, Засгийн газрын хэмжээнд, улсын хэмжээнд тодорхой бүтцүүд бий болж ажилласан. Ажиллаад, хийгээд байхад ахиц дэвшил гарч байгаа, тиймээс урьд хийсэн ажил, одоогийн хийж буй ажлыг үгүйсгэх боломжгүй. Гэхдээ энэ дээр дахин онцгойлон харж ярилцах шаардлагатай боллоо гэдгийг би энд хэлэх нь зөв байх. За ийм танилцуулга хийгээд мэдээллээ сонсоё.

Мэдээлэл сонсохын өмнө хуралдааны дэгийг товчхон танилцуулья (хавсралт 2). Энд ҮАБЗ-ийн хуралдаанд уригдаад байдаггүй шинэ хүмүүс олон байгаа учраас. Эхлээд танилцуулга, нэмэлт мэдээлэл сонсоно. Ерөнхий сайд авч хэрэгжүүлж байгаа энэ асуудлаар танилцуулга хийнэ. Улаанбаатар хотын засаг дарга нэмэлт мэдээлэл өгье. Танилцуулга, мэдээлэл сонссоны дараагаар асуулт хариулт явагдана. Энд байгаа албаны хүмүүс, оролцож байгаа хүмүүс асууж болно. Нэг минутаас асуултаа хэтрүүлэх хэрэггүй, санал дүгнэлт хэлнэ, хугацаа гурван минут. Оролцогчид ямар нэг зүйл хэлэх гэж байгаа, асуух гэж байгаа бол заавал нэрээ хэлээд албан байгууллага, төлөөллөө хэлнэ. ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүд санал хэлж, асуухад хугацаа хязгаарлахгүй. Төгсгөлд нь ҮАБЗ-ийн гишүүд саналаа хэлж, тэргүүн саналаа хэлж, зөвлөмжийн төсөлд саналаа гаргадаг. Тэгээд хуралдаан өндөрлөдөг учиртай гэдгийг энд тайлбарлая гэж бодож байна.

За ингээд нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг энэ чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, цаашид хийх ажлын талаар танилцуулга хийхийг урьж байна. Ерөнхий сайд.

Ж.ЭРДЭНЭБАТ:- За эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэм Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд, энд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдийн амар амгаланг айлтгая.

Агаарын бохирдлын асуудал нь манай улсын иргэн бүрийн санааг зовоосон асуудал болоод байна. Хүүхэд багачуудын амьсгалын замын өвчлөл ихсэж, иргэдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байгаа нь яаралтай, дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг харуулж байна.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ДЭМБ-аас 103 орны 3000 орчим томоохон хотуудыг хамруулсан судалгаагаар агаарын бохирдлын түвшин хоёр дахин нэмэгдсэн гэсэн судалгаа байна, энд эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөлөл эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бага болон дундаж орлоготой улс орнуудын 100 мянгаас дээш оршин суугчидтай хотуудын 98 хувь нь ДЭМБ-ын агаарын бохирдлын тогтоосон стандартыг хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. 

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуулын автомат станц ажиллаж байна, агаарын бохирдлын хэмжээг өдөр болгон хэмжин бохирдуулагч бодисын хэмжээг олон нийтэд LED цахим дэлгэц, agaar.mn, гар утасны апликейшн зэргээр мэдээлж ажиллаж байна.

Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хэмжээг өнгөрсөн 7 хоногийн  байдлаар бид судалж үзсэн. PM2.5 буюу жижиг ширхэгт тоосонцорын хэмжээ 200 микрограмм/метр.куб байгаа нь ДЭМБ-аас тогтоосон стандарт хэмжээнээс буюу 50 микрограмм/метр.кубээс 4 дахин их байна. PM10 буюу том ширхэгт тоосонцорын хэмжээ 7 хоногийн дунджаар 606 микрограмм/метр.куб байгаа нь ДЭМБ-аас тогтоосон стандарт хэмжээнээс 6 дахин их байна. Хүхэрлэг хий өнгөрсөн 7 хоногийн дунджаар 235 микрограмм/метр.куб байгаа нь ДЭМБ-аас тогтоосон стандарт хэмжээнээс 4.7 дахин их байна. Азотын давхар исэл өнгөрсөн 7 хоногийн дунджаар 119 микрограмм/метр.куб байгаа нь 2.4  дахин их байна.

Агаарын бохирдлын асуудлыг өнгөрсөн 10-аад жил ярьж, 4-5 Засгийн газар дамжин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан боловч нөхцөл байдал дээрдэхгүй байна.

Агаар бохирдуулах гол бодисууд болох том ширхэгт болон нарийн ширхэгт тоосонцор нь 10 микроноос жижиг хэмжээтэй үл үзэгдэх тоосонцорууд гэж үзэж байна.  Эдгээр тоосонцор нь хорт хавдар үүсгэх хорт нэгдлүүдийг агуулдаг ба уушигны гүнд шигдэж, зүрх судас, амьсгалын замыг өвчлүүлж, хүний дархлааны системийг устгадаг, хүүхэд, өндөр настан, бие султай иргэдэд хатгаа тусах, хорт хавдраар өвчлөх зэргээр нөлөөлж байна.

Агаарын бохирдлын эх үүсвэрийн талаар судлаад үзвэл нийт агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын яндангийн утаанаас болж байна гэж үзэж байна. 5-6 хувийг үйл ажиллагаа явуулж буй дулааны цахилгаан станцуудаас ялгаруулж буй утаа эзэлж байгаа бол автозамын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, угаарын хий 10 хувийг бий болгож байна, бусад эх үүсвэрээс ялгарч буй утаа, тоосжилт 4  хувийг эзэлж байна гэж үзэж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээ нь жилд 5,9 сая тонн бөгөөд үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байна. Гэтэл дулааны цахилгаан станцуудад түүхий нүүрсний 85 хувийг нь хэрэглэж байгаа ч агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний 6 хувийг эзэлж байна.

Түүхий нүүрсний хэрэглээнээс гадна агаар бохирдуулагч нэг эх үүсвэр нь авто тээврийн хэрэгсэл юм. Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологдсон байна, эдгээр автомашинаас ялгарч байгаа утаа, угаарын хий нь нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байна. Нийт автотээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан, удаан эдлэгдсэн хуучин автомашин байгаа нь агаарын бохирдлын хувьд илүү их бохирдолт үүсэхэд нөлөөлж байна.

“Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах журам”-ын дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллогыг  явуулсан дүнгээс халаалтын зуухнуудын талаарх зарим нэг тоо мэдээллийг та бүхэнд танилцуулъя. 10 квт хүртэлх хүчин чадалтай зуух, өрхийн зуухууд: Монгол Улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаагаас нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хороололд нийт 198 мянга гаруй өрх бүртгэгдсэнээс ердийн галлагаатай халаалтын эх үүсвэртэй 187 мянган өрх, нам даралтын зуухтай 9,0 мянга гаруй халаалтын уурын зуух бүхий аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт \10 кВт хүртэл хүчин чадалтай\160,9 мянган зуух бүртгэгдсэний 38 хувь буюу 61,000 өрх нь энгийн зуух, 62 хувь буюу 99,9 мянган өрх нь сайжруулсан зуух ашиглаж байна.

11 кВт-аас дээш хүчин чадалтай зуух: Нийслэлийн төвийн 6 дүүрэгт 11-100 кВт хүртэл хүчин чадалтай 3,1 мянган усаар халаадаг  зуух бүртгэгдсэн ба дүүргээр нь авч үзвэл хамгийн их нь Баянзүрх дүүрэгт 698, Сонгинохайрхан дүүрэгт 675 зуух, Чингэлтэй дүүрэгт 505 зуух ашиглагдаж байгаа бол бусад 3 дүүрэгт 354-395 зуух байна. Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 10 кВт хүртэлх хүчин чадалтай ердийн галлагаатай 9,6 мянган зуух, сайжруулсан 1,2 мянган зуух, нийт 10,8 мянган зуух ашиглагдаж байна.

Дулааны цахилгаан станц зэрэг томоохон эх үүсвэрүүдийн хувьд: Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2, 3, 4 дүгээр ДЦС, Амгалан дулааны станцад ажиллаж буй нийт 29 зуухны хэрэгцээнд жилдээ 4,8 сая тонн нүүрс, аймаг орон нутагт ажиллаж байгаа нийт 72 халаалтын зуухны хэрэгцээнд жилдээ 1,9 сая тонн нүүрс түлж байна.

Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар ДЭМБ, НҮБ, Дэлхийн банк болон олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаас хийсэн олон талын судалгааны үр дүн, тайланг бид уншиж танилцах боломжтой юм. Эдгээрээс гадна манай АУҮИС-ийн эрдэмтэн, судлаачид АНУ-ын Берклийн Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн их сургуулийн судлаачидтай хамтран нийслэлийн агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, тодорхой насны хүн амд болон тодорхой нэр төрлийн өвчлөлд хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийвчилсан судалгааг хийсэн байна. Эдгээр бүх судалгаа, тайлангийн дүгнэлт бүгдээрээ Улаанбаатар хотын агаарын бохирдол, түүнээс хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж буй үндсэн шалтгаан бол түүхий нүүрсийг галлагаанд хэрэглэж байгаа явдал гэж дүгнэж байна.

Агаарын бохирдлын улмаас хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй зарим сөрөг нөлөөллийг бий болж байна гэхээр амьсгалын замын өвчлөл, манай хүн амын дундах тэргүүлэх өвчлөл болж нэмэгдэж байна. Агаарын бохирдолт ихтэй гэр хороололд амьдарч байгаа өндөр настан, бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний хүндрэлд хүргэж байна. Зүрх судасны өвчлөл, цус харвалт, уушигны архаг үрэвсэл зэрэг өвчлөлд хүргэх нэг шалтгаан болж байна, Мөн жирэмсэн эхчүүдэд ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж, ураг хүчилтөрөгчийн дутагдалд орох, зулбах, дутуу төрөх, шинээр төрсөн хүүхдийн жин буурах гэсэн үр дагаварт хүргэж байна.

Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа шалтгааныг арилгах арга хэмжээг авахын зэрэгцээ эмч, эмнэлгийн ажилтан, эмнэлгийн орны хүрэлцээг сайжруулах, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүдийг дархлаажуулах, витаминжуулах зэрэг олон талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

            Ингээд би агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар та бүхэндээ товчхон танилцуулья. Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн жилүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэдгийг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд өнгөрсөн өдрүүдэд тодорхой танилцуулсан.

Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас тодорхой ажлуудыг хийж ирсэн ч төрийн бодлогын залгамж, уялдаа холбоо дутагдалтайгаас бид өнөөдрийг хүртэл агаарын бохирдлын асуудлаа шийдэж чадаагүй, олон нийтийн онцгой анхаарлыг татсан, тулгамдсан асуудал хэвээр байна. Нийслэлийн агаарын бохирдол нь бидний амьдрах уламжлалт зан заншил, хэрэглэж буй түлээ түлш, хот суурин газрын хүн амын төвлөрөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан бий болж, олон арван жилийн туршид хуримтлагдсан асуудал болсон учир бид энэ байдлаас ангижрахын тулд богино, дунд, урт хугацаанд чиглэсэн олон талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байж нааштай үр дүнд хүрнэ гэж Засгийн газар үзэж байна.

Иймээс бид цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг 2017 ондоо багтаан  яаралтай хэрэгжүүлэх, мөн дунд болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж ангилан авч үзлээ.

Богино хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээг авч үзье. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2016 оны гуравдугаар улирлын байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд 214,7 мянган өрх амьдарч байгаа бөгөөд үүнээс 92,8 мянган өрх гэрт, 121,9 мянган өрх байшин сууцанд амьдарч байна.

            Засгийн газрын хувьд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргасан. Засгийн газрын тогтоолыг гаргасан, Засгийн газрын энэхүү тогтоолыг дагалдуулан холбогдох бусад шийдвэр, журмыг батлан мөрдүүлж  байна.

            Өнөөдрийн байдлаар гэр хорооллын нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн 75 хувь буюу 110,8 мянган хэрэглэгч 2 тарифт тоолууртай бөгөөд эдгээр өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг бүрэн хөнгөлж байна. Цаашид 2 тарифт тоолуургүй 36,4 мянган айл өрх байна, эдгээрийг  тоолууржуулах ажлыг Засгийн газраас зохион байгуулна.

Өчигдөр, өнөөдөр буюу 1 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнг зохион байгуулсан. Энэ маань ард иргэддээ аж ахуйн нэгжүүдийг сурталчилах ажлыг зохион байгууллаа. Өчигдөр миний бие оролцоод ирсэн, иргэд нилээн сонирхон оролцож байна лээ.

Мөн банкуудтай ярьж байна, ногоон зээлийн санг бий болгооч, цахилгаанаар халаагуураа шийдэх гэж байгаа айл өрхүүдэд тодорхой хэмжээний ногоон зээлийн сангаас зээлээр авах боломжийг бүрдүүлэхээр банкуудтай ярьж  байна. Банкууд нилээн нааштай саналууд тавьсан байгаа. Үүний нэг нь Хас банк байгаа.

Агаарын бохирдлын эсрэг санг байгуулья гэж байгаа бид сангаа татан буулгаад сангийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нилээн буурсан, урд жилүүдэд 30-40 сая төгрөг төлөвлөдөг байсан бол энэ жилийн хувьд 5 сая төгрөгтэй л байж байгаа сан дээрээ. Цаашдаа энэ санг байгуулаад сангийн хүрээнд гадаад дотоодын байгууллагууд болоод энэ нүүрс экспортлож байгаа нүүрс олдворлож байгаа компани гэх мэтчилэн, мөн энэ агаарыг бохирдуулахад нэмэр болоод байгаа автомашин ч юм уу, ийм зүйлүүдээс татвар хураамж авч агаарын бохирдлын санг бүрдүүлье, эндээс тодорхой хэмжээнд дараагийн арга хэмжээндээ зарцуулья гэсэн сан байгуулья гэж байгаа.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулна, үндэсний хөтөлбөрийг орон нутаг, салбар хоорондын энэ агаарын бохирдлыг хэрхэн бууруулах чиглэл дээр хөтөлбөр боловсруулж хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулья гэж байгаа юм.

            Мөн утаа бага ялгаруулдаг сайжруулсан түлшээр энэ оны хувьд 23,0 мянган өрхийг  хангах бололцоо бий. 23.0 мянган өрхийг энэ 2017 ондоо багтаагаад хангачихна.

            Агаарын бохирдлын хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар олон нийт, иргэдэд бодит мэдээлэл өгч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зөв дадал хэвшилд сургахад чиглэсэн сурталчилгааны ажлыг 2017 онд багтаж зохион байгуулна гэсэн ийм бодолтой байна. Зарим нэгэн зүйл эхнээсээ хийгдээд явж байна.

            Мөн автомашинаас ялгарах хорт утааг бууруулах, тортогийг барих шүүлтүүрийг автомашинд суурилуулах шаардлагыг тавьж, мөрдүүлэх, цаашдаа удаан жил ашигласан их хэмжээний утаа ялгаруулж байгаа автомашинуудад суурилуулна.

Өнөөдрийн байдлаар 110 мянган айл өрхийг 2.5 квт-ын чадалтай цахилгаан халаагч хэрэгслээр өөрийн дулааныг үйлдвэрлэх бололцоо бүрдсэн байгаа. Цаашдаа 20 мянган айл өрхийг 4 квт чадалтай цахилгаан халаах хэрэгслийг ашиглах техникийн боломжийг бүрдүүлнэ энэ 2017 оны хувьд. Одоо ашиглаж байгаа 70 нам даралтын халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, төвийн дулааны системд холбох үйл ажиллагааг энэ 2017 онд багтааж хийнэ. Мөн 5800 айл өрхийг 4 квт-ын чадалтай цахилгаан халаагуур ашиглах боломжтойгоор дэд бүтцийг бий болгохоор төлөвлөсөн байгаа. Энэ 2017 онд энэ ажлыг хийж гүйцэтгэнэ. Өнгөрсөн онд бид нөөц бололцоогоо шавхаж байгаад 9 сар 10 сар дамжуулаад 1800 орчим айл өрхийг ийм боломжоор бүрдүүлсэн байгаа. Энэ жилийн хувьд цаашдаа 15000 орчим өрх нийслэлд тог цахилгаанд холбогдоогүй байна гэсэн судалгаа байдаг. Энэ жилийн хувьд 5800, ирэх жилд үндсэндээ бүрэн дуусахаар төлөвлөсөн байна. Цахилгаан халаах хэрэгслийг ашиглах схем, аюулгүй ажиллагааны заавар, гарын авлагыг боловсруулж, хэрэглэгч бүрт тарааж байна.

Мөн агаарын бохирдлоос шалтгаалан хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ   зохион байгуулсан, томуу томуу төст өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулаад цэргийн төв эмнэлэг дээр 50 ор, хоёрдугаар эмнэлэг дээр 30 орыг нөөц бололцоог нь ашиглаж нэмж гаргаад ажиллуулж байна. Мөн эрүүл мэндийн сайдын 2016 оны А/185 дугаар тушаалаар 533 резидент эмч, 64 сувилагчийг гэрийн эргэлтэнд гаргаж, нийслэл хотын хүүхдийн тасаг бүхий нэгдсэн эмнэлгүүдэд 596 орыг нэмж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг  уртасгасан цагаар ажиллуулж  байна. Мөн Засгийн газрын 2016 оны 215 дугаар тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа, эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсэн байгаа үүнийг бүх шатны байгууллагууд аж ахуй нэгжүүдэд хэрэгжүүлэх үүргийг өгсөн. Мөн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн 10 нэр төрлийн ууж хэрэглэх эмийг 100% үнэгүй олгох асуудлыг шийдвэрлэсэн.

Цаашид бас дунд хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээ байгаа. Бидний хувьд богино хугацаа, дунд хугацаа, урт хугацаа гэсэн гурван төрлөөр үйл ажиллагаагаа төлөвлөж байна. Богино хугацаа гэдэг бол саяны миний хэлсэн бүх ажлуудыг 2017 онд багтаах юм байгаа юм. Дунд хугацаанд гэдгийг бид 2-3 жилийн дотор хийж дуусгах ажлуудыг хэлж байна. Урт хугацаандаа гэдэг бол 3-5, 5-8 жил хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил гэж ойлгоорой.

Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуухаар хангах, ахуйн хэрэглээнд угаасан нүүрс, боловсруулсан түлшийг ашиглахад иргэдэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж, цаашдаа түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.  

Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, зохистой байршуулах, улмаар орон сууцжуулах ажлыг цаашид эрчимжүүлэх ажлыг хийж хэрэгжүүлнэ. Энэ жилийн хувьд бид орон сууцжуулах ажлыг нилээн эрт эхлэхээр төлөвлөөд газраа чөлөөлөөд бий болгочихсон байсан, харамсалтай нь  зарим учир шалтгааны улмаас энэ санхүүжилтийн эх үүсвэр бүрдээгүй байгаад байна. Энэ дээр хэлэхэд Хятадын Ерөнхий сайд Монгол улсад айлчлахдаа 50 сая долларын буцалтгүй тусламж үзүүлнэ гэсэн зүйлийг хэлсэн байгаа. Энэ бүх буцалтгүй тусламжийг бүгдийг нь зөвхөн энэ агаарын бохирдлыг бууруулахад зориулна. Яаж зориулах  гэж байгаа гэхээр 50 сая доллараар 1000 орчим айлын орон сууц барих бололцоотой юм байна лээ. Энэ орон сууцаараа айл өрхүүдийн газрыг чөлөөлөх, ингэж газрыг чөлөөлснөөрөө сая Ерөнхийлөгчийн хэлсэн энэ агаарын бохирдол, дээр нь хөрсний бохирдол, орчны бохирдол гэдэг бүх зүйлүүд нийтдээ 1000 айлыг чөлөөллөө гэж тооцоход 70 орчим га газар чөлөөлөгдөж энэ зүйл бий болох байх гэж тооцож байгаа. Гэхдээ бид 2017 онд хэрвээ энэ ажил маань ашиглалтад орохгүй байгаа тохиолдолд хийнэ гээд хэлэхэд энд хэлэхэд хэцүү байна тиймээс урт хугацаанд энэ ажлыг хийж хэрэгжүүлнэ гэсэн байдлаар энд оруулсан байгаа юм.

Монгол гэрийн дулааны алдагдал багасгах асуудлыг эрдэмтэн судлаачдаар гаргуулж байна, цаашдаа Монгол Улсын маань хувьд нэг онцлог нь юу гэхээр гэрт амьдардаг өөр улс орон манай улсаас өөр байдаггүй байх тэгэхээр ийм орон сууцанд хэрхэн дулаан тухтай амьдрах вэ гэдэг дээр нэгдүгээрт дулаалгын асуудал, дулаан үйлдвэрлэлийн асуудал гэх мэт хоёр зэрэг асуудлыг шийдэхээс өөр аргагүй байгаа.

Олон жилийн насжилттай хуучин автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авах, дунд хугацаандаа мөн нийтийн тээврийн автобусыг хийн түлшинд ээлж дараатай шилжүүлэх ажлыг хийе. Одоо автобензин дизелийн түлш хэрэглэж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүдэд бүрэн шаталт бий болгодог шингэнийг манай улсын үндэсний үйлдвэрлэгч нар маань үйлдвэрлээд эхэлчихсэн байна. Үүнийг туршиж үзээд цаашдаа нийтийн тээвэрт ашиглах бололцоог бүрдүүлэх чиглэлээр нийслэлийн удирдлагад өгсөн байгаа.

Агаарын чанарын хяналт-шинжилгээг өргөжүүлж, суурин автомат харуулын тоог нэмэгдүүлье гэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй 160 халаалтын зуухыг буулган хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох төлөвлөгөөтэй байна.

Гэр хорооллын 68 мянган айл өрхийг 4 квт чадалтай цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлж өгөхөөр төлөвлөсөн. Гэр хорооллын 43 мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангаж явья, ер нь түлш огт хэрэглэхгүй байна гэсэн ойлголт байхгүй, тэгэхээр хэрэглэж байгаа түлш нь сайжруулсан түлш байх ёстой гэж үзэж байна.

Төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй хэрэглэгчдийг хэсэгчилсэн дулаан хангамжид холбох, байгалийн хийгээр ажилладаг шинэ эх үүсвэрийг барих туршилтын төсөл хэрэгжүүлье гэж тооцсон байгаа юм.

Урт хугацаандаа хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх замаар Улаанбаатар хотод төвлөрөөд байгаа хүн амын 40 гаруй хувийг тодорхой бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд шилжилт хөдөлгөөнийг багасгах, буцааж орон нутагт байршуулах зэрэг энэ арга хэмжээнүүдийг зохион байгуулья гэж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлнэ, нийслэлд төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн бодлогыг хэрэгжүүлье гэж байгаа юм.

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зөвхөн тогтоол шийдвэр биш бодитой үйл ажиллагаагаар бууруулах шаардлагатай. Үүний тулд бид агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зөв төлөвлөн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд ихээхэн хэмжээний хөрөнгө, төсөв шаардагдахаар байна. Зөвхөн 2017 онд сая миний хэрэгжүүлнэ гэдэгт 100,0 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдана. Үүнийг үндсэндээ Засгийн газар бүрдүүлсэн гэж ойлгож болно.

Цаашид авах бусад арга хэмжээний талаар дунд болон урт хугацаандаа хэрэгжүүлэх арга хэмжээгээ би ШУА-ийн эрдэмтэд, бусад мэргэжлийн байгууллагад чиглэл өгсөн байгаа. Шинжлэх ухааны үндэслэлтэй юм гаргаж ТЭЗҮ-ийг боловсруулж бид цаашдаа явах ёстой юм байна, тэгэхгүй нэг хүн юм хэлэхээр тэрийг дагаж гүйгээд байдаг байдлаар явуулж болохгүй, нилээн нарийн тооцоо судалгаа гаргаж байж үйл ажиллагаа хийж гүйцэтгэх ёстой гэж үзэж байгаа, тиймээс энэ чиглэлээр нарийвчилсан тооцоо судалгаа гарсны дараа хэдий хэмжээний хөрөнгө санхүү зарцуулж байж утаа буулгах ажиллагаа маань үр дүнд хүрэх вэ гэдэг тооцоо судалгаа гарна байх гэж бодож байна.

Цаашид 1,4 сая гаруй хүн амтай томоохон хотын хөгжлийн төлөвлөлтийг алсын хараатай боловсруулах шаардлага байна, үүнийг манай нийслэлийнхэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа

Агаарын бохирдол гэсэн энэхүү нийгэмд үүсээд байгаа сөрөг үзэгдэл нь бид бүгдийн оролцоотой үүсч байгаа гэдгийг та бүгд бүгдээрээ мэдэж байгаа, тиймээс  бүх нийтийн оролцоог хандуулах чиглэлээр ажиллах шаардлага байна.

Агаарын бохирдлоо бууруулж чадвал бид хамтдаа эрүүл байж, сэтгэл тайван амьдарч, эдийн засгийн хэмнэлттэй, ногоон хөгжлийг  түүчээлж, цэнхэр эх дэлхийгээ ирээдүй хойч үедээ үлдээх их үйлсэд хүн болгоны хувь нэмэр хэрэгтэй байна гэдгийг та бүгдэд хэлье. Анхаарал тавьсанд баярлалаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ:- За Ерөнхий сайдад баярлалаа. Одоо Нийслэлийн засаг дарга нэмэлт мэдээлэл хийнэ.

С.БАТБОЛД:- Та бүгдийн амар амгаланг айлтгая. Практик үйл ажиллагааны талаар Засгийн газрын мэдээлэлд материалаа бэлдэж өгсөн учраас би Улаанбаатар хотын захирагчийн хувьд захиргааны хэм хэмжээг мөрдүүлэх талаар ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар товчхон та бүгдэд танилцуулья. Слайд дэлгэц дээр гарч байгаа, сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсөж байгаа, энэ өсөлтийн гуравны хоёроос илүүг нь механик өсөлт эзэлж байгаа. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 29326 хүн Улаанбаатар хотод шилжиж ирсэн байгаа юм.

Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь гэр хороолол, гэр хороололд 2016 оны эхэнд амьдарч байгаа өрхийн тоо 157,7 мянга байсан болсон, орон сууцны өрх 157000, гэр хорооллын өрх 218.6 мянга болж гэр хорооллын эзэлж байгаа хүн амын тоо 58 хувьд хүрсэн байна. Агаарын бохирдлын эх үүсвэрийг түрүүн Ерөнхий сайдын илтгэлд дурдсан учраас ингээд зогсооё.

Улаанбаатар хотын хувьд хотын барилгажих, гэр хорооллын суурьшлын хэсгийн хил хязгаарыг тогтоож байна. Энэ зураг дээр гарсан улаан шугамаар нийтдээ 35206 га газрыг энэ талбай дээр Улаанбаатар хот цаашдаа суурьшлын бүс байна гэж үзэж байгаа юм. 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/18 тоот захирамжаар Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон. Үүгээр Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг 35206 га газраар тогтоогоод эргэлтийн цэгүүдийн кординатыг 2 дугаар хавсралтаар тогтоосон байна. Энэ цэгээс цаашаа суурьшлын бүс байхгүй. Энэ цэгээс цаашаа зөвхөн эко бүс, гэр хороолол үүнээс цаашаа тэлэхгүй, үүнээс цааш суусан, буусан айлуудад хотын зүгээс төсөв байхгүй, тог татаж чадахгүй, ус хүргэж чадахгүй, төрийн үйлчилгээ үзүүлэх бололцоогүй. Энэ суурьшлын бүс дотор л Улаанбаатар хот байна. Бид шинэ суурьшлын бүсийг нь Налайх, Багануур, Багахангай, Төв аймагт бий болгоно. Тийшээ дэд бүтцийг нь татна, шугамыг нь татна, усыг нь татна. Одоо Улаанбаатар хотын дөрвөн уулын дунд үүнээс цаашаа тэлэх газар байхгүй болсон гэж үзэж энэ захирамжийг гаргасан байгаа. Энэ шийдвэрийг гаргахдаа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд энэ газрыг тогтоосон байна.

Дараагийн слайд дээр нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг бид тогтоосон. Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Нийслэлийн засаг даргын хамтарсан тушаалаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг агаарын чанарын индекс дээр тулгуурлаад дөрвөн бүс болгон тогтоосон байна.

Нэгдүгээр бүс нь нийтдээ УБ хотын 51 хороо хамарсан байна, хоёрдугаар бүсэд 21 хороо хамарсан байгаа. Энэ бүс тогтоосноор нэгдүгээр бүс тод ягаанаар ялгасан байна. Энд ахуйн хэрэглээний зуухыг шинэ нөхцлөөр хангасан гэрийн зуух, сайжруулсан болон био түлш, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуураар хангана. Түүнээс гадна ТҮЦ, дугуй засвар, харуулын байр, авто машины засвар, угаалга болон бусад чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд халаалтын зуух хэрэглэхийг хориглож, хуучин дугуй, ажилласан масло, хуванцар гэх мэт хог хаягдал түлүүлэхгүй байх шаардлагатай байх юм. Мөн сургууль, цэцэрлэгүүдийг энэ ондоо, ирэх онд багтаж бүгдийг нь агаарын бохирдлыг цэвэрлэж, агаар шүүгчээр хангана. Бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настанд энэ бүсэд агаарын бохирдлын үед амны хаалт хэрэглүүлэх журмыг дагаж мөрдүүлнэ гэж үзэж байна. Мэдээж энэ бүсэд иргэн эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, барьж суурьшина гэх юм бол тэрийг нь төрөөс дэмжих юм.

За энэ хоёрдугаар бүс бол 21 хороо багтаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 21 хороо багтаж байгаа. Энэ нэгдүгээр бүсээсээ арай бага агаарын бохирдолтой бүс байгаа. Энэ бүсэд дээрх арга хэмжээг яг адилхан авч хэрэгжүүлнэ.

Гуравдугаар бүсэд Баянгол дүүргийн нийт 8 хороо хамрагдаж байна. Гурав, дөрөвдүгээр бүсүүдэд түүхий нүүрс түлүүлэхгүй байх шаардлагыг тавьж байна. Гурав, дөрөвдүгээр бүс ногоон, шараар ялгасан бүсүүд байгаа юм. Энэ бүс маань үндсэндээ байшин, орон сууцтай хорооллын бүс юм. Ер нь цаашдаа Улаанбаатар хотод энэ бүсүүдэд ямар ч тохиолдолд утаа гаргахгүй. Хэрвээ энэ бүсүүдэд аж ахуйн нэгж, байгууллага газар авчихаад хүнээр сахиулаад хоёроос гурван гэр буулгаж байгаа бол тэр хашаагаа мануулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тэр айлаа цахилгаан халаагуураар халаах хэрэгтэй. Энэ бүсэд та ТҮЦ ажиллуулж байгаа бол, энэ бүсэд ямар нэгэн аж ахуйн нэгж ажиллуулж байгаа бол та хийн халаагуур юм уу, цахилгаан халаагуур тавих учиртай, яндангаас утаа гарах ёсгүй. Хэрвээ энэ бүсэд амьдарч байгаа бол та өөрөө сайжруулсан зуух халаалт хэрэглэсэн хирнээ хашаандаа дөрвөн ханатай гэр бариад дөрвөн оюутан хөлслөөд, тэнд түүхий нүүрс түлүүлэхийг хориглоно гэж байгаа юм. Ийм байдлаар агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоосон байна.

Дараагийн захиргааны нэг акт бол иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах арга хэмжээ байна. Энэ нь зарим улсуудад хүнд тусч магадгүй, тиймээс бид энэ Үндсэн хуулийн 1 зүйлийн 2 дахь хэсэг, 16.2-ыг үндэслээд мэдээж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль, Газрын тухай хуулийг үндэслээд захирамж гаргасан байгаа. Улаанбаатар хот эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад хөдөө орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаагаар түр зогсоохоор төлөвлөж байна. Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан нэгдсэн арга хэмжээний хүрээнд түрүүчийн А/18 тоот захирамжаар гаргасан суурьшлын бүсээс бусад газарт гэр хорооллын зориулалтаар газар өмчлөх, эзэмшүүлэх, ашиглуулахаар иргэдэд газар олгохыг хориглосон байгаа.

Үндсэндээ энэ гэр хорооллын тэлэлтийг дэд бүтцийн шугам байдаггүй учраас дүүргийн засаг дарга нар захирамж гаргадаг. Тийм учраас дүүргийн засаг дарга нар энэ захирамжийн хүрээнд дахиж захирамж гаргаж гэр хорооллыг хяналтгүй тэлэхээс сэргийлж байгаа юм. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд яадаг байсан гэхээр цахим газар олгож байна гээд 69000 иргэнд ямар ч дэд бүтэцгүй, уулын жалга орой өгсөн байгаа юм өмчлүүлэхээр. Энэ бол ерөөсөө л яндангийн тоог нэмсэн болохоос хүмүүсийг өмчтэй, газартай болгосон зүйл ерөөсөө байхгүй. Тиймээс энэ бүгдийг ингэж хязгаарлахаас өөр аргагүй байна.

Дараа нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Монгол Улсын MNS52162016 стандартын зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс хориглож байгаа. Яагаад 4 дүгээр сарын 1-нээс гэж байгаа юм бэ гэхээр энэ стандарт нь яг 4 дүгээр сарын 1-нд хэрэгжиж эхлэх юм байна. Тэрнээс наана стандарт байхгүй учраас хориглох бололцоогүй учраас 4 дүгээр сарын 1-нээс хойш энгийн хийцтэй зуухыг Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүд худалдахгүй, одоо хэрэглэж байгаа зуухуудыг үе шаттайгаар сайжруулсан зуухаар солих, цахилгаан халаагуураар солих ажлыг зохион байгуулна гэж байгаа юм. Энэ бүх захирамжуудыг хэрэгжүүлэх, захиргааны актуудыг хэрэгжүүлэхэд хамгийн гол зүйл нь хяналт тавих байна. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын ажлын байрны чиг үүрэгт агаарын бохирдлын хяналтын байцаагчийн үүрэг оруулж байгаа юм. Тэгээд сая хэлсэн агаарын чанарын хяналтын бүсэд болон бусад бүсүүдэд хяналт тавих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх юм аа гэж үзэж байна. Ер нь цаашдаа гэр хорооллын хязгааргүй тэлэлтийг хязгаарлах үүднээс ийм зүйлүүдийг авч байна.

Дараагийн нэг зүйл авто машины бохирдол хоёрдахь эх үүсвэр байж байгаа. Үнэндээ өнөөдөр манай авто машины оношлогоо 20 мянган төгрөг хурааж аваад л зүгээр л мөнгө хурааж авдаг ажил байгаа юм. Дэлхийн стандартаар автомашины оношилгооны төхөөрөмжийг 5 жил тутам шинэчилж байх ёстой юм. Манай автомашины оношилгооны төвүүдийн төхөөрөмж 15 жил ерөөсөө шинэчлэгдээгүй. Зүгээр нэг юм тавиад л за болсон гээд гаргачихдаг. Өнөөдөр Улаанбаатар хотын төвөөр дүүрэн 15 жилээс дээш ашигласан, утаа баагуулсан машинууд явж байгаа юм. Энэ дотор нийтийн тээврийн унаа ч явж байгаа, хувийн унаа ч явж байгаа. Цаашдаа нийслэл хот Зам тээврийн яамтай хамтарч 9-нөөс тээврийн хэрэгслийн хяналт шинжилгээг эхэлж байна. Үүнтэй холбогдуулаад оношилгоонд тэнцээгүй авто тээврийг хотын төв уруу оруулахгүй ээ. Зам тээврийн яам энэ оношилгооны төвүүдээ шинэчлээч ээ. Өчнөөн мөнгө хураасан, тэр мөнгөөрөө төхөөрөмжүүдээ шинэчлээч ээ. Үнэхээр үнэнээр нь хэлээд Улаанбаатар хотын хувьд хүлээх үүрэг бол бид автобусуудаа үе шаттай hybrid эсвэл цахилгаан эсвэл газанд шилжүүлнэ. Одоо шинээр худалдаж авах бүх автобус хувийн хэвшил ч ялгаа байхгүй, төрийн өмчийн компани ч ялгаа байхгүй миний саяны хэлсэн гурван төрлийн автобус байна. Хуучин автобусуудаа түрүүн Ерөнхий сайдын илтгэлд орсон шүүлтүүр тавина, үе шаттайгаар дизель хөдөлгүүрээс татгалзана гэж үзэж байгаа юм. Ер нь бид цаашдаа шийдэмгий арга хэмжээ авч Улаанбаатар хотод мөрдөж байгаа стандартыг мөрдүүлж Улаанбаатар хотод нэвтэрдэг машинд стандарт тогтоохгүй бол ерөөсөө энэ 400 мянган машин бүгдээрээ Улаанбаатар хотын номертой, аймгуудын машинуудын 50 хувь нь Улаанбаатар хотын номертой, Улаанбаатар хотын төв уруу орж ирдэг, энэ хязгаарлалтаа жаахан тавьж эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэхгүй бол энэ дэлхийн бүх том хотууд ийм хязгаарлалт тавьдаг. Үүнийг хийх хэрэгтэй гэж би үзэж байна.

Ийм арга хэмжээнүүдийг нийслэл тавина. Практик арга хэмжээнүүдийг Ерөнхий сайдын илтгэлд оруулсан учраас би ингээд товч хэлж байна. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бид бүгдийн хамтын ажиллагаа чухал, зөвхөн нийслэл хот хязгаарлалтын арга хэмжээ тавиад ганцаархнаа шийдэх бололцоо байхгүй. Тиймээс би УИХ, Засгийн газар, ҮАБЗ хамтарч ажиллаж байж энэ бүгдийн ард гарах учиртай. Хотуудын туршлагаас үзвэл маш том хүнд хязгаарлалтуудыг тавьж байж энэ асуудлаас гарсан байгаа юм, өөрөөр гарах боломжгүй. Анхаарал тавьсанд баярлалаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ:- За баярлалаа. ҮАБЗ-ийн Ажлын албан дээр эндээс гарах зөвлөмжийн төслийг боловсруулсан байгаа. Хоёр мэдээллээ сонслоо. Тэгэхээр би зөвлөмжийн төслийг энд оролцож байгаа хүмүүст санаа авах үүднээс тарааж өгье гэж бодож байна. Энэ бол нээлттэй төсөл (хавсралт 3). Энэ хооронд саяны хийсэн мэдээллээс зайлшгүй асуух асуулттай хүмүүс байна уу?

Шаардлагатай бол бид ингэж ажиллахаар ҮАБЗ-өөс үзэж байна. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд би ийм санал бодолтой байна. Ийм саналыг энэ зөвлөмжийн төсөлд тусгаж цаашаа хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг саналаа би хэлнэ гэж бодож байна. Ерөнхийлөгчийг энэ чиглэлээ хэлэхээс өмнө саяны мэдээлэл хийсэн хүмүүсээс асуух асуулттай хүмүүс байна уу? За Ж.Энхбаяр гишүүн. За тэнд гурван хүн байна, энэ улсуудын нэрийг авчих. За Ж.Энхбаяр.

Ж.ЭНХБАЯР:- За баярлалаа. Энэ агаарын бохирдол, өнөөдрийн бэрхшээл нь ирээдүйд Монгол Улсын үндэстний хувьд учрах том аюулын угтал нөхцөл гэж би ойлгож байна. Үүнтэй холбоотойгоор өвчлөл, ген, удмын сан гээд маш томоохон аюулууд бий болж байна. Тэгэхээр эрс шийдэмгий арга хэмжээнүүдийг авах ёстой. Өнөөгийн байгаа нөхцөл байдалдаа хийх арга хэмжээнүүдийг Ерөнхий сайд, хотын дарга дурдлаа. Энэ дээр ҮАБЗ томоохон шийдвэр гаргаж төрийн захиргааны болон улс төрийн байгууллагуудыг нийслэл хотоос гаргах асуудлыг шийдэх хэрэгтэй.

Ц.ЭЛБЭГДОРЖ:- Асуулт?

Ж.ЭНХБАЯР:- Яагаад энэ асуудлуудыг оруулсангүй вэ? Ийм төлөвлөгөө байна уу? УИХ гарч болох уу? Засгийн газар гарч болох уу? Маш олон урлаг, соёлын, төр захиргааны байгууллагууд, Хүний эрхийн комисс, Дээд шүүхээс авахуулаад нийслэл хотоос гарах бололцоотой төрийн захиргааны байгууллагууд байна.

Хоёрдугаарт агаартай холбоотойгоор Улаанбаатар хот энэ 200 мянган өрхийг орон сууцжуулна гэх юм бол хотын усны хэрэглээ хүрэхгүй. Энэ маягаараа явбал 20 жилийн дараа Улаанбаатар хотыг усаар хангаж чадахгүй. Тэгэхээр энэ ус, агаар, хөрсний асуудал хамтдаа. Дээр нь цаг агаарын дулааралтай холбоотойгоор Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь хуурайшна, цөлжинө. Үүнтэй холбоотойгоо уламжлалт мал аж ахуй эрхлэх бололцоо хаагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор маш том нүүдэл миграц явагдана. Үүнтэй холбоотойгоор шинэ суурьшлын бүсүүдийг тооцоолж бодож байгаа юм байна уу? Ундны эх үүсвэрүүдээ хамгаалах асуудлууд байна уу? Монгол Улсын ундны эх үүсвэр мөнх цэвдэгийн гаралтай, дулааралтай холбоотойгоор тасралтгүй гадагшилж байгаа, дандаа урсаад гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор усны эх үүсвэрээ хамгаалах, шинэ суурьшлын бүсүүдийг төлөвлөх асуудлыг хийх хэрэгтэй. Улаанбаатар хот өөрөө үр ашиггүй хот болж хувирсан. Бид нийгмийн асуудлыг шийдэх тусам төвлөрлийг зогсоох бололцоогүй, тасралтгүй л эргэнэ. Энэ талаар нүүдэл, шинэ суурьшлын бүс?

Ц.ЭЛБЭГДОРЖ:- За Ерөнхий сайд хариулья. Гурван тодорхой асуулт асуулаа. Их хурлын ордноосоо эхлээд төрийн удирдлагын төв байгууллагууд нүүх үү? Усны асуудал хүндэрсэн, энэ дээр төлөвлөж байгаа зүйл байна уу? Шинэ суурьшлын бүсийн тухай Засгийн газар одоо хийх гэж байгаа ажилдаа оруулж төлөвлөж байна уу? Их хурал руу асуудал орж ирж шийдэгдэх байх хууль эрх зүйн хэм хэмжээнд. За Ерөнхий сайд.

Ж.ЭРДЭНЭБАТ:- Төрийн захиргааны байгууллага, энэ шинэ суурьшлын бүсийн талаар би хариулт өгчихье гэж бодож байна. Ирээдүйдээ 5-10 жилийн дараагаас нөхцлийг нь бүрдүүлчихсэн үед шилжих бололцоотой болохоос өнөөдөр яриад шууд шилжүүлээд явчихна гэхэд хүнд л дээ. Тиймээс ирээдүйд нилээн төлөвлөгөөтэйгээр шинэ суурьшлын бүсийг бий болгох, төрийн захиргааны байгууллагуудыг гаргах асуудал яригдаж болох юм. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд төрийн захиргааны байгууллага гэхээсээ илүүтэйгээр их дээд сургуулиудыг хотоос гаргах асуудлыг шийдэх ёстой юм болов уу гэж бид Засгийн газар дээрээ ярьж байгаа. Ингэж гаргахдаа яах уу гэхээр өмнө нь Багануур руу бүгдийг нь аваачаад оюутны хотхон бариад тэнд бүгдийг нь гаргачихья гэж ярьдаг байсан, тэр бүтэхгүй ээ. Жишээ нь ХААИС-ийг Сэлэнгэ юм уу Дарханд аваачдаг, ШУТИС-ийг Өмнөговь юм уу хаана байдаг юм, тэр нь тухайн мэргэжилтэн бэлтгэгдээд гарахдаа дадлагажаад гарах бололцоотой тийм орон нутагт их дээд сургуулиудыг шилжүүлбэл илүү хурдан хугацаанд шийдвэрлээд явчих бололцоотой гэж бодож байна.

Орон сууцжуулах асуудлын хувьд мэдээж 200 мянгыг тэр чигт нь орон сууцжуулна гэсэн ойлголт байхгүй, тийм бололцоо боломж ч байхгүй. Энэ нилээн урт хугацаанд яригдах асуудал болох байх. Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг АНУ-ын Мянганы сорилтын сангийнхантай төсөл хэрэгжүүлэхээр тохирсон байгаа, үндсэндээ Мянганы сорилтын сангаас шийдвэр гарсан. Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах, нөөцийг нь судалж тогтоох, нөөцийг бий болгох чиглэлээр төсөл хэрэгжинэ. Энэ талаар нийслэл хотынхоо усан хангамжийн асуудлыг шийдэх бололцоо байгаа гэж ойлгох хэрэгтэй. Бид орон сууцжуулах асуудлыг шийдэхгүйгээр хөрсний бохирдлын асуудлыг шийдэх гарцыг олж авна гэдэг бол нилээн хүнд байгаа юм. Тиймээс энэ чиглэл уруу хөрсний бохирдол, түрүүн Ерөнхийлөгч хэлсэн агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол гээд. Энэ юм чинь өөрөө гэр хорооллоос бий болоод байгаа юм, тэгэхээр орон сууцжуулах асуудлыг давхар ярьж л явах хэрэгтэй гэж бодож байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ:- За ингэе, тэнд З.Алтай гар өргөсөн үү?

З.АЛТАЙ:- За баярлалаа. Товчхон гэсэн учраас товчхон л хэлье. Энэ агаарын бохирдол гэдэг асуудлыг насаараа сонслоо. Ёстой нээрээ та бидний л үйлийн үр, өнөөг хүртэл шийдэж чадаагүй утаан дотроо багтарч үхчих гээд л. 200, 300 тэрбум төгрөг л гаргасан гэж ярьж байна шүү дээ, өмнө нь утаатай тэмцээд ямар ч үр дүн байхгүй гээд Ерөнхий сайд та хэллээ. 2017 онд дахиад 100 тэрбумыг гаргана, надад мөнгө нь байна гээд л ярьлаа. 4 уулын дотор сэтгэхээ боль л доо, 214000 жорлон хөрсийг бохирдуулаад, тийм ус бид ууж байгаа. 214000 айлын хог, үнс шороо, агаарын бохирдлыг чинь бид насаараа л амслаа шүү дээ. 100-хан тэрбумаар юм уу, аргацаасан, халдаг зуух плиткээр яаж асуудал шийдэх юм бэ?

Би ганцхан юм асууя, энэ эвдрээд нурчихсан балгас хотыг жилээс жилд хэдэн тэрбумаар тордоод бүтэхгүй ээ. ҮАБЗ энэ хотыг яваандаа, өнөө маргааш гэж байгаа биш, тэр Хөшигийн хөндий байдаг юм уу юу байдаг юм дэд бүтэц явж байгаа газар руугаа бодлогоор аваачаад, шинээр төлөвлөчихсөн шинэ хот болгоно гэсэн бодол санаа манай төрд байдаг юм уу байдаггүй юм уу? Хүмүүс ярьдаг шүү дээ, хуучин байшингаа засуулахаар сайн барьдаг барилгачид тэгдэг юм, энэ хогоор яах юм бэ гэж. Үүнийг зассанаас нурааж хаячихаад цоо шинээр барьсан нь өртөг бүх юмны хувьд хамаагүй хямд тусдаг юм аа л гэдэг. Бид түмэн нөхөөс болсон бүх юм нь бохирдчихсон дөрвөн уулын доторх газрыг яаж хэдэн зуун тэрбумаар босгох уу, плитек утсыг нь яаж солих уу гэдэг юм ярьдаг чинь утгагүй байна шүү дээ. Больё доо одоо, би насаараа л сонслоо, дахиад 4 жил, арван жил, тэгэхээр та нар хэлээч. Та нар манай төрийн бодлогыг алс хэтээр  нь харж байгаа  мундаг улсууд шүү дээ. Улаанбаатар хэтдээ яах юм, энд байх юм уу? Эсвэл одоо бодлогоороо тэр дэд бүтцээ хийж байгаа юм бол, төрийн бодлого гэж байдаг бол, та нар хар хайрцагны бодлогоороо хийх ийм юм байна уу? Ийм л асуулт асууя.

Ц.ЭЛБЭГДОРЖ:- За Ерөнхий сайд.

Ж.ЭРДЭНЭБАТ:- За таны наад яриад байгаа асуудал чинь ч  гэсэн энэ утаатай цуг л яригдсан асуудал л даа. Байнга л яригдаж л байсан, шийдье гэхээр Улаанбаатар хотод бас л хүн үлдэнэ шүү дээ. 300 мянган л явна шүү дээ, таны яриад байгаа шинэ хот уруу чинь, Улаанбаатар хотоос. Сая нь энд үлдэх байхгүй юу. Энэ сая хүнийг хаяад тэр 300 мянган хүн эрүүл агаарт очиж амьдрах юм уу? Энэ асуудал яригдаж байгаа, би хамгийн гол нь энэ Улаанбаатарын төвлөрлийг сааруулах чиглэл дээр Засгийн газраас малжуулах бодлого хэрэгжүүлнэ. Орон нутагт байгуулагдсан үйлдвэр, аж ахуйн газруудад орон нутгаас заавал ажлын байраа ав гэдэг ийм шаардлага тавьдаг. Тэгвэл орон нутгаас ажлын байр бий болго, нийслэл хотоос тэдээс доошгүй өрх айлд ажлын байр бий болго  гэдэг шаардлагыг нь бид давхар тавьж өгье. Энэ шилжилт хөдөлгөөнөө нэгдүгээрт төвлөрлөө сааруулаад шилжилт хөдөлгөөнөө бууруулах. Би Нийслэлийн засаг даргад үүрэг өгсөн, одоо цаашдаа Улаанбаатар хотод яндангаар утаа гаргаж амьдрана гэдэг сонирхолтой иргэн байвал оруулахгүй байх шийдвэр гаргаа гэдэг чиглэлийг өгсөн байгаа. Ингэж л явна. Тэрнээс биш таны хэлээд байгаа тэр сайхан шинэ хотыг өөр газар аваачиж, энэ за яахав 50 жилийн дараа сайхан шинэ хоттой болж магадгүй л дээ, гэхдээ тэнд бол Улаанбаатараас нийт иргэдийн 300 мянга нь л явна шүү. Үлдсэн сая нь эндээ үлдэх л байхгүй юу. Тэгэхээр энэ үлдсэн сая хүнийг та нар тэр агаарын бохирдол, өөрсдийнхөө бохирдолтой хордоод үхвэл үх гээд хаяж болохгүй байхгүй юу. Тэгэхээр Засгийн газраас хийж байгаа юм нь бид эхний ээлжинд бид шат дараалсан арга хэмжээнүүдийг хийх л хэрэгтэй байгаа юм, ярих биш.

Ц.ЭЛБЭГДОРЖ:- За ингэе, саяны асуудал дээр ҮАБЗ-өөс Ерөнхийлөгч ямар байр суурьтай, ямар бодолтой, ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна, ярихад бэлэн байгаа. Би та нарт сая зөвлөмжийн төслийг өгчихлөө. Би өөрөө саналаа хэлнэ. Хэрвээ энэ бүгдийг сонсоод эргэж тойроод ярья гэвэл ярилцаж болно. Ингэж ярилцъя гэж би санал тавьсан шүү дээ. Тэрнээс өмнө илтгэгчдээс  асуулт асуух улсууд байна уу? За Нямаагийн Энхболд.

Н.ЭНХБОЛД:- За энэ мэдээж өнөөдөр бий болчихсон асуудал биш, бас маргааш арилчих асуудал биш, ялангуяа би зөвлөмжтэй холбоотой 2 юм асуух гээд байна.

Богино хугацаанд яг юу хийх ёстой юм, дунд, урт хугацаандаа юу хийх ёстой юм, хоёр хувааж ангилсан нь илүү дээр болов уу? Тэрнээс Их хурал, Засгийн газар ч гэдэг юм уу тэгэх юм бол урдын адил гарч байдаг зөвлөмжүүд шиг юм болох гээд байна. Тэгэхээр яг богино хугацаанд Их хурал нь юу хийх юм, тэр хугацаанд засаг нь юу хийх юм гэдгээ гаргах нь зүйтэй болов уу гэдэг санал хэлж байна. Хоёрдугаарт 1.2 дээр байгаа хэдэн саналууд байна. Нүүлгэн шилжүүлэх, дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэх, нийслэлийн хилийг Төв аймгийн хилээр өргөтгөх, Өвөрхангайн Хархоринг нийслэлийн баримжаатай жишиг хот болгон өргөжүүлэх гээд маш тодорхой заалтууд энэ байна гэж харж байна, урт хугацааны зүйлүүд нь. 1.1 дээр байгаа тэр гамшгийн бүс тогтоох, хориглох зүйлсийг гаргах гэдэг бол ойрын хугацаанд яаралтай хийхгүй бол болохгүй байгаа зүйл. Тодруулах гэсэн зүйл ийм байна Ерөнхийлөгч өө.

Төв аймгийн хилийн цэсээр нийслэлийг өргөтгөнө гэсэн үг юу гэсэн үг вэ? Энэ одоо Төв аймгийг байхгүй болгоно гэсэн үг үү, эсвэл Төв аймгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь нийслэлийн нутаг дэвсгэр гэж үзнэ гэсэн үг үү? Ингэнэ гэвэл энэ чинь хамгийн наад зах нь бүхэл бүтэн аймаг байтугай сумдын хоорондын хилийн цэсийг хийж чадахгүй Үндсэн хууль, бусад хуульдаа тулчихаад байгаад байдаг шүү дээ. Энэ дээр яг ямар санаа бодож ҮАБЗ-өөс ямар аргаар шийднэ гэж бодож ийм зүйлийг зөвлөмж болгохоор бэлдэж байна вэ?

 Хархорины тухай асуудал олон жил яригдаж байгаа, сая хүмүүсийн ярианд Улаанбаатар орчмоо (Хотын захирагч, Ерөнхий сайдын ярианд гарлаа) Налайх, Багануур, Төв аймаг хавиар тэлж хотынхоо ачааллыг багасгах тухай ярьж байх юм. Энэ нь энүүнтэй хэр зэрэг нийлэх бол гэж бодож байна, ер нь олон эрдэмтэд судлаачид, нийтлэлчид зэрэг олон талаас нь харж боддог хүмүүсийнхээр бол бид цаашдаа захиргааны аргаар хүмүүсээ нүүлгэж шилжихийг нь хориод байж чадах уу гэдэг асуудал байна. Үндсэн хууль ийм байгаа нөхцөлд, үгүй гэж бодоод хүн зөнгөөрөө аль л амьдрахад эвтэйхэн газар руугаа явна, шилжинэ гэж бодох юм бол нэгд төвлөрсөн газар, хоёрт амьдрахад таатай нөхцөл нь манай алтан гурвалжин гэж ярьдаг шүү дээ, гурван том голын сав газар холбочихсон, энэ хавьдаа л хүмүүс илүү их дуртай төвлөрөх байх гэж судлаачид ярьдаг хэсгүүд байгаа. Энэ зүйлүүдтэй зөвлөмжид орж байгаа юмнууд маань хэр зэрэг аль аль талаас нь бодсон юм болоо гэж лавлах гэсэн юм. Нэгэнт бид ийм том зөвлөгөөн хийж, гарч байгаа зөвлөмж нь ямар нэг байдлаар хэрэгжих юм гармаар байна. Хэрэгжих үндэслэлийг нь бодож асууж байгаа юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: - За ойлголоо, үндэслэлийг би тайлбарлая. Үүнд маш тодорхой хариулт өгнө. За Лхагважав.

Б.ЛХАГВАЖАВ: - За баярлалаа, Ерөнхий сайдаас нэг асуулт байна. 50 сая ам.доллар орж ирж байгаа, тэрийг мянган айл авна гэж байна, өнөөдөр 30 гаруй мянган орон сууц баригдчихсан хоосон байж байгаа. Мянгаас гуч дахин илүү орон сууц байна, нөгөө талаас Сүхбаатар дүүргийн 6, 7 дугаар хороо, Гандангийн хороололд 20-иод мянган айл байгаа, эд нарыг хооронд солих бололцоог хайж болохгүй юу? Ялангуяа 50 сая доллараар шууд бэлэн байшин авчихаад, тэр газар дээр барилгаа тодорхой үнэ тохирно шүү дээ, тэр тохирсон компанийг шууд ажилд нь оруулж барилга бариулах ажлыг нь өгөх юм бол энэ асуудал хавартаа шийдэгдчих асуудал юмаа. Хоёрдахь асуудал нь, өчигдөр үзэсгэлэн гарсан байгаа, ний нуугүй хэлэхэд өнгөрсөн таван жилийн хугацаанд утаатай холбоотой бизнесийг монополь байдалд оруулаад хэдхэн хүмүүсийн эрх ашигт нийцүүлж хийсэн байгаа. Өчигдөр тэнд очсон тавь гаруй компанид зах зээл байхгүй байна, манай Монхимийн судалгааны ажил, энэ компаниудын бүх түлшнээс авахуулаад бидний ярьж байгаа бүх юмыг шийдэх асуудал нь шийдчихсэн компаниудын зах зээлийг нь өгөхгүй байж байгаа нь өчигдрийн үзэсгэлэнгээр харагдаж байгаа шүү. Яагаад гэвэл нэг, хоёрхон компани энэ монополийг авчихаад сүүлийн таван жилд тавиагүй, зах зээлийг нь нээгээд өгчих юм бол тэр цахилгаанаас эхлээд газуудаар ажиллах бүх юмыг нь хийх компаниуд бэлэн болчихсон байна. Энэ зах зээлийг чөлөөтэй нээж өгөөч ээ л гэсэн асуудлыг тавьж байна. Баярлалаа.

Ж.ЭРДЭНЭБАТ: - Тавин сая долларын асуудал бол хөнгөлттэй зээл учраас тухайн орныхоо шаардлагын хүрээнд зарцуулна, худалдаж авч болдоггүй. Зээл тухайн орны шаардлагын хүрээнд болохоор тухайн орны компани ирж барих байх гэж бодож байгаа, угаасаа тийм шаардлагатай байдаг. Гучин мянган айлын орон сууц байгаа гэдэг бол талбайн хэмжээнээсээ эхлээд ипотекийн зээлд хамрагдах бололцоогүй байрууд байгаа. Ипотекийн зээлийн эх үүсвэр нь өөрөө хүрэлцээ муутай байгаа учраас борлуулалт тааруухан байгаа. Гандан орчмын айлууд, энэ бол Улаанбаатар орчмын төвд байгаа, тэгээд утаа үйлдвэрлээд байгаа хэсэг байгаа юм. Үүнийг бид хот төлөвлөлтөндөө оруулж байгаад тэр хавийн айлуудыг бүгдийг орон сууцыг нь оруулж газраа чөлөөлж авах асуудал зайлшгүй энэ тэргүүнд шийдэх асуудлыг нэг болчихоод байгаа юм. Зах зээл чөлөөлөх асуудал дээр, таны хэлж байгаа Монхими гээд шатахуунд шингэн хийгээд шатахууны шаталтыг бүрэн болгодог, утааг багасгадаг, шатахууныг хэмнэдэг шингэн бодисыг монголчууд өөрсдөө хийчихсэн байгаа, үүнийг Нийслэлийн засаг даргад үүрэг өгөөд, ер нь бол бүх нийтийн тээврийн автобусуудыг үүнийг хэрэглэдэг юм руу оруул гэж хэлсэн, хоёр зуун тавин литрт таван зуухан грамм л ордог юм байна лээ. Өөрсдөө монголчууд ийм зүйлээ үйлдвэрлэж чаддаг болчихоод байхад тэрийгээ хэрэглэхгүй заавал импортоор аваад байх шаардлагагүй гэж үзэж байгаа.

А.АЛИМАА /Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо/: - Би Ерөнхий сайд болон Хотын даргаас хоёр асуулт асууя. Агаарын тухай хуулийг УИХ-аар 2012 оны 5 дугаар сарын 17-нд баталжээ. Үүний 3.15-д агаарын чанарыг сайжруулах бүс гэж юу юм бэ гээд заагаад өгчээ. 6.4-д Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан батлуулж УИХ-д жил бүр тайлагнана гэж байгаа, та 2016 оныхоо тайланг тавьсан уу? Хотын даргаас. Агаарыг хамгаалах үндэсний хөтөлбөр, 1999 оны Засгийн газрын 82 дугаар тогтоол одоо болтол хүчинтэй байгаа. 15.3 дээр нийслэлийн агаарын чанарын бүсийг жил бүр шинэчлэн тогтооно гэж байгаа, гэтэл Колумб Америкийг нээсэн шиг бид нар ийм юм хийж байгаа, яриад сууж байх юм. 2013, 2014 онд үүнийг тогтоож байсан шүү дээ, 2015, 2016 оных нь хааччихсан юм бэ, одоо 2017 оныхыг би хийх гэж байна гээд яриад сууж байх юм. Ийм хоёр асуулт асууя. Хууль эрх зүйн бүх санкц чинь байгаа, бүх дүүргийн, хорооны засаг даргууд ийм ийм эрхтэй гээд энэ хуулин дээр байгаа.

Ж.ЭРДЭНЭБАТ: - Би түрүүн илтгэлдээ хэлсэн, өвлийн хөтөлбөр боловсруулах хэрэгтэй гэж, тэр талаар хэлэх хэрэгтэй гэж ойлголоо. Хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ миний хэлээд байгаа юм юу вэ гэхээр таны яриад байгаа тэр олон цааснуудыг чинь үйлдвэрлэхээ больё оо гэж байгаа юм. Нэг л олон цаас үйлдвэрлэдэг, тэгэх ёстой, ингэх ёстой, хэзээ ч хэрэгждэггүй, одоо бодитой л ажил хийе, бодитой ажил хийж байж утааг бууруулна уу гэхээс биш хичнээн ширхэг цаас үйлдвэрлэснээрээ утаа буурна гэсэн ойлголт байхгүй.

С.БАТБОЛД /Нийслэлийн засаг дарга/: - Чанарын бүсийг жил болгон тогтооно гэж, өнгөрсөн дөрвөн жилд нүүрс тараагаад явчихсан юм чинь бүгдээрээ нүүрс түлж эхэлсэн. Дөрвөн жил үүнийгээ тогтоогоогүй, харин одоо бид гарч ирээд бүсээ шинэчилж тогтоолоо гэж хэллээ, үүний юу нь буруу болчихоод байгааг мэдэхгүй байна. Энэ захирамжуудаар хуулинд заасан эрх үүргээ дахиж сайн хэрэгжүүл гэдгээ дүүргийнхээ засаг дарга нар, мэргэжлийн хяналтын байцаагч, холбогдох хүмүүст нь үүрэг болгож байна. Үүнийхээ дагуу бид дөрвөн жилдээ энэ бүх хязгаарлалтуудаа хэрэгжүүлэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллах болно гэдгээ хэлэх байна.

Ц.ПҮРЭВХҮҮ /Утааны эсрэг аав ээжийн холбоо/: - Ерөнхий сайдаас асуух асуулт байна, эмнэлгийн хэмжээнд 600 ор нэмсэн, гэхдээ эмнэлэг 80 хувь даацаа хэтрүүлчихсэн ажиллаж байна. 600 ор нэмсэн чинь үнэхээр хангалтгүй учраас жилд 500 хүүхэд уушиг, хатгаанаас болж нас барж байна, цаашлаад агаарын бохирдолтой холбоотой өвчнөөр нас барсан хүүхдүүдийн тоо 1500, том хүмүүстэйгээ нийлээд зөвхөн нэг жилд 4765 хүн 2015 онд нас барсан. Та нарын эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх дараагийн арга хэмжээнүүд чинь үнэхээр хангалттгүй байгаа учраас эмэгтэйчүүд бид абортонд орж ханалаа, хүүхдүүд нас барж ханалаа, арга хэмжээ яаралтай аваач ээ гэхээр 600 ор нэмчихсэн гээд байгаа чинь үнэхээр хангалттгүй байна. Цаашдаа авах арга хэмжээ чинь тодорхойгүй байна шүү дээ, эмнэлгийн хүртээмжээ яаж нэмэгдүүлэх юм бэ, 2030 он хүртэл агаар буурах ёстой, тэрнээс нааш утаа арилахгүй гээд байх юм. 2030 он хүртэл 7000 хүүхэд нас барна шүү дээ энэ хурдаар бол, энэ 7000 хүүхдийг нас барахыг та хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг юм уу, Хотын даргаа, Ерөнхий сайд аа? Эмэгтэйчүүд бид абортонд ордог, тогоо шиг том гэдэстэй ээжүүдийн хүүхдүүд гэдсэндээ амьгүй болдог, жирэмсэн болоод дараа нь зүрх нь цохилохоо больдог энэ хавтгайрсан асуудал дээрээ ямар арга хэмжээ авах юм бэ. Энэ чинь ерөөсөө тодорхойгүй байна.Та сая хэлсэн, 600 ор нэмэгдүүлсэн, цаашдаа эмнэлгийн нөхцөл байдлыг сайжруулна гэдэг чинь тодорхойгүй байгаа юм. Хүүхдүүд эмнэлгийн шалаар хэвтэж байгааг та нарыг мэдэхгүй байгаа юм байх гэж бодоод энэ зургуудыг авч ирсэн, энэ бол 12 дугаар сарын 30-ны байдлаар авсан зургууд. Энэ зургуудыг манай Утааны эсрэг ээж аавуудын холбоонд нэгдсэн ээж аавуудын зүгээс та бүхэнд дурсгаж үлдээгээрэй гээд хэвлэж өгөөд явуулсан шүү. Бид үнэхээр туйлдчихаад байгаа учраас ээж нар -30 хэмийн хүйтэнд жагсаад байна шүү дээ, бид нарыг ингэтэл нь битгий зовоогооч гэж хүсч байна.

