О.Баасанхүү: Шүүн таслах ажиллагааны явцад тэгш эрхийн мэтгэлцээний зарчим алдагдсан гэж үзэж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралтай холбогдуулан тодруулах, хөөцөлдөх шаардлагатай хэд хэдэн асуудал бий талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрээр тус хэргийн шүүх хурлыг яагаад Цагдан хорих 461 дүгээр ангид хийв гэсэн асуултаар хэвлэлийн хурлаа эхлүүлсэн. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн парламентад Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа шүүх хурлыг хорих 461 дүгээр ангид ахиж хийхгүй байх шийдвэр гаргуулж байжээ. Гэтэл өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг шүүгчдийн хүсэлтийн дагуу тус хорих ангид хийсэн гэсэн тайлбар өгчээ.
Хуулийн дагуу шүүгч нь үнэн зөв шийдвэр гаргах үүрэгтэй болохоос биш шүүх хурал болох харьяалал, байрыг сонгодоггүй байна. Уг нь бол хэрэг болсон нутаг дэвсгэрийн харьяа сум, дүүргийн шүүхэд шүүх хурал явагдах ёстой. Шүүгдэгчид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах эрхтэй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү шүүх хурлыг цагдан хорих 461 дүгээр ангид хийсэн нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, шүүн таслах ажиллагааны тэгш эрхийн мэтгэлцээний зарчим алдагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд 1939 оны их хэлмэгдүүлэлтийг санагдуулж байгааг хэллээ.
Тиймээс цаашид Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимыг хаалгахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.
Тэрээр шүүхийн шийдвэр үнэн зөв эсвэл худал гэж хэлэх гэсэнгүй. Гол нь яллах дүгнэлтийг харахад, С.Зориг агснаас гадна хэд хэдэн хүний амь насыг хөнөөсөн хэрэгт шүүгдэгчдийг буруутгасан гэж ойлгогдохоор байгаад сэтгэл зовниж байгаагаа хэлсэн.
Шүүгдэгчдийн нэг болох Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа нь О.Баасанхүүд хандан гомдол гаргаж байжээ. Уг гомдолд 2007 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 0302 тоот галын дүгнэлттэй холбогдуулан дахин шинжээч томилж, хүүхдэд минь үндэслэлгүй ял үүрүүлэх гээд байна гэж гэжээ. Энэ гомдлоо Хууль зүй, дотоод хэргийн сайдад ч уламжилсан байна.
Уг галын дүгнэлтэд 4-5 хүн гал түймэрт өртөж, амь насаа алдсан гэж дурджээ. Хэрэв С.Зоригийн хэргийн шүүгдэгчид нь гал түймэрт өртөж амь насаа алдсан тэдгээр хүмүүсийн амийг хөнөөсөн гэж үзээд 24-26 жилийн ял оноосон бол тойргийн иргэдийнхээ өмнөөс дуугарах, тэдний эрхийг хамгаалах нь зүйн хэрэг гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдэж байна.
Ийнхүү тэрээр галын дүгнэлт үнэн зөв гарсан эсэх, хэргийг яагаад нууцад хамруулсан болох, хүний эрх зөрчигдсөн эсэх зэрэг хэд хэдэн асуудлыг тодруулах, нууцтай шууд харьцах эрхийнхээ дагуу нууцын зэрэглэлтэй материалтай танилцах хүсэлтээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны харьяа Тусгай хяналтын хороонд гаргах болно гэлээ.
Төгсгөлд нь, С.Зоригийн хэргийн шүүх хурлын шийдвэр болоод эргэлзээтэй, тодруулах шаардлагатай асуудлын мөрөөр явахыг сэтгүүлчдээс хүслээ. Харин тэрээр сэтгүүлчдийн асуултад хариу өгөхийг хүссэнгүй бололтой хэвлэлийн хурлаа дуусгасан юм.