УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар нийтийн сонсгол явуулахыг хүслээ
2021.03.15

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар нийтийн сонсгол явуулахыг хүслээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар Нийтийн сонсгол зохион байгуулах талаар хэвлэлийнхэнд өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-Ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсын Их Хурлаас Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц”-ийг 2002 онд,  “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол”-ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталж дагаж мөрдөж байгаа хэдий ч хууль хяналтын байгууллагын алба хаагчид Үндсэн хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудыг ноцтой зөрчиж иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж эрүүгийн хэрэг үүсгэсэн, ял оногдуулсан гэх мэт мэдээлэл хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарсаар байгааг мэдээллийн эхэнд дурдлаа.  

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутайд тооцогдон хорих ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг Улсын Их Хурлын гишүүд болон сэтгүүлч нарт үзүүлсэнээс хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал шийдэгдээгүй байна.

Иймээс уг асуудлаар нийтийн сонсгол явуулах талаар УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлж буйгаа санаачлагч гишүүд мэдэгдлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж заасан.

Иймээс УИХ-ын гишүүдийг уриалж, уг ажлыг дэмжин гарын үсэг зурахыг хүслээ. УИХ-ын гишүүдийн 4-ний 1-ээс доошгүй нь  дэмжвэл нийтийн сонсгол явуулах юм байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Т.Аубакир, Х.Ганхуяг нарын гишүүд уг санаачилгыг дэмжин гарын үсэг зурлаа