Ж.ЭРДЭНЭБАТ: - Засгийн газрын хувьд байгаа бүх нөөц бололцоо, байр сав, ор дэрээ ашиглаад ор нэмээд л байгаа юм, энэ жил гэнэт манай ээжүүд жагсаад эхэлсэн. Энэ асуудал чинь 10 жил яригдаж байгаа асуудал, өнөөдөр гэнэт үүсчихсэн асуудал биш, үүнийг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Манай Засгийн газар бодитой арга хэмжээ хийчихье гээд зүтгээд байгаа, гэхдээ та нарын ташуур өгч байгаад баярлаж байна. Ташуурдуулсан морь яаж ухасхийдэг билээ, тэрэн шиг л явж байгаа. Та өөрөө өмнөх Засгийн газруудын хувьд бодитой арга хэмжээ хийгээд өнөөдөр агаарын бохирдол ямар болсон билээ гэдгийг өөрөө мэдэж байгаа, мэдэж байгаа байж дөнгөж байгуулагдаад жил болоогүй Засгийн газар руу ингээд дайраад байгаад харамсаж байна. Бид ядаж ажлынхаа үр дүнг үзчихмээр байна шүү дээ, тэгээд та нар өөрсдөө хэдэн эцэг эхчүүдийг хар хүйтэнд гадаа жагсаагаад байх юм. Хүүхдийн мөнгө тухайн үед зорилтод бүлэгт нь олгоё гэж байхад хүүхдүүдээ Сүхбаатарын талбай дээр аваачиж тавиад байсан, ийм юм хийгээд байх шаардлага байхгүй, харин хэдүүлээ хамтраад ажиллая л даа.

Та нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр унаад байгаа машин чинь 10 жилээс дээш л бол заавал шүүлтүүр тавьчих, би эх хүний хувьд хэлж байна, та битгий покрышк түлээд бай, эх хүний хувьд таньд хэлж байна гээд та нар маань ийм ажлыг давхар хий л дээ. Бид бас тийм юм хийе гэвэл хэвлэл мэдээллийн байгуулага наана цаана юмнуудтай холбоод дэмжээд хамтраад ажиллая. Нэг хэсэг нь талбай дээр орилоод юм уу эсвэл жагсаад, тэгснээрээ утаа буурчихдаг бол бүгдээрээ гараад жагсаад байя л даа, утаагүй болчихъё. Утаа бууруулахад бүх хүний оролцоо хэрэгтэй, ханиад томууны асуудал хүндрээд л байна, энэ үнэхээр агаарын бохирдолтой шууд холбоотой юу гэхээр холбоотой. Оны өмнө Засгийн газрын хуралдаан дээр эрүүл мэндийн сайдад нэг ч хүн газар хэвтэх ёсгүй шүү гэж хэлсэн. Коридортоо ядаж орыг нь тавьж өгөөд хэвтүүлээ гэж үүрэг даалгавар өгсөн байгаа. Саяын энэ зургийг аль эмнэлэг юм бэ, Цогцэцэг сайд та үүнийг тодруул, аль эмнэлэг таны өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхгүй байгааг шалга, хариуцлага тооц, өнөөдөр та хурлын дараагаар энэ улсуудтай уулзаад аль эмнэлгээс энэ зургийг авсан байна, тэрийг очиж үзэх хэрэгтэй шүү.

Ц.ЭЛБЭГДОРЖ: - Одоо шийдвэр гаргаж үйл ажиллагаагаа идэвхжүүлэх цаг болсон. Ерөнхийлөгч, Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, манай хотын сонгогдсон улсууд, үүрэг хүлээсэн улсууд асуудлыг шийдэх гэж цугласан байгаа. Үүнийгээ бид бүгд сайн ойлгож байгаа. Асуудал шийдэхгүй бол эрх мэдэл байгаад хэрэггүй, асуудал шийдэхгүй бол мөнгө ч байгаад хэрэггүй. Шийдүүлэх чиглэлд 9 саналыг хэлье.

нь, бид 2011 онд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж тодорхойлж байсан утаа, агаар, орчны бохирдлыг ҮАБЗ-ийн хэмжээнд одоо сууж байгаад бүгдээрээ гамшиг гэж тодорхойльё оо. Улаанбаатарт байгаа энэ нөхцөл байдал бол гамшиг боллоо, тэгэхээр бидний цаашаа алхах үйл ажиллагаа тодорхой болно. Гамшиг болсон газар яадаг вэ гэхээр хязгаарлалтын бүс тогтоодог, хотоос эхлээд хийж байгаа ажлыг дэмжих хэрэгтэй. Улаанбаатар хот, дүүрэг, хороо, хэсэг бүхэн хязгаарлалтын бүсээ тогтооно, тэр гамшиг болж байгаа газар ямар байдлаас гамшиг болж байгаа бүртгэл үйл ажиллагаанууд бүгд явна. Тэгээд дээр нь гамшиг болсон газар хориглох үйл ажиллагааг авдаг, манайхан бүгд мэддэг, аль ч оронд. Юуг хориглох юм бэ, үүнийгээ маш тодорхой гаргая, шилжилтийн асуудлыг нэг жилээр биш хэдэн жилээр хориглох асуудал. Яндан нэмэхгүй, хаймар түлэхгүй гамшгийг бүсэд. Гамшиг болоод байна шүү дээ, гамшгийг бид нэмэмээргүй байна, гамшиг дээр нэрмээс болмооргүй байна. Хог хаягдал түлэхгүй, дээр нь иргэдэд юуг түлж болох юм бэ, Улаанбаатарт тараасан зуухны нэлээд хэсгээр Өмнөговийн айлууд нүүрс түлээд сууж байгаа, Тавантолгойн нүүрс түлэхэд халалт, дулааны хэмжээ нь асар өндөр, гарч байгаа утаа нь бага байгаа. Зуны гурван сард энэ асуудлыг шийдэж болно, араас нь хийн асуудлыг оруулж ирж болно, тэр Тавантолгойн тендерийнхээ нөхцөлд оруулаад шийдээд өгч болно, асуудлын шийдэл байгаа. Тийм учраас хориглох зүйлээ гаргая аа.

            Хоёрдугаарт, гамшиг гэж үзэж байгаа бол бүгдээрээ онцгой байдлын горимоор ажиллая. Засгийн газар ч онцгой байдлын горимоор ажиллая, аж ахуйн нэгжүүд, иргэд, байгууллагууд бүгдээрээ онцгой байдлын горимд шилжих хэрэгтэй. Энгийн нөхцөл байдалд ажиллаж болохгүй, хуучнаар явж ирсэн шигээ хуралдаад, толгой дохиод бие бие рүүгээ хараад суугаад байж болохгүй. Онцгой байдлын горимоор ажиллая, ингэхийн тулд хамгийн түрүүн шийдэх асуудал бол Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Орчны бохирдлын асуудлаарх онцгой байдлын үндэсний хороо гэж нэрлэх хэрэгтэй, тэгээд Ерөнхий сайд ахална, тэгээд онцгой горимоор ажилла. Нэгэнт онцгой горимоор ажиллаж байгаа учраас хариуцлага ярьдаг болно, одоо бие бие рүүгээ мэдэгдэл хийгээд зогсоод байж ерөөсөө хэрэггүй. Энэ Үндэсний хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ, хууль хяналтын байгууллага ингэж ажиллана, Үндэсний хороо, ҮАБЗ-өөс гарч байгаа, Их хурал, Засгийн газраас гарч байгаа шийдвэр хэрэгжихгүй бол үүн дээр тэр хуулийг хэрэгжүүлнэ, шүүх нь ингэж ажиллана, хууль хяналтын байгууллага нь ингэж ажиллана гээд. Одоо хариуцлага хүлээдэг болноо. Хамгийн гол асуудал бол нэг эрх ашигтаа захирагдая, иргэдийнхээ нийтлэг эрх ашигт, амьд явах эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ашиг. Би өнөөдөр гарч байгаа шийдвэрийг Цэц рүү, хууль хяналтын байгууллагын улсуудад танилцуулна, хүргүүлнэ. Нэгэнт гамшиг гээд тохирчихсон, Үндсэн хуулин дээр биччихсэн байгаа саяын тэр дээд эрхийг, үүнд нийцүүлж шийдвэр гарч байгаа учраас бүх үйл ажиллагаа үүнд зохицож явах ёстой.

            Гуравдугаарт, гамшиг болсон газраас яадаг юм бэ? Хамгийн түрүүнд нүүлгэн шилжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэдэг. Энэ ээж аав, ард иргэдийн амьдрал ямар байдалтай байна вэ, Монголд утааныхан гэдэг шинэ үе бий болчихлоо, эрүүл мэндээрээ хохирчихсон, цаашаа амьдралын баталгаа нь байхгүй, утааны үеийнхэн. Бид үүнийг хэдэн жил, сараар сунгах юм бэ? Сунгах боломжгүй. Тийм учраас утааны асуудал бол яг үнэндээ монголчуудын өөрсдийн тарьсан гамшиг шүү, монгол хүний бий болгосон гамшиг, бидний өмнөөс хэн ч ажиллахгүй, бидний өмнөөс хэн ч шийдэхгүй, энд байгаа Их хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч, хот, энд байгаа монголчууд бүгдээрээ, амьсгалж байгаа бүхэн  шийдэхийн төлөө явна. Шийдвэрээ гаргаад өгөөч гээд ард түмэн шаардаад байна шүү дээ, ҮАБЗ-өөс замын зургийг нь гаргаж өгье, чиглэлийг нь гаргаж өгье, энэ шийдвэр, энэ зөвлөмжийг бариад бүгд ажилла, би өөрийгөө ийм л үүрэгтэй гэж бодож байгаа. Би Монголын ард түмний нэрийн өмнөөс, Монгол Улсын нэрийн өмнөөс энэ шийдвэрийг гаргахад энэ саналыг хэлж байгаа үзэж байна. Тэгэхээр нүүлгэн шилжүүлье ээ, бид маш олон ярьсан, 2005 онд Хархорум хотыг сэргээн байгуулах үндэсний хөтөлбөр батлая гээд санал оруулж байсан. Сая хүн асууж байна, ер нь бид Монголынхоо хэмжээнд сэтгэе, дөрвөн уулаасаа гаръя. Манай Төв аймгийн сум, дээрээс нь Хэнтий, Булган гээд. Булган руу манай аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд байгуулагдаад явж байна, Төв аймагт зөндөө олон газрууд байна. Монгол уудам газар нутагтай, энэ боломжийг нүүж байгаа, шилжиж байгаа улсууддаа олгоё. Миний бодлоор 2017 онд УИХ-ын ордон нүүх шийдвэрээ гаргах хэрэгтэй, үүнийг улс төрийн эр зориг гэдэг юм, үүнийг улс төрийн шийдэл гэдэг юм. Концессоор олон янзын мөнгө амлаж байдаг, Их хурлын ордон бариулах концессын мөнгийг Монгол улс төлж л таараа. Хаана шилжүүлэх вэ. Төрийн захиргааны байгууллагууд гарах хэрэгтэй, яам агентлагууд, тэгээд араас нь төмөр зам дагасан дэд бүтцүүд гарах хэрэгтэй, бүх зураг нь байж байгаа, Ерөнхий сайд одоо үүнийг хурдлуулах хэрэгтэй. Богд уулын урдуур тавих тэр замыг төмөр замын агуулах сав, дэд бүтэц гээд маш их ажлууд байгаа. Маш их түгжрэл, маш их хүндрэл эндээс гарна, дээрээс нь бохир хог хаягдал, аюултай хог хаягдал үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Тэдэнд боломж олгоод, тэд нар нь бусад сумын нутаг дэвсгэр, аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахад газрынх нь түрээс хөнгөн, урамшуулалтай нөхцөл байдлыг бий болгож өгөх хэрэгтэй. Тэгээд араас нь явуулах газар бол боловсролын байгууллага. Өнөөдөр их, дээд сургуулийн консорциум гээд холбооны удирдлагууд нь ирчихсэн байгаа, энэ ажлыг санаачлаад хамтраад ажиллах хэрэгтэй, одоо цаг нь болсон. Нэгэнт гамшиг гээд тохирчихлоо шүү дээ.

            Дөрөвдүгээрт, за ингээд гамшиг боллоо, онцгой горимоор ажиллаа, нүүлгэн шилжүүлэлт хийлээ, одоо энэ Улаанбаатарт суларсан байгаа тэр бүсүүдийг нөхөн сэргээх хэрэгтэй байгаа юм. Маш олон янзаар оролдлоо, одоо энэ утааны бүсийг эко бүс болгоё, ногоон байгууламжийн бүс болгоё. Ерөөсөө утаа гаргаад байгаа хэсгийг ногоон коридор болгох хэрэгтэй, Монгол улс ийм бодлогоо зарлая. Баянхошуу, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дамнуулаад утаа төвлөрөөд байгаа Улаанбаатарын хойд талаар барилга бариад ч нэмэргүй болсон, орчин нь бохирдчихсон, ус нь байхгүй, тэнд хүн амьдрах аргагүй, нөхөн сэргээлт наад зах нь 20-60 жил явагдана, зүгээр л ногоон байгууламж. Аж ахуйн нэгжүүд, ажилчид нь нүүж байгаа бол тэнд хашааных нь газрын аваад ногоон талбай л бий болгоё. Түүнийгээ үнэ хүргээд бариад янз бүрийн юм болгоод суугаад байдаг биш баригдсан байшин, нүүлгэж шилжүүлэх юмруугаа энэ хүмүүст нөгөө талд нь боломжийг нь олгоё. Эхлээд бид хөрсөө эрүүлжүүлэхгүй бол ямар ч бүтээн байгуулалт хэрэггүй ээ, энэ тухай яриад хэрэггүй. Хөрс, ус бүх зүйл гамшгийн хэмжээнд хүрчихсэн байгаа учраас 60 жилийн дараа бидний хойч үе, тэртэй тэргүй монголын ирээдүй ирээд асуудал шийднэ. Урд талаараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хойд талаараа ногоон бүс коридортой л болох хэрэгтэй. Ингэхгүй бол болохгүй байгаа юм, азотын исэл, хүхрийн исэл гээд сая ярьж байна, үүнийгээ Улаанбаатарын ногоон байгууламж шүүж хүч хүрэхээ байсан. Хүн байтугай байгаль энэ гамшгийг хүч хүрэхээ байчихсан, тэгээд Улаанбаатар руу, гамшгийн бүс рүү одоо байгаагаа додомдоё, шинээр хөрөнгө оруулалт хийхээ больё оо. Ойлгогдож байна уу, энд байгаа аж ахуйн нэгжүүд? Байж болох ямар хөрөнгө оруулалт байдаг юм тэр жагсаалтаа гарга, бусад хөрөнгө оруулалтаа Монголынхоо нийт хэмжээ рүү хийе, дотоодын хөрөнгө оруулагчид дээр хэлсэн аймгууд руу, сумууд руу, нүүлгэн шилжүүлж байгаа тэр газрууд руу илүү хөнгөлөлт үзүүлж байгаа газрууд руу хийе. Би энэ асуудлуудыг нэртэй устай нь бичээд авчихсан байгаа, жишээ нь нөхөн сэргээлтийн асуудал дээр Байгаль орчны яам бүтнээрээ ажиллах шаардлагатай, нүүлгэн шилжүүлэх гээд эхлэхээр Ерөнхий сайд, шадар сайд, Хэрэг эрхлэх газар энэ төлөвлөгөөнүүд дээр одоо шууд суух хэрэгтэй.

            Тавдугаарт нь, хэдийгээр гамшиг хүндрэл байгаа боловч аливаа улс үндэстэн үүнийгээ боломж болгож эргүүлдэг, дахин төлөвлөлт, үндэсний их бүтээн байгуулалт хийх нөхцөл болгодог. Тийм учраас Төв аймгийн сумд руу, манай суманд ирээд сургуулиа барь, манай суманд ирээд үйлдвэрээ барь, манай суманд ирээд үйлчилгээгээ барь, манай сум руу замаа тат. Төв, Булган, Сэлэнгэ, Хэнтийг оролцуулаад хурдны тойрог замуудаа байгуул. Төв аймгийн ард иргэд баярлана, хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ, ингэж харах хэрэгтэй. Москва хот, Москва муж гээд бид хойд хөршөөсөө жишээ авах дуртай шүү дээ. Аль нэг юмыг нөгөө талаас нь юм уу, явахгүй байх ийм бишүү гэдэг талаас биш болох талаас нь бодох юм бол бүрэн явах боломжтой. Өвөрхангай аймгийн Хархорин сумыг нийслэлийн баримжаатай жишиг хот болгож хөгжүүлэх төлөвлөгөөг энэ жил батлах хэрэгтэй, бэлэн төлөвлөгөө нь байж байгаа, судалгаа нь байгаа. Одоо манайхан нүүнэ гэвэл Улаанбаатарынхаа урд руу гарна, уг нь Улаанбаатарын урд руу нисэх онгоцын буудлыг түшиглээд чөлөөт худалдааны, аялал жуулчлалын бүс бий болгомоор байгаа юм. Өвөрхангай руу шилжих гэдэг нь ерөнхийдөө нутгийнхаа төв рүү явж байгаа, бидний өвөг дээдэс тэнд хот байгуулахаа сонгож байсан юм байна лээ. Ялаа батгана багатай юм байна, ус ундтай юм байна, харууцтай газар байна гэж сонгож авч байсан юм, тэгэхээр тийм газар руугаа бид төрийн захиргааны байгууллагаа явуулмаар байгаа юм, аягүй бол ярьж ярьж байгаад Улаанбаатарын урд руу гарах гэдэг сонголт руу л явах болов уу. Их хол замаа харах, Монголыг бодох юм бол тэр бол сонголт биш, энд байгаа дэд бүтэц дээрээ бусад бизнес нь босгог л дээ. Тэр шинэ эко хотууд нь, аялал жуулчлал нь, чөлөөт худалдааны бүс, бооцоот тоглоом гээд зөндөө юм байгаа юм, их, дээд сургуулийн хотхонууд нь Улаанбаатарынхаа урд руу гараг л дээ. Энэ асуудлуудыг өнөөдрөөс эхлээд Барилга, хот байгуулалтын яаман дээр бэлэн бүтэц нь байгаа, ерөнхий захиалагчийн товчоо гэдэг маягаар давхар үүрэгжүүлээд ажиллуулах хэрэгтэй. Энэ үйл ажиллагаанд миний бодлоор Төв аймаг, Өвөрхангай, Булган, Хэнтий, Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, ийм хэмжээнд харж тэлэх хэрэгтэй Улаанбаатарын эхний тэлэлтийг. Энэ аймгууд иргэдийн хурлаа хийгээд засаг дарга нь асуудал оруулаад урьж эхлэх хэрэгтэй, асуудал шийдэгдэнээ, ингээч гэж бидний сонгосон гэж бодож байгаа. Би ийм шийдвэр гаргах, ийм шийдвэр хэрэгжүүлүүлэхийн төлөө ажилламаар байна.

            Зургадугаарт, хэн, ямар хугацаанд, яаж ажиллахыг маш тодорхой зааж өгөхгүй бол болохоо байлаа. Маш тодорхой хэлье, ҮАБЗ энэ асуудлаар улиралд нэг удаа хуралдая, 2017 оны 3 дугаар сард нэг хуралдана, 2017 оны 6 дугаар сард нэг хуралдана. УИХ хавар, намрын чуулганаараа орчны бохирдол, дахин төлөвлөлтийн асуудлын заавал авч хэрэлцэх ёстой, энэ жилийн ээлжит бус чуулган хийж саяын миний ярьж байгаа асуудлаар Засгийн газар саналаа оруулаад ирэнгүүт яръя. Засгийн газар яг энэ асуудлаар тусгайлсан хуралдаан хийе. Одоо ингээд төлөвлөчих, бид бас хуралдаж асуудлыг шийддэг улсууд, цагаан сар өнгөрөөд 3, 4 дүгээр сар гараад ирэнгүүт утаа нь гайгүй болоод ирэхээр тайвширч эхэлнэ. Яг үнэндээ бол зуны улиралд ч гэсэн энэ хор арилахгүй байгаа юм, давхар исэл чинь арилдаггүй юм байна. Машин явж байхад ч хордож байгаа юм. Уулын энгэр, булан тохойд байгаа улсууд өөрсдийгөө хоргүй газар амьдарч байгаа гэж бодож байгаа, хамгийн хортой агаараар давхар амьсгалаад сууж байгаа шүү дээ, бүү андуур эндээс хэн ч хожихгүй, хэн ч зугатахгүй. Онцгой байдлын үндэсний хороо сард нэгээс доошгүй заавал хуралдах хэрэгтэй, Гарамжав дарга аа, танай байнгын хороо энэ асуудлыг байнга ярьж байгаач, хүмүүсийн анхааралд оруулаач, хэлэлцэх асуудлынхаа төлөвлөгөөнд оруулчихаач. Тусдаа дэд хороо байгуулсан, маш сайн, манай Их хурал. Батзориг дарга аа, миний бодлоор бол дэд хороо сард нэгээс доошгүй хуралдаж баймаар байна, нэгээс доошгүй маш тодорхой үйл ажиллагаа явуулмаар байна. Тэгээд энэ засгийг шаардаад олон нийттэйгээ хамтраад ажиллахад үр дүн гарнаа. Энэ Их хуралд энэ асуудлыг хамгийн удаан сонссон, сонсож ирсэн тэр гишүүд энд байж байгаа, дээр нь бүрэлдэхүүний бараг жараад хувь юм шийдье гэж ирсэн шинэ их хурлын гишүүд гэж харж байгаа шүү. Энэ засгийн газарт шийдвэр гаргах улс төрийн бүх боломж нь байгаа гэж харж байгаа, би маш их итгэж байгаа, тийм учраас энэ Их хурлын үйл ажиллагаа, Засгийн газрын энэ чиглэлд авч байгаа бүх үйл ажиллагааг хоёр гараа өргөж дэмжинэ. Нийт ард иргэддээ, энэ чиглэлд авч байгаа арга хэмжээг нь дэмж гэж уриалж байна, итгэж байна. Энэ үед л шийд, энэ бүрэлдэхүүн юм шийдье гэсэн сэтгэлтэй, хүндрэл бэрхшээл бүх юман дундуур төрөхөөсөө аваад яваад ороод ирчихсэн залуу гишүүд нь гэхэд тийм улсууд байгаа. Ахмад гишүүд нь гэхэд удаа дараа сонгогдоод ороод ирчихсэн бүх үеийн боломжийн төлөөлөл бүрдсэн, бас юм шийдэж чадах Засгийн газар, Их хурал байгаа шүү. Улаанбаатар хот, Иргэдийн хурал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг энэ асуудлаар тусдаа хуралдана гэж бодож байгаа, Сундуй даргаа. Ерөөсөө засаг даргын хийж байгаа зүйлийг Улаанбаатар телевизээрээ дамжуулж байгаад сар бүр яримаар байна. Өнөөдөр ярьж хэлэлцэж байгаа асуудлыг 2 дугаар сарын 20-ны дотор Засгийн газар бэлдээд УИХ-д өргөн барих хэрэгтэй, хугацаа байна.

Бид судалж ханасан, тооны хойноос хөөцөлдөж ханасан. Манай Засгийн газар хөрөнгө санхүүгийн асуудал хүндрэлтэй гэж байгаа, Монголыг муухай харагдуулж байгаа, Монголоос бүхнийг зугатаалгаж байгаа, тэр дотроо хөрөнгө санхүүг зугатаалгаж байгаа хүчин зүйлийн чинь нэг энэ шүү. Монголчууд орчны бохирдлынхоо асуудлыг шийддэг болж байгаа юм байна, энд монгол хүн, бидэнтэй хамтарч ажиллах гэж өөр хүмүүс ирдэг, энэ нь эрүүл болж байгаа юм байна гэвэл эргүүлээд Монгол руу тэр хүмүүсийн итгэлийг татдаг хүчин зүйл болж хувирна шүү. Ийм учраас эдийн засаг, санхүү бүх түвшинд харж асуудалд хариуцлагатай хандая гэж бодож байна. Одоо улс шиг асуудлаа яриад, төр шиг шийдэж баймаар байна. Энэ асуудал дээр улс төржсөн, бид л хийсэн, тодрох гэсэн асуудал хэрэггүй ээ. Зүгээр л хамтарч ажиллая. Хэн ямар хугацаанд юу хийхийг маш тодорхой хэлж өглөө.

хариуцлага, хамгийн их орхигддог хамгийн чухал зүйл бол хариуцлагын асуудал. Утаанаас болоод Засгийн газар огцорчихсон, утаанаас болоод дүүрэг, хорооны засаг дарга нар огцордог байсан бол энд дэвшил гарах байсан юм. Өмнө миний санаачилж оруулсан хуулин дээр тэр тухай тодорхой заасан боловч Их хурал дээр хэлэлцэх явцдаа мөлийлгөсөн байдаг. Тэгэхээр хариуцлагын асуудлыг оруулж ирэх хэрэгтэй.

Зөвхөн засаг дарга нарын асуудал бишээ, бас ард иргэдийн асуудал, монголчуудын өөрсдийн бий болгосон гамшиг гэж би хэлсэн, тийм учраас хамтарч яръя. Их хурал, Засгийн газар, хот, дүүрэг, хороо, хэсэг, хамгийн түрүүн хиймээр нэг ажил бол манай хэсгийн дарга нар урамшуулал аваад байж байгаа, хороо бүр дээрээ бүртгэлээ л гаргачих, яг танай хороонд хэдэн айл байгаа юм бэ, хэдэн айл нь огт утаа гаргахгүй байгаа юм бэ, хэдэн айл нь халаалт, цахилгаанаа хослуулж ашиглаж байгаа юм бэ, хэдэн айл нь нүүрс түлж байгаа юм бэ, хэдэн айл нь хог хаягдал түлж байгаа юм бэ, бүгдийг нь гаргая. Бүгдийг нь фэйсбүүк, твиттер рүү оруулчих, хорооныхоо зургийг самбар дээрээ бичээд гаргачих, энэ самбаруудыг сонгууль болоход ашигладаг юм бишээ, энэ самбарыг ард иргэдийн төлөө хийж байгаа ажлаа олон нийтэд тайлагнахын төлөө ашиглах хэрэгтэй. Өнөөдөр манай хороон дээр 700 айл байсан тэд боллоо, манай хэсэг дээр 220 айл байсан 190 боллоо гээд, энэ бол хариуцлагын асуудал. Бүртгэлийг нэрээр нь гаргамаар байгаа юм, бид нэг зүйлийг хаясан байна лээ, айлуудад өгсөн зуухныхаа бүртгэлийг хүртэл гарга, нэг талдаа болохгүй байгаа бүртгэлээ гарга, нөгөө талдаа зуух, бүрээс, дулаалга өгч байгаа бүх бүртгэлээ гаргаад үүрэгжүүлэх хэрэгтэй. Тэр гэрт гэрийн эзэн сууж байгаа, насанд хүрсэн хүн байгаа, ингэхгүйгээр явахгүй ээ, тэгээд тэр улстайгаа очоод танайд ийм юм байна, одоо юу хэрэгтэй байна вэ гээд саналыг нь сонсох хэрэгтэй.

Улаанбаатарт ирсэн хүмүүс бол амьдрал хөөж ирсэн шүү дээ, аятайхан амьдрах гэж ирсэн, тэгсэн гамшгийн бүсэд ороод ирсэн байна. Одоо хамтарч ажиллая гэж ард иргэддээ хэл, ийм учраас хязгаарлалт тогтооё, ийм учраас нүүлгэн шилжүүлэлтийг зогсооё, Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, иргэдийн амьд явах эрхтэй холбогдсон асуудлаар ийм алхамыг төр засаг хийж байна, бүх шатандаа нэгдмэл ойлголттой боллоо, энүүнээс цааш суух аргагүй юм. Дээрээс нь хэвлэл мэдээллийн улсуудыг яагаад урьсан юм бэ гэхээр улс төрийн утга агуулгаар тодорхой юм хийх гэхээр нөгөө гэрээнүүд хийдэг, Солонгос кино үзүүлдэг, хоолны шоу хийдэг тэр цагуудын дундуур саяын юмнуудыг их явуулмаар байгаа юм. Телевиз бүхэн Улаанбаатартай хамтраад газар нутгаар нь бүгдээрээ гэрээ байгуулмаар байна, тэр айл ямар ч телевиз рүү шууд утасдаж болж байна. Хаймар түлээд хар утаа олгойдоод ирэхэд л шөнийн дуудлага гээд зарим телевиз дээр нэвтрүүлэг байсан, маш үр дүнтэй шүү дээ. Ер нь хүнд муу юм хийж байгаа нь мэдэгдэхээр л тэрийгээ зогсоодог юм. Хүн ямар үед муу үйл ажиллагааг зогсоодог юм бэ гэхээр ичихээрээ зогсоодог юм. Тэгэхээр үүнийг ичээ, манай гэр хороололд, ер бүх хүмүүс утсаа маажаад сууж байгаа, бүгд ухаалаг утастай болчихсон, би бүгдийг нь гар утас руу тавь гэж хэллээ шүү дээ. Тэгээд энэн дээр дэвшил гаргаж байгаа дүүргийн даргыг, хэсгийн даргыг, хорооны даргыг урамшуул, манай хэсэг ерөөсөө хаймар түлэхээ больсон, манай хэсэг түүхий нүүрс түлэхээ болилоо гэсэн тэр даргыг төрийн одонгоор шагная, тодорхойлж ирүүл, урамшлыг нь нэмж олго, тэр ажил хийж байгаа, амжилт гаргаж байгаа хүмүүс рүүгээ мөнгө өгөх юм бол ажил чинь явна. Хийх ёстой ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооц, тэгэхээр шууд дэвшил харагдана. Соёл, урлагийн байгууллагынхан энд нэмэгдэж ор, маш том боломжууд байгаа, аж ахуйн нэгжүүд мөнгө гарга, Лхагважав дарга байна, эздийн холбоог би урьсан, энэ аж ахуйн нэгжүүд бүгдээрээ уриалаад эхний ээлжинд тэр айлуудаа, өөрийнхөө ажилчдыг хаймар, түүхий нүүрс түлүүлдэггүй  л болго л доо, тэрний төлөө нийгмийн хариуцлага хүлээ л дээ. Гэрийг нь дулаалаад өг, зуухыг нь дулаалаад, нүүрсийг өөр түлшээр солиход нь туслаад өг л дөө. Тэнд амьдарч байгаа айлд наад зах нь нэг хүн ажиллаж, зарим нь ажилгүй байгаа байх. Наад зах нь хуучин харъяаллаараа тэр ахмад нэг байгууллагад харъяалагдаж байгаа шүү, тэр бүртгэлээ л бүгдийг нь гаргачих, тэгээд тэр байгууллага аж ахуйн нэгжүүдийг урамшуул, энэ бол маш том үйл ажиллагаа болно.

            Наймдугаарт, үүнээс үүдээс бидэнд хамтын ажиллагаа хэрэгтэй болно, бид бүгдээрээ хохирогч, энэ асуудал дээр үндэсний эвлэрэл хэрэгтэй. Бүх засаг захиргааны нэгж, түрүүн хэлсэн байгууллагуудаас гадна, бүгдээрээ хөрөнгө оруулалт уралдаж дуудах хэрэгтэй. Саяхан аймгийн Засаг дарга нар ирээд хуралдаад явсан, би Их хурлын дарга, Ерөнхий сайдыг хөрөнгө оруулалтын тухай ярьсан байх гэж бодож байна, гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй, дотоодын хөрөнгө оруулалтыг урамшуулах хэрэгтэй, хөрөнгө оруулалтыг Улаанбаатар руу биш орон нутаг руугаа хийе. Яг үнэндээ бол Улаанбаатарт өөрийн үндсэн засаг захиргаагүй хүн гэж бараг байхгүй шүү, өвөө эмээ, аав ээжээрээ хөөх юм бол аль нэг суманд хамааралтай л байгаа, тэр улсуудын чинь бүртгэл бүрэн байж байгаа. Аж ахуйн нэгж эрхэлж байгаа бүх хүмүүсийн юм байж байгаа, тэд нарыгаа уриад уудам газар нутаг дээрээ зүгээр л иргэдийн хурал дээрээ шийдвэр гаргаад энд 70 мянган га газар, энд 30 га газрыг бид хөрөнгө оруулалтын, дахин төлөвлөлтийн утгаар гаргаж байна. Та бүхэн энд ирээд үнэгүй энэ газрыг 20 жил түрээслээд амьдар гээд яв. Энэ дотоодын хөрөнгө оруулалтыг бид дэмжих хэрэгтэй, дээрээс нь бидэнд нэг том хүч байдаг, нутгийн удирдлагын зөвлөл гэж байгаа, манай Батболд дарга чинь нийт удирдлагыг хариуцдаг дарга шүү дээ, тэгэхээр орон нутгийн зөвлөлүүдийг уриалмаар байна. Нутгийн зөвлөлүүд зөвхөн цагаан сараар юм уу, сум аймгийнхаа ойг хийх гэж мөнгө гуйж орж ирдэг биш танай нутгийн үндсэн хүн чинь Улаанбаатарт ирээд гамшигт өртөөд үр хүүхэд нь аюулд орчихоод байна шүү дээ, эрүүл мэндээрээ. Цээж нь шувуу шиг хавчиг болоод уушигных нь багтаамж нь хоёр гурав дахин багасаад насан туршдаа цусны өвчтэй, насан туршдаа гений өвчтэй улсууд болж хувираад байна. Энэ улсуудаа эргүүлж нутаг руугаа татах ажлыг хийх хэрэгтэй болоод байна шүү дээ. Ийм хэмжээнд харж ярихгүй бол энэ асуудлыг шийдэхгүй ээ, худлаа болно. Бүх бизнесийн байгууллага, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага ч адилхан бүгдээрээ төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Та нар яах гэж байгаа юм бэ, яаж нүүх гэж байгаа юм бэ, хаана очих гэж байгаа юм бэ, Их хурал нүүхэд та нар дагаад л нүүнэ, Их хурлыг сурвалжилдаг улсууд, Их хурлаар асуудлаа шийдэхүүлэх гэсэн хэдэн сайд нар дагаад л нүүнэ, ер нь хүн төвлөрсөн энэ чиглэл нь олон улс оронд хэрэгжсэн зүйл шүү дээ. Монголд хэрэгжих бүрэн боломжтой, бид ийм шийдвэрийг гаргачихмаар байгаа юм. Заавал 800 жилийн өмнө Хархорумд нийслэл шилжсэн, тэгэхэд их хаан ингэж шийдвэр гаргаж байсан гэж ярьж суумааргүй байна. Их хааны гаргаж байсан шийдвэрийг Их хурал гаргах боломж байна, тэгээд та нарт эрх нь байна шүү дээ. Асуудлыг шийдэхгүй бол та нар эрх мэдлээр яах юм бэ, яах гэж байгаа юм бэ, би ерөөсөө ойлгохгүй байна. Монголд гадны хүний төлөө ажиллаж байгаа хүн нэг ч байхгүй шүү, монгол хүний төлөө л бид ажиллана, шийдвэр гаргана гэж амлаж орж ирсэн шүү, үүн дээр улс төр энэ тэр гээд янз бүрийн юм яриад байх ямар ч шаардлага байхгүй гэж бодож байна.

            Есдүгээрт, саяын Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэг байна. Бид тасралтгүй л ажиллах хэрэгтэй. Байгууллага бүхэн тасралтгүй л юм хийгээд бай, тасралтгүй төлөвлөгөө гаргаад, тасралтгүй шийдэлээ авч хэлэлцээд, шийдвэр гаргаад хэрэгжилтээ хэлэлцээд л яваад бай, тэгэхэд үр дүнд хүрнэ. Өнөөдөр нэг хуралдаад, дөрвөн сард мартаад арванхоёр сар гэхэд хүмүүс жагсахаар нэг санаад ажилладаг зүйл биш, энэ бол тасралтгүй.Зун ч явж байдаг, намар ч явж байдаг, өвөл ч явж байдаг ажил болох ёстой гэж бодож байна. Дээрээс нь олдсон зээл, бид янз бүрийн нэрээр мөнгө төгрөг цуглуулна, олно, солино гээд л явж байгаа, тэр зээл бүх юмаа орон нутагт ажлын байр гаргах руу л хийе. Олон улсын банктайгаа тэгж яръя, бидэнтэй хамтарч ажиллая гэж байгаа улсуудын засгийн газруудтай тэгж яръя, монголчууд энэ шийдлээ гаргаад төр засаг нь манлайлаад явахад бусад нь хамтраад ажилладаг юм. Бусад нь наад зах нь сонсдог юм, бидэнд боломж маш их байгаа. Орон нутагт ажлын байр гаргахад, орон нутагт нийгмийн дэд бүтцүүдийг байгуулахад, инженерийн дэд бүтцүүдийг байгуулахад хөрөнгө оруулалтуудаа хийе гэх маягаар монголын төр бодлогоо өөрчлөх, шилжүүлэх хэрэгтэй байгаа юм. Ингэж ажиллах юм бол бид амжилтанд хүрнэ. Энэ үйл ажиллагаа цэгцтэй, тасралтгүй, төлөвлөгөөтэй явах л ёстой. ҮАБЗ ийм зурагтай боллоо, Их хурал хөтөлбөр нь ийм боллоо, Засгийн газар хэрэгжүүлэх арга хэмжээ нь ийм боллоо, хариуцах эзэнтэй, ардаа мөнгөтэй, тэр хугацаандаа хийж чадахгүй бол албан тушаалаа өгөөд явдаг тийм механизмтай, тийм хуультай л ажилла. Ингэхэд ерөнхийдөө энэ асуудлыг шийдвэрлэж чадах болов уу гэж бодож байна. Миний хэлж байгаа энэ санаанууд ерөнхийдөө ҮАБЗ-ийн зөвлөмжид орсон. Төгсгөлд нь нэг санаа хэлэхэд Хотын дарга, нийслэлийн иргэдийн хурал ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэж бүх шийдвэрээ гарга. Энэ зөвлөмжийг үндэслэхдээ бид үндсэн хуулин дээр байгаа ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг үндэслэсэн юм. Иргэнийхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг үндэслэсэн юм. Тийм учраас Монгол Улсын хууль, бидний баримталдаг бүх бодлогод нийцэж байгаа гэж үзэж байгаа.

Энэ зөвлөмжийг үндэслээд шийдвэрээ гаргая, нэг нь нэг юм гаргахаад ингэж зогсоно, тэгж зогсоно гээд явдаг шүү дээ, тэгэхээр үүнийгээ больё. Энэ хурлын протокол, зүйлүүдийг олон нийтэд хүргэх ажлуудыг хийнэ. Саяын миний хэлсэнд ойлгогдохгүй байгаа зүйл байна уу? Нэмж хэлмээр юм байна уу? Их хурал дээр, Засгийн газар дээр, Үндэсний хороон дээр үйл ажиллагаа явуулахад бүгдээрээ идэвхтэй оролцох хэрэгтэй, энэ бидний Эх орон.

З.АЛТАЙ: - Би ганц зүйлийг хэлье. Энэ утаа бол үндсэндээ бол улаантан ч байна уу, цагаантан ч байна уу бүгдийг нь нэрмэж байгаа асуудал, би бол нам бус хүн. Монгол улс бол нэг л засагтай, аль намын засаг байх нь надад ерөөсөө сонин биш, Монгол улсын ард түмний төлөө, сайн сайхны төлөө л явж байгаа бол хэвлэл мэдээллийн байгууллага, өчүүхэн миний бие түүнийг дэмжинэ, надад илүү дутуу харсан юм байхгүй. Та бүхэн хэллээ, Эрдэнэбат сайдын засгийн газар телевиз радио, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн зүйлийг зуун хувь би дэмжиж байгаа. Батболд дарга их чухал шийдвэр гаргасан. Манай нам яах бол, иргэдийн дунд санал энэ тэр уначих болов уу гэсэн зүйл байхгүйгээр зоримог, өөр арга байхгүй шийдвэрүүдийг гаргасан. Дэмжиж байна аа. Хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд бол бидэнтэй Засгийн газар ойртож ажиллаач ээ, үүн дээр яаж ажиллах юм бэ, харилцан үүрэг хариуцлага гэж юу байна вэ, ялангуяа энэ асуудал дээр иргэдийг, засаг төр хийж чаддаг юмаа хийлээ шүү, нөхөр чи юу хийх ёстой юм бэ, чиний үүрэг юу юм бэ гэдгийг аягүй сайн хэлэх ёстой. Хоёрдугаарт гэр орноо дулаалсан, шинэ халаалтын систем тавьсан улсуудыг телевизүүдээр байнга сурталчилж байх хэрэгтэй. Доржийнхыг хараа, гэтэл чи өөрийгөө хар, чи яачихсан нөхөр вэ гээд, энэн дээр хэвлэл мэдээллийн байгууллага энэ засагтай ажиллахад бүрэн дүүрэн байна. Та бүхэн цаг нараа хэлээч, бид сууя, харилцан үүрэг хариуцлага хүлээе, бидний л хийх ёстой асуудал шүү дээ. Хэвлэл, засаг төрийг холбож өгье,  уриалая, дуудая, үүн дээр бид бэлэн байгаа шүү.

Ц.ЭЛБЭГДОРЖ: - За баярлалаа. Энд Ерөнхийлөгч, Засгийн газар, хотын гээд олон нийттэй харилцах улсууд нь байгаа, энэ хуралдаан дуусаад маргаашаас эхлээд энд оролцсон бүх хүмүүс ажлаа төлөвлөөд, бид энэ чиглэлээр ухуулга сурталчилгаа, сургалт, олон нийтэд хүргэх бүх зүйлээ төлөвлөөд ажиллана. Монголчууд нэг босоод ажиллахад бид энүүнээс ихийг бүтээж явсан улс аа, бид чаднаа, бид шийднэ. Тэгэхээр энэ утааны асуудлыг шийдсэн үе байя гэж байгаа шүү дээ, утааны асуудлыг эргүүлээд улс орныхоо хөгжлийн их том боломж болгож хувиргасан ийм үеийнхэн болох боломж бидэнд байгаа.

А.АЛИМАА /Утааны эсрэг ээж аавуудын холбоо/: - Та бүхэн бүгдээрээ үзсэн байх. 11 дүгээр сарын 14-нд “Утааны орон” гээд Хятадын алдарт сэтгүүлчийн хийсэн киног, тэр киног би орчуулсан юм. Өнгөрсөн жилийн хоёр сард гаргасан ганцхан телевиз, Монгол HD-г гуйж гаргасан, хэн ч үзээгүй, энэ жил бүх телевизээр бүх хүнийг үзээсэй гээд би өөрөө сууж байгаад ямар нэг төлбөргүйгээр гаргасан. Иргэнийхээ хувьд юу хийснээ яръя л даа. Фэйсбүүкийг зохион байгуулаад агаарын чанарын индекс гэдэг чинь юу юм бэ, яагаад хортой юм бэ гэдгийг ард иргэдэд хэлж байна. 176 удаа шейр орж байна, өдөр болгон тэнд контейнт нийлүүлж байна, миний чадах юм тэр. Би өнөөдрийн хуралд баярлаж байна, агаарын бохирдол, хөрсний бохирдол гэдэг юм чинь гамшиг болчихсон гээд улс даяараа хүлээн зөвшөөрчих юм бол бид гадаадын байгууллагууд руу хандаад судалгаа хийх жаахан грантуудаа улс, засаг, төрөөсөө харахгүйгээр бид өөрсдөө хийчихнээ. Би Эрдэнэбат сайдыг өрөвдөж байна, таныг хүнийхээ хувьд. Яагаад гэвэл би эдийн засагч хүнийхээ хувьд улс орны эдийн засаг үнэхээр хүнд байгаа, мөнгө байхгүй, би ойлгож байна. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, 11-11 гэдэг төвөө нээгээч ээ, иргэд чинь бухимдлаа гаргах юм байхгүй болчихсон учраас хэцүү байна. Уржигдраас Байгаль орчны яамны мэргэжилтнүүд манай группт их орж ирэх шиг болно лээ. Тэр групп бол хүмүүс уур бухимдлаа гаргадаг групп болсон, одоо л нэг замбараандаа ороод шийдлээ хайдаг юм руугаа орж эхлэх гэж байна. Бид нар байдгаараа туслая аа, та нар нь гол нь төлөвлөгөөгөө гаргаад яах гээд байгаагаа хэлээд өгөөч ээ.

