Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн ажлын хэсгийг Ц.Цэрэнпунцаг гишүүн ахална
Өмнөх парламентын гишүүд 2016 онд “Хөрөнгө оруулалтын банкны тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байсан.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны 03 сарын 31-ний өдрийн хуралдаанаар уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, гишүүд санал нэгтэй дэмжсэнээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг тус ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар боллоо.
2017, 2018, 2019 онуудад уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж байсан хууль өдгөөг хүртэл батлагдаагүй байгаа тул Ц.Цэрэнпунцаг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт уг хуулийн төслийг сайжруулан боловсруулах чухал үүрэг ногдож байгаа юм.
Дэлхийн эдийн засгийн интеграци эрчимжихийн хэрээр санхүүгийн зах зээлийн либералчлал улам тэлж, энэ нь Монгол Улсын дотоодын банкны салбарт тусгалаа олж өнөөдрийн байдлаар дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа банкуудад гадаадын хөрөнгө оруулалт ороод байна. 2008 оноос хойш олон улсын санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг, нэр хүнд бүхий гадаадын банкууд манай улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байна.
Иймд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлагатай гэж үзэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа юм.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn