2017.01.09

Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Монголбанкнаас олгоно

2008 оноос хойш гадаадын банкууд манай улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байгаагаас 8 нь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд эдгээрийн 3 нь гадаадын банкны хувьцаа эзэмшигчтэй байна.

Гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулахыг зөвшөөрөх, татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг Банкны нэгжийн журамд тусгасан байдаг ч энэ нь хангалтгүй юм. Тиймээс Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэрэгтэй гэж хууль санаачлагч үзжээ.

Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, банкны хувьцааг эзэмшихэд зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг энэ хууль болон бусад хуульд нийцүүлэн Монголбанкны журмаар зохицуулна гэж хуулийн төсөлд заасан байна.

Хөрөнгө оруулалтын банкны эрхлэх үндсэн долоон үйл ажиллагаа:

1. Зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрүүлэх

2. Томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор зээл олгодог байх

3. Гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх

4. Өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах

5. Үнэт цаас худалдах, худалдан авах

6. Зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах

7. Хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ

гэсэн хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа эрхэлнэ.

Мөн санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, итгэлцлийн үйлчилгээ, даатгалын зуучлагч, андеррайтерын үйлчилгээ, кастодиан, харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр явуулж болно. 

- Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байна.

- Хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байна.

Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулагчид  тавих үндсэн найман шаардлага:

1. Сүүлийн гурван жилд өөрийн орны болон бусад орны хууль тогтоомжийг ноцтой зөрчсөнөөс үүдэн банк, түүний нэгж байгуулах зөвшөөрөл нь хүчингүй болсон, төлбөрийн чадваргүй болсон, санхүүгийн хүндрэлд орж байгаагүй

2. Монгол Улсад банкны төлөөлөгчийн газар  байгуулж, нэгээс доошгүй жил үйл ажиллагаа явуулж байгаа

3. Монгол Улсын Банкны тухай хууль тогтоомж, банкны зөвшөөрлийн журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг

4. Санхүүгийн тайлан, мэдээгээ жил бүр тайлагнадаг байх

5. Санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийсэн байх

6. Санхүүгийн тайлан, мэдээгээ аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх

7. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь хууль ёсны үйл ажиллагааны орлого байх

8. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй

Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаанд тавих хоёр хязгаарлалт:

1. Зээл, зээлтэй адилтгах актив хөрөнгийн нийт дүн нь өөрийн хөрөнгийг 20 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх

2. Зээлийн баталгаа, батлан даалт, үнэт цаасны нийт дүнгийн нийлбэр нь өөрийн хөрөнгийг 20 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх

Хөрөнгө оруулалтын банк нь иргэдээс хадгаламж татан төвлөрүүлэхгүй, хараат болон охин компани байгуулж болохгүй.

Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага: 

1. Хэрэв энэ хуульд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх, хараат болон охин компани байгуулсан бол түүнээс учирсан хохирлыг нөхөн төлүүлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

2. Монголбанкаас хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй байгууллага, аж ахуйн нэгж нь хөрөнгө оруулалтын банк гэсэн нэр хэрэглэхийг хориглоно.

Хэрэв энэ заалтыг зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хууль бусаар олсон орлогыг хурааж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /60 сая төгрөг/ торгоно.

4. Хөрөнгө оруулалтын банкинд тавьсан дээрх хоёр хязгаарлалтыг зөрчсөн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /120 сая төгрөг/ торгоно гэж хуулийн төсөлд тусгажээ.