Дараагийн хэлэх санал бол ойрын хэдэн жилдээ бууруулж чадахгүй юм бол энэ жилийн хувьд өртөлтөө бууруулья аа, бид яахав ээ уушигны хавдраар үхье хамаа алга, үр хүүхдээ ядаж эрүүл өсгөе дөө. Маскийг нь тарааж өгье, бүх цэцэрлэгүүдэд агаар шүүлтүүр аваад өгөөч ээ, мөнгө төгрөг нь хэцүү байдаг юм бол өчигдөр сүү компаниас эхлээд агаар шүүгч бэлэглээд эхэлж байна лээ. Жишээлбэл, би үүнийг ярихын тулд манай улсад байж болох юу байх вэ гээд үзлээ, ҮАБЗ-ийн ажиллах журам энэ тэрийг мэдэхгүй юм, миний харж байгаагаар Гамшгаас хамгаалах хуулиндаа өөрчлөлт оруулах юм байна лээ, яагаад гэвэл гамшиг гэж юуг хэлэх вэ гэхээр аюулт үзэгдэл гэдэг нь аюулт үзэгдэл буюу байгалийн үзэгдлийг хэлсэн байгаа юм, нөгөөдөх нь техногенный ослуудыг хэлсэн байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр үйлдвэрлэлийн гэнэтийн осол, тэрнээс биш иргэдээс гарч байгаа утаа гэдэг асуудлыг гамшиг гэж үзэхээр агуулга нь ороогүй юм байна лээ. УИХ-ын даргаа үүнийгээ маш хурдан хийгээд ганц өгүүлбэр л орчих юм байна лээ.

Тэгэх юм бол Ерөнхийлөгч онцгой байдал зарлах эрх нь Үндсэн хуулиараа нээгдээд, асуудал чинь онцгой байдлын үед ажиллах гэдэг горимондоо орно, тэгээд бүгдээрээ үүнийг боломж гэж харж үзье, бүгдээрээ ерөөсөө шуналаа татчихъя, ямар ч байсан бидний эх орон, эх орныхоо төлөө чаддаг чаддагаараа ажиллая аа. Жишээлбэл угаар төслөөр 50 шүүлтүүр орж ирсэн, Эрүүл мэндийн их сургууль дээр байгаа юм байна лээ, тэр яасан юм бол бүү мэд, тэрийг олж аваад Цогцэцэг сайд аа, хэрэгтэй байгаа цэцэрлэг сургуульд нь өгөөч ээ. Сая бид дөнгөж сонгогдчихоод хийх гэж ядаж байна гээд уурлаж байна, Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол байдаг юм, Ус, цаг агаар, орчны аюултай гамшигт үзэгдлийн талаар урьчилан сэргийлэх, мэдээлэх, дамжуулах журам гээд. Энэ журмаар үүрэг авсан Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралд даалгаад, Олон нийтийн телевизийн дарга Оюундарьд зөвлөөд, үүрэн телефоноор мэдээлэхийг Жадамбаад үүрэгдсэн байгаа юм, тэгэхээр үүнийгээ та нар эргээд уншаач ээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: - За сайн байна, баярлалаа.

Д.ОЮУНХОРОЛ: - Монгол Улсын ҮАБЗ-өөр агаарын бохирдлыг бууруулахтай холбогдсон асуудлыг ярьж үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртлээ юу болж байгаа вэ гэдгээ илэн далангүй ярьж байгаад баяр хүргэе. Ер нь бол үе үеийн Засгийн газар, үе үеийн УИХ он дараалан энэ асуудлыг ярьж байсан. Би боддог юм, 1996 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар Ерөнхийлөгч Элбэгдорж гарч ирээд утаатай дайн зарлая гээд Ерөнхий сайдын дэргэд Үндэсний хороогоо байгуулаад утаатай тэмцэж байсан. Энэ ажил үндсэндээ энэ 20 жилд бүх үеийн Засгийн газар тодорхой хөрөнгө мөнгө гаргаад хийсэн ажлууд маань ямар үр дүнтэй байсныг манай Ерөнхий сайдын илтгэлд дэлгэрэнгүй дурдсан. Би Ерөнхийлөгчөөс ганц зүйлийг асуух гэж байна, Монголын ард түмэн эдийн засаг хүнд байгаа цаг үед их эмзэгшсэн байгаа, дээр нь нэмээд хүмүүс тайван амьдрах боломж бололцоо нь өнөөдөр бас төр засгаас өгч байгаа мэдээ мэдээлэл нийтийн дунд явж байгаа сурталчилгаатай холбоотой олон зүйл байдаг гэж ойлгодог.

Монгол улсын агаарын бохирдлын түвшин олон улсын болон Монгол улсад өнөөдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг тодорхойлох тийм үндэслэл нь яг юу юм бэ? Хэцүү байгаа гэдгийг ойлгож байна, өнөөдөр Улаанбаатар хот бүхэлдээ гамшгийн хэмжээнд хүрчихсэн гэж тодорхойлох тийм боломж бас байна уу үгүй юу? Жишээлбэл өнөөдөр гурван том цэг дээр, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх гэсэн гурван дүүрэг дээр агаарын бохирдлын түвшин тодорхой хэмжээнд байх ёстой түвшнээсээ арай илүү өндөр байгаа тухай ярьдаг. Гэтэл Монгол улсын батлагдсан бусад хууль тогтоомжоор 24 цагийн турш агаарын бохирдлын түвшин ДЭМБ-аас тогтоосон стандартаас 10-аас дээш хувиар давсан бол гамшгийн хэмжээнд хүрнэ гэж зарлана гэж тодорхойлсон байдаг юм. Өөрөөр хэлбэл урдах орчин нь харагдахгүй болоод улаан гэрэл асчихсан байгаа цаг үеийг гамшиг гэж нэрлэх хэмжээнд хүргэдэг юм. Гэтэл өнөөдөр Монгол улсын агаарын бохирдлын хэмжээ яг энэ хэмжээнд хүрсэн гэж та үзэж байгаа юу? Би ҮАБЗ-ийн хоёр гишүүнээс ч гэсэн асуумаар байна. Тэгэхээр иргэдийг айхтар сэдэв рүү оруулчих вий гэж бодож байгаа юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: - Монгол улс өөрөө өөрийнхөө асуудлыг тодорхойлдог улс шүү дээ. Монгол улс ингэж үзэж байгаа юм, гамшиг гэж. Өнөөдөр иргэдийн эрүүл мэндийн байдал, амьсгалж байгаа агаарыг бид зургаан жилийн өмнө гамшгийн хэмжээнд хүрсэн байна гэж тодорхойлж байсан. Одоо бид гамшиг гэж нэртэй юмыг нэрээр нь нэрлэх хэрэгтэй. Манай улс төрийнхөн ер нь ажил хариуцаж байгаа нөхдүүдийн ажил унагадаг арга энэ байхгүй юу. Ийм маягаар асуудалд хандах юм бол явахгүй ээ, дээрээс нь Монгол улс ингэж үзэж байна гээд бид хамтарч ажиллах дэлхийн эрүүл мэндийн байгууллага бусад газраасаа ирүүл. Хамгийн бохир агаарын орчны бохирдолтой хотоор Улаанбаатар хот сүүлийн хэдэн жил шалгарч байгаа билээ? Оюунхорол сайд мэдэж байгаа юу?

Д.ОЮУНХОРОЛ: - Орчны бохирдлоор сүүлийн арав гаруй жил, одоо бол зарим томъёоллоор 30 дугаар байранд явж байгаа

Ц.ЭЛБЭГДОРЖ: - Дэлхийд сүүлийн арав гаруй жил ийм нэрээр нэрлэгдэж явж байгаа шүү дээ. Бид үүнээсээ ичих ёстой, нэртэй юмыг нэрээр нь нэрлээд, ингэж нэрлэхгүйгээр бид ажилд өөрчлөлт орохгүй байгаа юм, ингэж нэрлэхгүйгээр Улаанбаатар хотын дарга Батболд саяын гаргаж байгаа шийдвэрээ гаргаж болохгүй байгаа юм.    Гамшиг гэж үзээд нүүлгэн шилжүүлэх, гамшиг гэж үзээд хориглох гэж байна шүү дээ, ойлгогдож байна уу. Гамшиг гэж үзээд бүх төрийн байгууллага чинь онцгой байдлын горимоор ажиллая гэж байна шүү дээ. Би ингэж бодоод байгаа юм, та нар өөрийнхөө өрөө, байр, албан тасалгааныхаа ширээг эмнэлгийн ор гэж хараарай. Тэрэн дээр хүүхэд амьсгал хурааж байна гээд ороод хараарай, энэ гамшгийг зүрхэндээ хар гэж би зургаан жилийн өмнө хэлж байсан шүү.

Хүүхэд нь бүтчихсэн байгаа, амьгүй болчихсон байгаа ээж танай өрөөнд орж ирээд эмнэлгийн үзлэгээр орж байна гээд бод доо, гамшиг шүү дээ, зүрхэндээ ингэж харахгүй байгаа нь асуудал байгаа юм. Зүрхэндээ ойр хар л даа, өрөөнийхөө ширээг өөрчилж хар гэж би хэллээ шүү, тэгэх юм бол чи энэ тухай бодноо. Би бас иргэддээ хандаж хэлмээр байна, үргэлж сануулж байх хэрэгтэй, тархины бор хальс нь зузаарчихсан төрийн албан хаагчдыг үргэлж шөвөгдөж байх хэрэгтэй, тэрний цаана янз бүрийн нэр зүүж л байдаг юм, тайван байлгаж болохгүй шүү дээ, чадахгүй байгаа бол ажлаа өгөөд явах хэрэгтэй. Энд төрийн ажлыг дарамталж, төрийн ажлыг хүчээр хийлгэж байгаа хүн байна уу, тийм албан тушаалтан, сайд байна уу? Намайг өдөр бүхэн дарамтлаад сайд бол гээд, би сайд байхаас өөр аргагүй л болчихлоо гээд, тийм төрийн ажилтан байгаа бол шууд өргөдөлөө гарга. Энэнийг Ерөнхийлөгч Элбэгдорж ярьж байгаа биш шүү, УИХ-ын дарга ярьж байгаа бол Энхболд гэж ярьж байгаа юм биш, Ерөнхий сайд ярьж байгаа бол Эрдэнэбат ярьж байгаа юм биш. Монгол улсын Ерөнхий сайд Монгол улсыг бодлогын хувьд төлөөлөх эрхтэй хүн ярьж байгаа юм шүү. Их хурал гэдэг хууль тогтоох дээд байгууллагыг төлөөлөх эрхтэй хүн ярьж байгаа юм, энэ хүн шийдвэр гаргалаа гэсэн үг юм. Дагаж чадахгүй бол энэ хүнтэй ийм нөхцөлд ажиллаж чадахгүй гэдэг шийдвэрээ хурдан гаргах хэрэгтэй.                        

Хамгийн гол дахиад нэг юм хэлье. Удирдлага нь зөв байх юм бол удирдлага нь манлайлалтай байх юм бол энэ ард түмэн ойлгодог юм. Монголын ард түмэн чинь тийм хүмүүс шүү. Шийдвэр гаргаж байгаа улсууд нь өөдтэйхэн шиг байх юм бол дагаад л хамтраад л ажиллана. Та нар бодоорой, сая танилцуулга хийсний дараа манай хэвлэл мэдээлэл, олон нийт, энд байгаа улсууд ямар байдалтай болж байна. Нээрээ арга хэмжээ авах юм байна, хамтраад ажиллая, дэмжье, та нар зүгээр хийх гэж байгаа ажлаа танилцуулаад өгөөч, хамтарч ажиллая гээд л  босоод ирж байгаа. Яг ийм уур амьсгал, энэ хурлын байдал олон нийтэд хүрэхэд ийм уур амьсгал Монгол даяар бүрдэнэ. Бүрдүүлэх ч ёстой. Тэгэхээр ингэж жаахан харж бид нар ажиллахгүй бол би түрүүн хэлсэн судлах, онолын маргаан хийх, улс төржиж эргүүлж юм ярих ийм цаг өнгөрсөн. Одоо бид ийм цагтай байсан одоо болсон, үүнийг шийдэхгүй бол би л хувьдаа тэгж бодно.Энэ улс төрч гэж ирсэн сонгогдсон этгээдүүд цаг нөхцөөх гэж ирсэн юм байна. Өөрийнхөө төлөө л ажиллах гэж ирсэн юм байна. Зүгээр л цаг нөхцөөгөөд л энэ нэг сэтэр зүүж байгаад л тэдээс тэдэн онд ийм байсан гэж хэлүүлээл буцах гэж байгаа юм байна. Даанч яавдаа монголын төлөө алхам хийсэнгүйдээ гэж би л лав тэгж дүгнэнэ. Ерөнхийлөгчийн хувьд өнөөдөр надад байгаа эрх мэдлийн хэмжээ л энэ Аюулгүйн зөвлөлөө хуралдуулаад ийм бүрэлдэхүүнтэй суулгаад энэ асуудлыг яриад, шийдэл, газрын зургийг нь гаргаж өгөөд чиглэлээ өгөөд, тэгээд үүн дээр гарч байгаа саналуудыг зөвлөмжид тусгаад, хэрэгжүүлэхийн төлөө би явна. Үргэлж явна. Өөр асуух хүн байна уу.

Д.ТЭРБИШДАГВА: Би энэ арга хэмжээг зохион байгуулж байгааг зөв зүйтэй цаг үеэ олсон, бараг цаг үеэ хоцорч олж байгаа асуудал гэж үзэж байна. ҮАБЗ өнөөдөр өөрсдөө энэ асуудлыг өргөн бүрэлдэхүүнтэй ярьж байгаа нь чухал асуудал, үнэхээрийн агаарын бохирдол, хөрсний бохирдол гээд үзэх юм бол Монгол нэгдүгээрт гэсэн байна лээ. Улаанбаатар хот бол дэлхийн хэмжээнд нэг болчоод байгаа юм байна лээ гэж ойлгож байгаа. Тэгэхээр үүн дээр ҮАБЗ-өөс одоо тарааж өгч байгаа учраас зөвлөмжин дээр Их Хурал дээр, Засгийн газар дээр ярих, эрэмбэ дараалуулах нэлээн юмнууд байгаа юм шиг байна. Хийх ёстой гэвэл хийх ёстой, цаг алдалгүй хийх ёстой. Ер нь ажил хийгээд эхлэхийн бол үр дүн гардаг л даа. Харамсалтай нь өнгөрсөн хоёр, гурван жил бол агаарын бохирдол нэмэгдээд байхад ялангуяа Улаанбаатар хотоос тодорхой ажил зохиох хүн байгаагүй, бага хийсэн. Ерөнхийлөгч нисдэг тэргээр Улаанбаатар хотын дээгүүр ажиллаад Засгийн газар дээр орж тэр үед үг хэлж байсныг санаж байна.

Тэгээд жаахан сэргэсэн болдог юм, тэгээд ингээд орхичихдог учраас өнөөдрөөс эхлээд зогсоо зайгүй ингэж хамтарч ажиллана гэдэг энэ бол чухал ажил, аливаа ажлыг хийхэд нэг хуралдаад, тэгээд түүн дээрээ айхтар сүрхий үсчээд нэг юм болдог, тэгээд чимээгүй болчмооргүй байна. Одоо энэ ҮАБЗ-ийн хурлыг уг нь 10, 11 дүгээр сарын үед хийсэн бол илүү үр дүнтэй байх байсан болов уу, тэгэхдээ хийж байгаад нь талархаж байгаа учраас энэ хурлынхаа үр дүнг цаашдаа үргэлжлүүлэхгүй бол одоо цагаан сар хүртэл жаахан утаа болно, тэрнээс хавар тийшээ болохоор багасангуут мартаад явчихдаг. Энэ ажлыгаа л цааш нь энд байж байгаа бүх хүмүүс, бүх ард түмэндээ уриалж хэлмээр байна. Энэ үнэхээрийн Монгол Улсын агаарын бохирдол чинь Бээжингээс хэд дахин илүү болчихоод байгаа үед. Бээжинг жишээ авч ярих дуртай Бээжин их тааруу гээд байдаг. Тэднийхэн чинь агаарын бохирдол нь 500 хүрхээр улаан гэрэл асаад үйл ажиллагаа явуулахгүй бол манайх чинь 2000 гарчаад байгааш дээ.

Тийм учраас үүнийг ҮАБЗ-ийн өргөтгөсөн хурлаар ингэж ярьж байгаа нь чухал байна. Би дахин дахин хэлж байхад энэ одоо хэлж ярьсан зүйлүүдийг Засгийн газар, Улаанбаатар хот, тэгээд нийт Их Хурлын хэмжээнд зөвлөмжийг дахиж үзмээр байгаа юм. Тухайлбал бид яг одоо ийм нөхцөл эдийн засгийн нөхцөлд бүгдээрэнг нь засч чадах уу үгүй юу гэдэг асуудал байгаа. Гэтэл бид энэ хотыг шилжүүлэх асуудлыг яг хаана ямар газар гэдгийг хэрхэн судалсан юм, энийг хэлэлцүүлэг хийх ёстой. Асуудал болгоноор нь хэлэлцүүлэг хийх ёстой. Монгол улс өнөөдөр Хятад, Оросын хооронд байж байгаа юм бол хоёр хөрштэйгээ холбогдож байгаад бид яагаад Монгол улс хоёр хөрштэй ярьж байгаад ганц гаазын хоолой Монгол дундуур явуулж болдоггүй, тойроод яваад байгааг хүртэл олон улсын хэмжээний, гадаад харилцааны хэмжээнд ч гэсэн үүнийг ярих ёстой учраас өнөөдрийн энэ хурал дээр ярьж байгаа зүйлийг бид цаашид гүнзгийрүүлж детальчилж Их Хурал, Засгийн газар, хотын хэмжээнд илүү ажил хэрэгч болгож төлөвлөгөө гаргаж ажиллах байхаа  гэж найдаж байна. Баярлалаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Хотын дахин төлөвлөлтийн асуудлаар ҮАБЗ-ийн Ажлын алба 45 удаа явж өнгөрсөн хугацаанд судалгаа хийсэн байдаг юм. Тийм их судалгааны материал бэлэн байгаа. Газар хөдлөлт, усны асуудал, хөрсний бохирдол, хаанаа очиж төвлөрч болох уу, бүрэн байгаа. Тэгэхээр одоо зөвхөн тэр бүхнийг нэгтгээд ажил руугаа ороё. Тэнд гар өргөсөн улсуудаас харая. Та микрофон руу очоод ярьчих.

Д.ДОРЖСҮРЭН: /Эдийн засгийн форумын улсын нөөцийн төлөөлөгч/ Тэгэхээр би энд практик санал хэлэх гэсэн юм. Мөн л 2011 онд ийм байдал үүсээд, бид бас яах ийх тухайгаа бас ярьж, энэ чиглэлээр нэлээн бодолцож байсан. Тэр үеийн хэрэгжүүлэхээр байсан боловч нэг ийм санал байдаг юм. Өөрөөр хэлбэл манай байгаль орчны салбарт шууд байгаль орчны тодорхой нөөцөөс ашиг олдог хүмүүс түүнийгээ хамгаалахад нь оролцдог ийм систем байдаг. Яг үүнийг Улаанбаатар дээр хэрэглэвэл ямар вэ, энэ өрөөнд байж байгаа хүн болгон гараад жишээлвэл нэг айлыг дулаалга авахад нь гэрээ дулаалахад нь ч юм уу, халаагуур авахад нь ч юмуу, ингээд туслалцаад нийтээрээ энэ асуудлаа шийдхэд болохгүй юу энэ асуудлыг зөвлөмжид оруулж өгч болохгүй юу гэж хэлж байна. Ингэх юм бол бид энэ тулгамдсан асуудлаа нийтээрээ ингэж шийдэж чадах юм бол жишээлбэл орон сууцанд байгаа 100 гаруй 120-иод мянган өрх гэр хороололд байж байгаа боломж муутай 70, 80 мянган хүмүүс өрхдөө туслаад өгөх юм бол энэ асуудлаа маш хурдан шийдэж болох нэг арга зам байж болох юм гэсэн ийм санааг хэлэх гэж байна хэрэв ингэж чадах юм бол нийтдээ тулгамдсан асуудалд бүгдээрээ хамтдаа  шийдэж боломжоо хуваалцаж болдог ийм чухал зүйл болох байх гэж бодож байна.

Хоёрдугаарт яг энэ 2011 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр гаргах ийм үүрэг хүлээж бас тухайн үед ажиллаж байсан яам нэлээн арга хэмжээ авсан, энэ хөтөлбөрийг хийгээд сүүл рүүгээ энэ маань ядууралтайгаа холбогдож өргөжөөд шинэ бүтээн байгуулалтын дунд хугацааны хөтөлбөр гээд ингээд  өргөжөөд яваад өгсөн. Засгийн газар маань хөтөлбөр гаргах гэж байгаа бол энэ хөтөлбөрийн үндсэн суурь дээр манай тэр үед ажиллаж байсан бүх судлаачид, эрдэмтэд олон нийтийн оролцоо энд тодорхой хэмжээгээр шингэсэн байгаа учраас үүнийг харгалзаж үзээсэй гэсэн ийм хоёр санал хэлэх байна. За баярлалаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ:- Сан үүсгэх дээр Эрдэнэбат сайд бид хоёр ярьж байсан юм. Цэвэр агаар сангаа дахиж байгуулахдаа зөвхөн төрийн биш аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой, орлого, зарлага маш нээлттэй байдаг ийм хэлбэрээр хийвэл  үр дүнтэй болох юм байна лээ. Манай иргэд чинь эрүүл мэндийн асуудал гээд тодорхой хүн дээр мөнгө цуглуулая гээд ажилладаг, нэг үеэ бодвол иргэд маань өөртөө байгаа илүү зүйл, байгаа зүйлээ илүүчлэх, нэгнийхээ төлөө ажил хийх сэтгэлтэй байгаа юм. Үүнийг зохион байгуулах тэр ажлыг яг энэ сан түшиглэж хийх юм бол иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллага хамтраад хийвэл байнгын эх үүсвэртэй тэгээд бас байнгын хяналттай, дараа нь тэр мөнгө төгрөг буруу зөрүү зарцууллаа гэсэн юмгүй болох, сайн үр  дагавартай шүү.

