Н.Учрал: Инновацийг дэмжиж ажиллах лобби бүлгийг байгуулна
УИХ- ын гишүүн Н.Учрал
2016.12.01

Н.Учрал: Инновацийг дэмжиж ажиллах лобби бүлгийг байгуулна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өчигдөр “Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилго” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ- ын гишүүн Н.Учрал, М.Билэгт, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр болон холбогдох яам, агентлаг, эрдэмтэн судлаачид, гарааны компаниудын төлөөлөл оролцов. УИХ-аас 2012 оны тавдугаар сарын 22-ны өдөр Инновацийн тухай хуулийг батапсан ч өнөөг хүртэл тус хуульд дөрвөн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Манай улсад үндэсний инновацийн тогтолцоо байгаа боловч ажилладаггүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байдаг талаар хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжлэлтэй хандаж байлаа. Түүнчлэн эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ цаг үед шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж, эдийн засгийг солонгоруулах, инновацийн тогтолцоо, дэд бүтцийг бүрдүүлэх, гарааны компаниудыг дэмжих төрийн бодлого, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудалд УИХ, Засгийн газар анхаарал хандуулж ажиллах шаардлага зүй ёсоор тулгараад байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Манай улс дэлхийн хэмжээнд инновацийн хөгжлөөр хангалтгүй байна. Үүнийг хөгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Энэ асуудлыг цэгцтэй,    нэгдсэн зохион байгуулалтад оруулахад манлайлал хэрэгтэй байна. Иймд би УИХ-д инновацийг дэмжиж ажиллах лобби бүлгийг байгуулна. Би Инновацийн тухай     хуулийн хэрэгжилтийн явцын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьсан” гэв.

Харин улс орны бодлого боловсруулагчид инновацийн тэргүүлэх чиглэлийг баталж, инновацийн санг байгуулан гарааны компаниудыг урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Инновацийн тухай хуулийг эргэж харж, шинэчлэх, гарааны бизнес эрхлэгчийн гаргасан бүтээгдэхүүний зах зээлийн хамгаалах, тэдэнд хууль эрх зүй, дүрэм журмын талаар мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулах цаг болсныг ХААИС-ийн Магистр, докторын сургуулийн захирал, доктор профессор Б.Баттөр илтгэлдээ онцоллоо.