Б.БУНДХОРОЛ:- /Утааны эсрэг ээж аавуудын холбоо/ Өнөөдөр би энд Монгол Улсын төр хуралдаж байна гэж ойлгож байна. Төр хуралдаж байгаад баярлаж байна. Би Байгаль орчны сайд Оюунхорол гишүүнд бас харамсч байна. Өнөөдөр Улаанбаатар хотыг гамшиг болоогүй 24 цаг давуулж байж л гамшгийн хэмжээнд авч үзнэ гэсэн тогтоол байгаа гэнэ. Та хэрвээ агаарын чанарын агаарын индексыг хардаг бол Баянхошуун дээр салхигүй өдрүүдэд 24 цаг давж байгаа. Бүр аюулын хэмжээнээс зарим үед 60 дахин давсан тийм  байгаа. Та түүнийг өөрөө олж хараарай. Миний утсыг сая хурааж авсан учраас би үзүүлж чадахгүй байна. Түүнээс би танд зургуудыг нь үзүүлмээр байна.

Би бас Ерөнхий сайдад харамсч байна. Яагаад гэхээр та өнөөдөр шийдэл олох ёстой, би  таны шийдлийг сонслоо, энэ бол бид нарын хүсэн хүлээж байгаа шийдэл биш. Та хүчтэй шийдэл олох ёстой. Үүнийг Монгол улсыг 4 жилийн хугацаанд дор хаяж Улаанбаатар хотын утааг 80 хувь бууруулах ийм шийдэл л хэлэх ёстой бид нарт. Бид нар тийм л юм сонсохыг хүсч байгаа. Тэг л гэж МАН-ыг бид нар магадгүй 65 гишүүнээр сонгосон байх.

Гуравдугаарт нь би Монгол Улсын Ерөнхийлөгчид бас харамсч байна. Та яагаад 8 жилийн өмнө ҮАБЗ-өө хуралдуулж чадаагүй юм бэ, харамсалтай байна. Харин би саяын Ерөнхийлөгчийн гаргаж байгаа тэр шийдлүүдийг дэмжиж байна. Бид нар үнэхээр ийм асуудлыг ул суурьтай ярих цаг нь болсон. Монгол Улсын төр үүнийг шийдэх цаг нь болсон. Тэгээд та бүхний цаашдын хуралд амжилт хүсье. Энд шийдэл л хэрэгтэй, тэр болтол бид нар гадаа зогсох болно.

Ц.ЭЛБЭГДОРЖ:- За  баярлалаа. Хамтарч ажиллая. Өөр санаа хэлэх хүн байна уу

Л.БАТ-ӨЛЗИЙ:- /Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, “Эко парк” төслийн удирдагч/ Өнөөдөр энд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын тухай асуудлыг яриад утаа гамшгийн түвшинд очсон гэж та бүхэн ярьж байна. Утааны дараагийн том бохирдуулагч бол хог хаягдал. Хог хаягдлын үүсгэгч нь энд сууж байгаа хүн болгон бид өөрсдөө хог хаягдал үүсгэгч. Өнөөдөр Улаанбаатар хотод 1,3 сая хүнтэй, түүнээс 1,2 сая орчим тонн хогийг жилд гаргаад түүнийхээ 900-гаас сая орчим тонныг нь бид Цагаандаваа, Морингийн энгэр, Нарангийн энгэр гэсэн 3 газар шороотой холиод булдаг. Энэ ажил дээр бид хувийн хэвшлийн 17 компани, аж ахуйн нэгж нэгдээд өнгөрсөн 2014 оноос эхлээд хог хаягдлыг ангилж ялгах, алий нь ангилж ялгах, алий нь ангилж ялгахгүй шууд устгах вэ аюултай хог хаягдал, аюулгүй хог хаягдал гэдгээр нь ангилж ялгаад Эко Парк Улаанбаатар гэдэг төслийг санаачлаад хийсэн юм. Энэ төслийг маань өнөөдөр газар нь бэлэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албан дээр Нарангийн энгэр дээр  90 га газар, Цагаан даваан дээр 96 га газар бэлэн байгаа, тэр бол олгогдсон газар, за энэ хоёр газар дээр хорин  дахин боловсруулах үйлдвэр байгуулна. Шинээр 920 ажлын байр бий болно. Энэ төсөл ерөнхийдөө хэрэгжээд эхлэх юм бол хоёр жил 2,5 орчим жилийн дотор бүрэн бий болно. Энэ төслийг хэрэгжүүлэх нь  Монголын үндэсний 17 аж ахуйн нэгж өөрсдөө хөрөнгөө гаргаад Улаанбаатар хотын тусламжтайгаар хэрэгжүүлэхээр төсөлдөө тусгасан байгаа Улаанбаатар хот дээр. Мөн энэ төслийн маань урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны ерөнхий төлөвлөгөө, байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө, бас ерөнхий төлөвлөгөө нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээр хийгдээд бэлэн болсон хувийн аж ахуйн төслүүд маань хувийн нэгжүүд маань өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийгээд цааш нь үргэлжлүүлээд явая гэсэн ийм шийдлийг Ерөнхийлөгчийн хэлснээр би та бүхэнд дамжуулаад энэ төслийг маань Монгол Улсын бүх удирдлагын түвшинд дэмжиж өгөөчээ, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улаанбаатар хотын дарга, Улаанбаатар хотын ИТХ та бүхэн дэмжиж өгөөчээ гээд энэ төслөө хурал даргалагч ҮАБЗ-ийн даргад гардуулахыг хүсч байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ: За баярлалаа, манай тэр хүнд өгчих. Тэгэхээр ер нь бол бизнесийн бэлэн шийдэлтэй, үйл ажиллагаа нь яваад, туршигдаад хийгдэж байгаа сайн санаа, сайн ажлуудаа бид нар дэмжээд  үйл ажиллагааныхаа нэг чиглэл болгоод явах нь зөв байгаа. Батзориг дарга  хэлэх юм байна уу, утааг бууруулах дэд хороонд санал байхгүй юм байна. Одоо ингээд авах саналуудаа дуусгая. Оюунхорол сайд санал хэлье гэж байна.

Д.ОЮУНХОРОЛ: Би ганц асуулт асуусан, Ерөнхийлөгчөөс тодорхой хариу сонслоо. Өнөөдөр ийм чухал арга хэмжээ зохион  байгуулж байгаад бид маш баяртай байгаа гэдгээ би түрүүн хэлсэн. Яамны хувьд Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ойрын болон дунд, урт хугацаандаа хийх ажлаа маш нарийвчилсан, төлөвлөсөн, бид урд нь ийм төлөвлөгөөгүй ажиллаж байсан. Дунд нь замбараагүй урсгал дунд нь хаясан байдалтай явж байсан. Одоо бол бид нар ажлыг жижиг гэж орхилгүйгээр хэн юу хариуцаж ямар асуудлыг шийдэж гарт баригдаж нүдэнд харагдах ажил хийж болох вэ гэдэг чиглэлээр анхаарлаа хандуулан ажиллуулж байна. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүнд ч гэсэн агаарын бохирдлыг бууруулахын тулд тэглэсэн энэ эрчим  хүчний боломжийг ард иргэд маш их талархаж хүлээж авч  байгаа, үүний үзэл суртлын ажлыг манай хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч бид бас олон ажлыг хийх зайлшгүй шаардлага байна гэж бодож байгаа.

Ерөнхийлөгчийн саяын хэлдэгчлэн үнэхээр орчны бохирдол, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сая Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн мэдээлэл бол Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын хамтран хийх ёстой ажил аа. Улсын Их Хурлын агаарын Бохирдлыг бууруулах үндэсний хороо, Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин, аюулгүй бодлогын байнгын хороо бүгдээрээ хамт хуралдсан, бид нар өнөөдөртэйгөө 5 дахь удаагаа агаарын бохирдлын асуудлаар энэ 6 сарын хугацаанд одоо 4 дэх удаагаа хуралдаж байна. Энэ бүхэн бол өнөөдөр ямарч байсан асуудал болохгүй байна гэдгийг яриад үүний хойноос хөөцөлдөж шийдэх эзэн биетэй асуудлаа шийдэхийн төлөө бид нар явж байгаа.

Тэгэхээр өнөөдөр миний зүгээс  саяын танаас асуусан асуултаа би тайлбарлахад гамшиг гэдгээ тодорхойлоод яг нөгөө хууль дүрэм номынх нь дагуу тодорхойлохгүй бол өвдсөн зовсон болгон нөхөн төлбөр авах тухай асуудлыг гамшгийн эрсдлийн үед төрөөс нэхэх үүрэгтэй байдаг. Ийм асуудал болгоомжлол гарчих вий гэж бодож бид нар энэ асуудлыг ярьж байгаа. Олон хүн бидэнтэй уулзаад ер нь бол гамшгийн хэмжээнд хүрсэн, тийм учраас бид нар, өнөөдөр эхчүүдийн холбооны зарим нэг надтай уулзсан төлөөлөгч би хүүхдээ аваад гадаадад амьдрах, өвлийн улиралд байх хэрэгтэй байна. Түүний зардлыг төр төлөх боломж байдаг уу Оюунхорол сайдаа гэж асууж байсан. Энэ бүхэн бол хүн болгон өөр өөрийнхөө хэмжээнд өөр өөрийнхөө үзэл бодлоор сэтгэх тийм боломж гаргах юм байна лээ. Би тийм учраас агаарын бохирдлын асуудлыг улс төржүүлэх шаардлагагүй гэж бодож байгаа.

Үүнийг үе үеийн Засгийн газар анхаарал хандуулж ажиллаж байсан гэдгийг би бол онцлон тэмдэглэн хэлэхийг хүсч байгаа. Энэ асуудлыг ярьдаггүй байсан тийм Их Хурал, тийм Засгийн газар энэ 20 жилд байгаагүй ээ. Бүгд ярьдаг байсан. Харамсалтай нь үр дүн байхгүй байгаад нь л бидний шийдэл гарцаа олж чадахгүй байсан нэг ийм асуудал байсан. Би бол Тэрбишдагва гишүүний саяын хэлсэн дээр ҮАБЗ-өөс гарах зөвлөмжийг бас нэлээн сайн ярилцаад ажлын түвшиндээ энэ дээр тодорхой саналуудыг ярилцаж байгаад шийдэл гарах тийм боломж байдаг бол их зүгээр байна гэж саналаа хэлмээр байна. Таны ярьж байгаа саяын хэлсэнчлэн хүн бүр сэтгэл гаргаж бодит ажил хийхийн төлөө уйгагүй ажиллана. Энд манай яамны хамт олон сууж байгаа, ер нь бол бид нар ажлын 8 цагт уягдахгүйгээр үндсэндээ ажлын 16 цагаар уртасгаж ажиллаж байгаа. Баярлалаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: За Ерөнхий сайдад санал байна уу.

Ж.ЭРДЭНЭБАТ: Тэгэхээр өнөөдөр агаарын бохирдлын асуудал бол үнэхээр Монгол Улсын ард иргэдийн маань санааг зовоосон ийм асуудал болсон байгаа. Улаанбаатар хотын хувьд ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дээр байгаа хотуудын агаарын бохирдлын хэмжээсээр 64, 65-д л Улаанбаатар хот явж байгаа. Нийслэл хотоороо гээд  тооцоод үзэх юм бол айргийн 5-д багтчаад байгаа юм. Тийм учраас бохирдол байна уу гэхээр байна. Эндээс яаж гарах ёстой юм бэ.

Намайг бас зарим нэг улс шүүмжилж л байх шиг байна. Шийдэл хийсэнгүй гэж. Шийдэл хийх гээд оролдоод л байгаа юм. Хийгээд л байгаа, захаас нь өгсүүлээд юм хийж л байна. Би энэ Ээж аавуудын холбооныхонтой  уулзая, хэдүүлээ ярилцая, та хэдэд ямар юм хийе гэдэг санаа байгаа юм түүнийгээ хэлчих, тодорхой санаа. Тэрийг чинь  хийе. Тэгэхдээ тэр түрүүний Оюунхорол сайдын хэлж байгаа шиг 74 тэрбум төгрөг гаргаад бүх ээжүүдийг, нялх хүүхэдтэй ээжүүдийг гадаадад амраана гэвэл чадахгүй. Тиймэрхүү сураг дуулдсан юм ойлголоо. Хэдүүлээ уулзаж байгаад санал бодлоо солилцож ярилцая. Тэгэхдээ хүн юмыг шүүмжилж болно. Шүүмжлэхдээ ярьж битгий шүүмжлээ, бодит санал гаргаж шүүмжил. Би хүнд худлаа амалж чаддаггүй. Би энд орж ирээд сайхан сайхан юм ярьж болно. Засгийн газар ийм ч юм хийнэ, тийм ч юм хийнэ, Улаанбаатар хот нөгөөдөр гэхэд утаагүй болно гээд худлаа ярьж болно.

Энэ хамгийн гол нь худлаа байхгүй юу. Өнөөдрийн энэ орчин нөхцөлд  утаанаас салахын тулд миний харж байгаагаар хамгийн багадаа гэхэд 8-10 жил шаардлагатай, тэрнээс наана бид  нар утаагүй болгочихно гэсэн ойлголт байхгүй. Бид нар бие биендээ өнөөдөр худлаа ярьж яваад яах юм. Харин бодитой юм хийхийн төлөө л хэдүүлээ хамтарч ажиллая. Бодитой юм хийхийн төлөө.Тэгж байж бид өнөөдөр энэ утаанаасаа гарна. Тэгэхгүй зүгээр өнөөдөр маргааш ингэж ажиллана, тэгж ажиллана гэдгээр бие биенийгээ хуурсан байдлаар энэ яваад бүтэхгүй байх гэж бодож байна. Зөвлөмжөө одоо гаргах уу Ерөнхийлөгч өө.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Өнөөдөртөө багтааж гаргана.

Ж.ЭРДЭНЭБАТ: Зөвлөмж  дээр надад ганц нэг санал байна. Жишээ нь Өвөрхангай аймгийн Хархорин сумыг нийслэлийн баримжаатай жишиг хот болгож хөгжүүлнэ гэж байна. Энэ бүтэхгүй ээ. Хэзээ ч болох юм байгаа юм. Би бол тэгж л бодож байна. Яагаад гэхээр за яахав бид нар өнөөдөр тэр рүү гарах эрх зүй орчныг бүрдүүлээд төсөл төлөвлөгөө юмнуудаа боловсруулаад явая гэж бодоё. Монгол Улсад эдийн засгийн бололцоо боломж нь шинэ хот байгуулах  нөхцөл бололцоо боломж хэдийд бий болох вэ гэвэл лав ойрын 10 жилдээ хүнд дээ хүнд. 10 жилийн дараа бид нарын боловсруулсан төсөл юу ч болох юм байгаа юм билээ. Бас хэцүү болно. Эрх зүйн орчны нь бүрдүүлээд, хэзээ нэгэн өдөр очиж магадгүй гээд явж болох л юм нэгдүгээрт.

Хоёрдугаарт, 2.1 дээр байгаа нэг заалт байгаа юм, 2 дугаар сарын 20-ны дотор боловсруулж Их хуралд өргөн барина гэж. Энэ маань өөрөө Хууль тогтоомжийн төсөл Их хуралд өргөн мэдүүлэх тухай хуулиа зөрчиж байна л даа бид. Тийм бололцоо боломж байхгүй. Ер нь одоо хууль, тогтоол боловсруулж Их хуралд өргөн барихад бол хамгийн багадаа 6 сарын хугацаа шаардахаар байгаа шүү. Хуулийн хүрээнд бол.

Тийм учраас ийм хоёр зүйлийн тогтоол юун дээр харин бусад зүйлүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломж бий. Тэр агаарын бохирдлын сангийн хувьд үнэхээр үүнийг өөр эх үүсвэр хайхаас өөр  аргагүй  байгаа юм л даа. Одоо Засгийн газар ажиллаж  байгаа энэ  нөхцөл байдал бол үнэхээр хүнд байгаа. Бид өнөөдөр хэдэн төгрөг олох юм, олж байгаа мөнгөө яг өөрийнхөө бодож байгаа, санаж байгаа зүйл дээр зарцуулах ямар ч боломж байхгүй. Бүгдий нь өрөндөө өгчихнө. Тавьсан өрнийхөө хүүнд өгчихнө. Тэр битгий хэл цэвэр агаар сан хүртэл 2,2 тэрбум төгрөгний өртэй сан л байлаа ш дээ. Түүнийг нэг юм дараад дууссан. Энэ жилээс өгсүүлээд арай гайгүй ингээд явчих бололцоо боломж бүрдэж байгаа. Гэх мэтчилэн иймэрхүү хүндрэл байна уу гэвэл байна.

Тэхдээ бид нар хүндрэл яриад зүгээр суугаад байхгүй, гараа хумхиад суугаад байхгүй. Ямар ч байсан, ажиллах ямар бололцоо байдаг юм тэр болгоныг ашиглая гэж байгаа. Энэ шөнийн тарифыг тэглэсэн дээр зарим нэг улсууд бас бололцоо боломж бий юу гэдэг ийм асуудлыг яриад л байгаа. Эхний ээлжинд энэ сонирхолыг нь төрүүлээд өгчье л дөө, иргэдийнхээ, түрүүн тэр Алтай дарга хэлж байсан, хүн өнөөдөр шөнө тогныхоо тарифыг тэглүүлчихээд, хэвлэл мэдээллээр сурталчлаад өгөхөөр үнэхээр болдог юм байна гэдэг сонирхлыг  нэгдүгээрт төрүүлж өгөх хэрэгтэй байгаа юм. Хүмүүст цахилгаанаар дулаанаа үйлдвэрлэх бололцоо бий болчиж байгаа юм байна. Ингэсэн тохиолдолд Засгийн газар миний шөнийн тарифыг тэглээд өгч байгаа юм байна гэдэг нэг ийм сонирхол төрж байгаа юм.

Нөгөө талдаа шөнийн тарифыг тэглэснээр яахав гэхээр үүсэх нөхцөл байдлууд Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээ юу байгаа юм гэж. Тэр нь юу гэхэв гэхээр нөгөө дэд бүтцийг нь бий болгож өгөх ёстой асуудал. Энэ рүүгээ  яам шуурхай орох ёстой. Яагаад гэхээр, Засгийн газрын гаргасан шийдвэрийн хүрээнд иргэдээс шахалт ирэх учраас яам энэ рүү эрчимтэй ажиллаад, энэ шугам сүлжээнийхээ тоног төхөөрөмж тоноглолыг сайжруулах энэ юмруугаа орох ёстой. Ийм шийдвэр гарсны дараа Эрчим хүчний яам хуралдаад  бүх нөөц бололцоогоо шавхаад энэ жилийн хувьд гэхэд 5800 өрхийг холбоно. Бүх айлыг 2,5 квт-ын эрчим хүчээр дулаанаа үйлдвэрлэх бололцоогий нь бүрдүүлнэ  20,000 өрхийг 4000 квт-аар бүрдүүлнэ гээд ингээд шийдвэрээ гаргаад ирж байгаа байхгүй юу. Энэ чинь өөрөө энэ засаг төр нь ч гэсэн иргэд нь ч гэсэн яг үүний төлөө ажиллах энэ бололцоогий нь бүрдүүлж өгч байгаа нэг ийм хэлбэр болоод гараад ирж байгаа.

Цааш цаашдаа хийх юм зөндөө байгаа. Үүн дээр бид бас хэрэгжүүлэх ажлуудаа та бүхэнтэй зөвлөлдөж зөвшилцөж хийнээ гэдгийг бас  хэлье. Зөвлөмж дээр миний хэлж байгаа санаа бол тэр хоёр санаа л байна. Их дээд сургуулиудыг нүүлгэх асуудал бол зайлшгүй хийхээс өөр аргагүй ажил. Гэхдээ шаардлагатай байгаа аймгуудад, тэр орчинд нь, тэр их дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдэх ёстой л гэж бодож байгаа. Нийслэл хотын хувьд бол Хархорин руу шилжүүлэх асуудал бол яг өнөөдрийн  зөвлөмжинд оруулаад явахад хүндрэлтэй байхаа гэж бодож байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Их Хурлын дарга

М.ЭНХБОЛД: За та бүхний өнөөдрийн амгаланг айлтгая. ҮАБЗ-ийн өргөтгөсөн хурлаар бас Улаанбаатарчуудын өмнө тулгамдаж байгаа хамгийн хүндрэл бэрхшээлтэй асуудлыг авч ярьж хэлэлцэж байна. Эндээс тодорхой шийдвэрүүд гарч, тэр шийдвэрүүд ажил хэрэг болж өнөөгийн үүссэн энэ нөхцөл байдлыг даван туулахад тодорхой түлхэц үзүүлэх байхаа гэж бодож байгаа. Юуны өмнө өнөөдөр Улаанбаатар хотод байгаа Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, бага насны хүүхдүүдийн ханиад томуу хүрч эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа байдал, үүн дээр бол ерөөсөө эрс өөрчлөлт хиймээр байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байхад, зарим нэг хүмүүсийн ярьж мэдээлж байгаагаас сонсож байхад, эмнэлгийн ачаалал хэт нэмэгдсэн, эм тарианы хүрэлцээ хангамж маш бага болсон, нэгж талбайд оногдож байгаа сахиур, өвчтөн хүүхдийн хэмжээ норм хэмжээ нь ихэссэнээсээ болоод амьсгалын замын өвчин багасахгүй хүндрэх ийм нөхцөл байдалтай байна. Бид онцгой байдлын үед бүс нутгийг хамарсан Н1 N1 гэдэг өвчин ханиад монголд орж ирж байхад тусгай дэглэм  тогтоогоод ингээд ажиллаж чадаж байсан. Тийм учраас энэ чиглэл рүү анхаарах хэрэгтэй. Бүх эмнэлгийн ачааллыг жигд болгох хэрэгтэй, хэн нэгэн байгууллага, хэн нэгэн яамны харьяа эмнэлэг гээд хөнгөн шингэн сууж байдаг. Тэгээд иргэд нийт олон нийтийн  эмнэлэг болохоор ачаа ачаалал нь ихэсчээд, хаалга үүдээрээ сагачихаад, тэгээд ор байхгүй ингээд байж байдаг юмыг таслан зогсоох хэрэгтэй. Тэр Батлан хамгаалах яам, Дотоод явдлын яам гээд л одоо хуучин байсан тэр л байгууллагуудын мэдлийн хаалттай, орж болдоггүй эмнэлгүүдийн ачааллыг жигдрүүлэх хэрэгтэй, бусдад байгаа энэ нөхцөлийг анхаарч үзэх хэрэгтэй гэж үүнийг эхэнд нь хэлчихье гэж бодож байгаа юм.

Ээлжит бус чуулган  хийх талаар зөвлөмжинд туссан байна. Би үүнийг зөв байхаа гэж бодож байгаа. 1 дүгээр сарын 1-нээс Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь УИХ-д шийдвэрийн төсөл өргөн барихад хүндрэл бэрхшээл бий болсон. Гэхдээ эдийн засгийн хямралын үед оочир дугааргүйгээр асуудлыг хэлэлцүүлдэг, өргөн барьдаг журам байж байгаа. Өнөөдрийн агаарын бохирдлын энэ гамшигт нөхцөл байдлыг эдийн засгийн хямралтай адил нэгэн утгаар аваад хэлэлцэхэд би болохгүй зүйл байхгүй байхаа гэж бодож байна. Тэгээд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг УИХ-ын ээлжит бус чуулганыг хийгээд батлаад, түүнийг хэрэгжүүлэх тал дээр олон талаасаа анхаарч ажиллах нь зөв юм. Нөгөөтэйгүүр агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хууль эрх зүйг өөрчлөх шинэчлэх ямар зүйлүүд байна үүн дээр Засгийн газар бодож боловсруулж өргөн бариачээ.

Мөн энэ Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиудын хэрэгжилт ямар байгаа вэ гэдгийг УИХ бас нэг газар дээр нь үзэж, ялангуяа манай Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хороо, Агаарын бохирдлын  дэд хороо энэ хууль эрх зүйн орчинд зөрчилтэй байгаа, түүнийг засах залруулах ийм шаардлагатай зүйлүүд байвал Их Хурал, Засгийн газар хамтраад үүнийг нэг мөр болгох нь зөв  юм гэж бодож байна. Гаргасан шийдвэр, хөрөнгө бол асар их байнаа, гэхдээ хүрсэн  үр дүн бус тааруухан, өнөөдөр гамшгийн байдалтай байна гэдэгт санал нэг байгаа. Дэлхийд агаарын бохирдолтой 50 орны 47-д Улаанбаатар бичигдчихээд, эхийн хэвлийд тогтсон үр одоо амьгүй болж байгаа энэ үед гамшиг гэж үзэхээс өөр арга байхгүй. Энэ агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны эрх үүрэг тэр нэршлийн талаар Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжид тодорхой санаанууд туссан байна. Би Үүнийг зөв гэж үзэж байна. Үнэхээр энэ үндэсний хороо бол хууль эрх зүйн ажиллах нөхцөл орчин нь ямар байгаа юм. Ажиллах хүн нөөц нь ямар байгаа юм. Хөрөнгө санхүү нь ямар байгаа юм. Энэ бүх зүйлүүдийг бид харж үзэх ёстой.

Нөгөөтэйгүүр хууль эрх зүйн нөхцөл байдлыг шинэчлэх асуудал дээр, ерөөсөө агаарын бохирдлыг багасгах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хяналтыг төрийн бус байгууллагуудад эрх мэдэл өгч тавиачээ. Төрийн байгууллагууд бол нэг гараараа хийгээд нөгөө гараараа хянаад, за миний хийсэн юм болж байна гэж яриад байна. 200 тэрбум төгрөг зарчаад зарсан хүн өөрөө бас түүнийг одоо муу боллоо гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Тэгэхээр Төрийн бус байгууллага бол энэ үр дүнг хянадаг ийм эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Иргэдийн оролцоо, иргэдийн хяналтыг нэлээн сайн болгох нь зөв юм. Тэгж байж энэ ажлын үр дүн гарлаа, үгүй байнаа гэдэг  үнэлэлт дүгнэлтийг өгдөг байх явдал чухал юм гэж бодогдож байна.

Агаарын бохирдлыг бууруулах ерөөсөө л цорын ганц зам бол орон сууцжуулах л асуудал байгаа. Тэгэхээр Засгийн газар нийслэлийн удирдлага энэ орон сууцжуулах асуудлаа л маш яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Хаанаас зээл тусламж авах юм. Ипотекийн  зээл олгож байгаа энэ хуучин олгож байсан зөв зүйтэй байсныг буруу болгосон зүйлүүд бий, үүнийг засах залруулах, 6 хувийн хүүтэй төрөөс хяналтыг нь тавиад 20 тэрбум төгрөг улсын төсөв дээр тавиад 100,000 айлын хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан, түүнийг төрийн хяналтгүй болгосон. 8 хувь болгосон гээд өнөөдөр тансаг зэрэглэлийн 35.000 айлын орон сууц зарагдах боломжгүй байна. Хүн асуухаар 35.000  байр байна гэчихээд хэн ч  авах боломжгүй 200, 300 метр квадраттай ийм байшин байгаа байхгүй юу. Тэгэхээр үүнд төр заавал  зохицуулалт хийх хэрэгтэй. Дундаж, дундаас доош орлоготой иргэд 80-100 мКв-аас  бага талбайтай ийм орон сууцанд орох боломж бололцоогий нь бий болгоод барьсан орон сууц нь борлодог зээл нь төлөгддөг ийм зохицуулалтыг нь хийх явдал чухал юм. Энэ бол агаарын бохирдлоос гарах хамгийн зөв арга. Тэхдээ богино хугацаанд нэг  хоёр жилийн дотор шийдэгдэхгүй гэдгийг ойлгож байна. Нийслэл хотод ирж байгаа шилжин ирэгсдийн асуудал дээр анхаарал тавих ёстой. Хотын захирагч шийдвэр гаргасан юм байна.

Энд хэвлэл мэдээллийн улсууд байна. Хотын захирагчийн гаргасан энэ шийдвэрийг дэмжих талдаа дугарч өгөөчээ гэж. 1999 онд Улаанбаатар санд 50.000 төгрөг цуглуулсан хүн Улаанбаатар хотын иргэн болно гэдэг шийдвэрийг би гаргаж байсан. 17 жилийн өмнө болох гэж байна. Энэ бол Улаанбаатар хотын ачааллыг багасгах, тэгээд тухайн жилд тэр Улаанбаатар хотод шилжиж ирсэн хүнд үзүүлэх нийгмийн үйлчилгээний зардал нь төсөв дээр байхгүй учраас тэрийг нь санд нь оруулаад, ингээд хотын ачааллыг багасгах, энэ агаарын бохирдлыг бас бодож гаргаж байсан. Харамсалтай нь Хүний эрхийн хороо шүүхэд тэр шийдвэрийг өгөөд, шүүх хүчингүй болгоод,  ингээд л өнгөрсөн. Өнөөдөр хотын захирагч энэ шийдвэрийг дахиад гаргаж байгаа юм байна.

17 жилийн дараа үүнийг манай хэвлэл мэдээллийн  нөхдүүд маань ер нь одоо зөвөө гэдэг тал руу нь ярьж хөөрч өгвөл зүгээр байна. Дараагийн дугаарт энэ түүхий нүүрсний хэрэглээг бууруулах тал дээр нэлээн хатуухан шийдвэр авах нь зөв юм шиг санагдаж байгаа. Сайжруулсан түлш хэрэглэх, шингэрүүлсэн түлш хэрэглэх, түүний өртгийг нь бууруулах, үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлэх ийм шийдвэрийг гаргах хэрэгтэй. Ер нь одоо бид нар зуухтайгаа ноцолдох юм уу, түлштэйгээ ноцолдох юм уу гэдэг юмыг нэг мөр болгох хэрэгтэй. 2000 онд Засгийн газар дээр зуухны шинэчлэл хийх үү, түвшний бүтцийн өөрчлөлт хийх үү гэж асар их том маргаан болж байсан. Тэгээд маргаж маргаж Байгаль орчны сайд, Ерөнхий сайд хоёр дийлж Дэд бүтцийн сайд бид хоёр ялагдаж зуухны шинэчлэл хийе гэдэг шийдвэр гарч байсан. Жигжид сайд бид хоёр бол түлшний бүтцийн өөрчлөлт хийх ёстой, шингэн түлш гаргаж тэгээд айлуудын байшинг халаадаг угаасан нүүрс хэрэглэдэг, брикетэн түлш хийдэг ийм юм руу явах ёстой гэж. Тэгээд зуухных нь илүү үр дүнтэй гэснээр өнөөдөр 16 жилийн туршид тараасан зуух маань бол Улаанбаатар хотын гэр хорооллын айл оршин суугчдын 97,6 хувий нь хангасан байгаа. Тийм учраас одоо бид нар энэ түлшний асуудал дээр бол онцгой анхаарч байж энэ агаарын бохирдлын ард гарах ёстой. Тийм учраас тэр үндэсний хөтөлбөр дотроо түлшнийхээ өөрчлөлтийг угаасан нүүрсээ урагшаа гаргана гэж ярихаасаа угаасан нүүрсээ Улаанбаатартаа түлэх тухай асуудлыг урьтал болгож бодох хэрэгтэй байхаа. Ингэвэл иргэдийн эрүүл мэнд энэ хотын агаарын бохирдолд чухал асуудал болно.

Дээр нь нэг анхаарах ёстой зүйл бол хашаа байшингийн стандартыг өөрчлөх цаг болсон байна. Бид нар ердийн л хашаа байшингийн стандарттай цонх хаалганы  ердийн стандарттай вакуум цонх тавьсан гэдэг нэртэй л яваад байгаа боловчиг асар их дулаан алдалт байгаа учраас бид нар тэгээд юу хамаагүй түлж байна. Өчигдөр Ерөнхий сайд Эрчим хүчний сайд хоёр айл өрхүүдээр явж байна лээ. Үнэхээр дулаан алдалтыг нь багасгах юм бол бага цахилгаанаар халаагаад байж болохоор. Тэгэхээр энэ хашаа байшингийн стандартыг өөрчлөх тухай асуудал чухал байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдолд одоо 10 жилийн өмнө 160 орчим нам даралтын зуух байсан гэж байсан. Сая 1 дүгээр сарын 6-ны Эрчим хүчний яамны гаргасан мэдээллээр бол 228 болоод өссөн юм байна. Тэгэхээр энэ нам даралтын зуух гэдэг бол нөгөө 80 хувийн агаарыг бохирдуулж байгаа гэр хорооллын агаарын бохирдлын нэг хэсэг нь.

Том станцын яндан 6 хувь бохирдуулж байна гэж ярьж байгаа ш дээ.Тэгвэл нам даралтын зуух чинь тэр 80  хувь талдаа орж байгаа. Энэ нам даралтын зуухуудыг өөрчлөх хэрэгтэй. Судалж үзэх хэрэгтэй. Газрын гүнийн дулааныг яг энэ нам даралтын зуухыг өөрчлөхөд ашиглаж болно. Ашигласан жишээ байгаа. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гурвын дунд 24 ширхэг 90 метрийн гүнтэй нүх ухаад газрын гүний дулааныг ашиглаад 6 жил болж байгаа жишээ Зуун мод хотод байгаа. Энэ бол бага цахилгаан хэрэглэнэ. Газрын гүний дулааныг ашиглана. Нэг ширхэг нүүрс ч хэрэглэхгүй, мод хэрэглэхгүй тэгээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гурвыг халааж байгаа. Тэгэхээр одоо нам дааралтын зуух гэдэг чинь хорооны захиргаа, нэг жижигхэн дэлгүүр, одоо өөр юу байдаг юм хажууд нэг өрхийн эмнэлэг гэсэн нэг ийм гурав дөрвөн намхан шавар байшинг халааж байгаа л ийм зуухууд байгаа. Тэгэхээр үүнийг ингэж өөрчилж чадах юм бол тэр утааны нэлээн том үүсгэвэрийг болиулж чадах юм, үүнийг судалж үзээчээ. Тэр хөтөлбөр юмандаа оруулаачээ.

Шинэ суурьшлын бүсийн тухай хотын захирагч ярьсан. Энэ бас  зөв зүйл яригдаж байна. Шинэ суурьшлын бүсийг хаана гаргаж бий болгох вэ. Өнөөдөр бид нар Улаанбаатар хот 470.000 га хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Түүнийхээ 30 хувь дээр л бид нар суурьшлын бүс нь байж байгаа. Өөрийнхөө  эзэмшил  газрын 70  хувийг ашиглаагүй, тэгэхдээ өрөөлийн хилийн цэсийг өөрчлөнө гэхийн оронд, бас өөрийнхөө хилийн цэс доторх хаана тэр суурьшлын бүсийг тогтоох уу. Тэр шинэ суурьшлын бүсийг хурдны замаар яаж холбох уу гэдэг энэ юмыг бодох хэрэгтэй. Тэр хурдны замтай байх юм бол энэ гэр хорооллын улсууд тэнд очиж амьдардаг, өглөө давхиад ирдэг орой гэртээ харьчихдаг. Өнөөдөр төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэх тухай эхний ээлжинд ярих уу, эсвэл жинхэнэ утаа униар бий болгож байгаа үйлдвэрлэлийн  тэр барилга байгууламжууд тоосонцор бий болгож байгаа энэ үйлдвэр үйлчилгээг нүүлгэх тухай эхэлж ярих уу. Аягүй бол ингээд Их Хурал нүүе гэдэг шийдвэр гарчвал өө энэ Энхболд гэдэг нөхөр 76 гишүүнээ аваад цэвэр агаарт гараад маниусыгаа орхичоод яваад өглөө, ийм л амиа бодсон нөхөр гээд  ингээд ярьж мэднэ. Тийм учраас үүнийг сайн бодож тэгээд нүүлгэн шилжүүлэх гэдэг чинь асар их зардал гарна.Хамгийн эхлээд хамгийн их хортой хамгийн их болохгүй байгаагий нь л нүүлгэж ачаагаа  жаахан хөнгөлөх нь зөв юм уу л гэсэн ийм бодол байна. Үйлдвэр аж ахуйн газруудыг нүүлгэх тал дээр бол өмнө нь хийж байсан төлөвлөгөө юмнууд нэлээн байдаг.

Үүнийг бас нарийн үзээд дахиж нэмж үйлдвэрлэл бий болгохгүй тухай тэр ерөнхий төлөвлөгөөндөө оруул. Автомашины эко сертификат олгоно гэдэг юмаа бол жаахан үзүүлэлтийг нь чангаруулах хэрэгтэй. Автомашинаас 10 хувийн утаа гарч байна гэж байгаа. Тэрнийхээ үзүүлэлтийг тэр тавьдаг шаардлагаа жаахан чангаруулах хэрэгтэй. 15 жилийн машин гэж байгаа бол 10 жил, нийтийн тээврийн автобус яагаад тэр хий, газаар явж болохгүй гэж, зүгээр моторыг нь хий, газаар болгоод явуулдаг юм байна лээ ш дээ, энэ мэтчилэнгээр боломжийн арга хэмжээнүүдийг бид нар тэр хөтөлбөр юмандаа тусгаад шуурхай ажиллах хэрэгтэй,  хөрөнгө мөнгө хэцүүг ойлгож байна. Агаарын бохирдол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш болсон. Энэ ерөөсөө маргааш гэхэд аймгийн төвийн 21 хотын асуудал болсон зарим нь өнөөдөр ч болчихсон байгаа. Тийм учраас энэ асуудалдаа өнөөдөр бид нар хэр зөв шийдэлтэй хандана маргааш аймгийн төвүүд бидний жишгийг авна. Энд хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудыг бас урьсан юм байна.

Би үүнийг их ач холбогдолтой болсон гэж ойлгож байна. Энд яригдаж байгаа зүйлүүдийг. Та бүхэн маань өнөөдөр төр засгийг энэ утааны эсрэг ажил дээр буруутгаж байгаа. Зөв өө бид энд хийж чадаагүй зүйлүүд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ утааг хэн үүсгэж байна вэ, утаа үүсгэгч нарыг хариуцлагатай байлгах талаар нь наад дуугарч байгаа юмныхаа 20, 30  хувий нь ч гэсэн дугарч өгөөчээ. Тэр их утаа гаргаж байгаа. Тэр их тоосго тосонд хийж түлж байгаа. Тэр дугуйны покрышк түлж байгаа айл өрхийг болохгүй байна гэдгий нь  хэлж ярьж, хэвлэл мэдээлэл аль аль талд нь жаахан хариуцлага яриач ээ. Манай гэрийн яндангаас ямар аймаар утаа гарч байнаа гээд хүн бас нэг жаахан ичихээр тийм  зүйлийг нь бас аль аль тал нь жин бангий нь тааруулж ярьж хөөрч байхгүй бол зөвхөн Засгийн газар, зөвхөн хотын захиргаа хоёр гээд  энэ хоёр маань зүтгээд зүтгээд нөхцөл байдал бол амаргүй л байгааг та нар ойлгож ажиллаачээ л гэж хүсэх байна. Баярлалаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Их Хурлын дарга, Ерөнхий сайдад баярлалаа. Өнөөдрийн энэ ҮАБЗ-ийн хуралдааны үр дүнгээр зөвлөмж гарна. ҮАБЗ-ийн гишүүдийн саналыг сонслоо, бид асуудлыг гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой нөхцөл байдлаар ажиллая гэж байгаа учраас сая Их хурлын даргын хэлдгээр Ерөнхий сайдын хэлдэг асуудлыг шийдэх бүрэн боломж байгаа. Ер нь судалсан, хийсэн асуудлаа 2 дугаар сарын 20-нд Их хуралдаа   өргөн бариад энэ асуудлаар Их Хурал тусдаа ээлжит бус чуулган хийчих бүрэн боломжтой. Засгийн газар ч гэсэн энэ асуудлыг тусад нь авч ярилцая гэж ярилаа. Ингээд аливаа асуудлыг шийдэх энэ юм нь нөгөө талдаа хөгжлийн боломж, бүтээн байгуулалтын боломж үүсгэдэг гэдгийг бид нар бүгдээрээ ойлголцож авсан гэж бодож байна. Энэ бол өнөөдөр Монголд тулгамдаж байгаа яг шийдэх шаардлагатай, хамтарч ажиллах шаардлагатай тодорхой асуудлуудын нэг нь байгаа. 2 дугаар сарын эхээр гаргаад үндэсний аюулгүй байдлын асуудлаар би Их хуралд хаалттай мэдээлэл хийнэ гэж бодож байгаа. Жил жилд тодорхой хугацааны дараа өгдөг ийм мэдээлэл байгаа, түүн дээр бас бид нар тойрч ярилцах олон асуудлууд бий.

Өнөөдрийн энэ хурлын үйл ажиллагаа, зөвлөмж, протокол олон нийтэд нээлттэй байгаа, манай хэвлэл мэдээллийн байгууллага, энд асуудал хариуцсан хэвлэлийн албаны улсууд олон нийтэд хүргэх, ойлгуулах, хамтарч ажиллах энэ чиглэлд бүх зүйл нь нээлттэй, өнөөдөртөө багтаагаад ҮАБЗ-ийн зөвлөмжийг албажуулаад гаргана.

Ингээд ҮАБЗ-ийн гишүүд болон энд бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн албаны хүмүүс, бусад иргэддээ маш их талархлаа, баярлалаа, та бүхэнд хурал хаасныг мэдэгдье.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: ҮАБЗ-ийн хуралдаанаар “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” дараах зөвлөмжийг гаргах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар "Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танилцуулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын нэмэлт мэдээллийг хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.3.4-ийн заалтыг тус тус үндэслэн ЗӨВЛӨМЖ болгох нь:

Нэг. Монгол Улсын Их Хуралд:

   1.1. Агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах;

            1.2. Төрийн захиргааны төв байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;

            1.3. Агаар, орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх;

            1.4. Орчны бохирдлыг бууруулахад иргэд, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх;

            1.5. Агаар, орчны бохирдлын асуудлыг Улсын Их Хурлын чуулган бүрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусган хэлэлцэж байх, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулах;

            1.6. 2017 оны эхний улиралд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулан энэхүү зөвлөмжийн 1.1-1.4-т заасан асуудлыг хэлэлцэж, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлах.

Хоёр. Монгол Улсын Засгийн газарт:

2.1. Энэхүү зөвлөмжийн 1.1-1.4-т заасан хууль, шийдвэр, хөтөлбөрийн төслийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор боловсруулж Улсын Их Хуралд өргөн барих;

2.2. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа түүний заалт бүрийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг нэг бүрчлэн нарийн заасан төлөвлөгөөний хамт боловсруулах;

2.3. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог шинэчлэн зохион байгуулж (Орчны бохирдлын асуудлаарх онцгой байдлын үндэсний хороо) онцгой байдлын горимоор ажиллуулах;

2.4. Агаар, орчны бохирдлын асуудлыг улирал бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байх, шаардлагатай бол тусгай хуралдаан хийх.

Гурав. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд:

            3.1. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар орон нутгийн орчны бохирдлын асуудлыг хэлэлцэн холбогдох арга хэмжээг тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;

            3.2. Орчны бохирдлыг бууруулахад идэвхтэй оролцож хамтран ажиллах талаар нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хандан уриалга гаргах.

Дөрөв. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргад:

            4.1. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр гарсан саналуудыг нэгтгэн Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх;

            4.2. Орчны бохирдлын асуудлаар гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.