Би МАН-ын гишүүн хэвээрээ л байна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Өнгөрсөн мягмар гаригт МАН түүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн нь дүрмээ зөрчсөн зүйл хэмээн тэр ярилаа. Энэ талаар түүнтэй ярилцав.
-Таныг МАН Бага хурлын гишүүнээсээ чөлөөлчихсөн. Учир нь таныг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нартай хамт намаасаа гарч байна гэж ойлгосных байх л даа...
-Тэгж далимдуулсан тал байгаа байх аа. Манай намын дүрмээр УИХ-ын гишүүн намын Бага хурлын гишүүн байх журамтай. Тэр тусмаа өнөөдрийг хүртэл би намын гишүүнээрээ байна. Тиймээс дүрэм зөрчигджээ гэж ойлгож байна. Харин МАХН руу очоод намын гишүүнээ сэргээгээд орчихсон бол хасах нь аргагүй л дээ.
-Гэхдээ та намаас гарах бодолгүй байсан юм бол дээрх гурван гишүүнтэй хамт хэвлэлийн бага хурал хийх шаардлагагүй байсан юм биш үү?
-Бидний дөрвөн гишүүн намын бүлгийн үйл ажиллагаанд оролцохгүй болсон талаараа л мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Намаас гарах асуудалтай ямар нэг холбоо байгаагүй.
-Ер нь намаас гарах бодол байгаагүй гэж үү. Одоо яагаад өөр юм яриад байна вэ?
-Ямар өөр зүйл ярьсан гэж. Намаас гарах зүйл яриагүй санагдана. Тийм шийдэл гарах дээрээ тулбал намайг дэмжиж явдаг намынхаа мянга мянган гишүүнтэй ярилцаж байж шийднэ гэж хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан. Ер нь бидний эхнээсээ тавьсан асуудал сайд огцруулах л байсан, түүнд би нэгдсэн, тууштай байгаа. Харин энэ асуудлаар намын шийдвэрээ дагаагүй гээд ямар нэг хариуцлага хүлээлгэвэл би бэлэн байгаа. Хийгээгүй алхмынхаа төлөө бол үгүй шүү.
-Фракц байгуулахаас эхлээд та МАХН руу явсан гишүүдтэй санал нэг явсан юм биш үү?
-Албан ёсоор фракц байгуулж амжаагүй. Ярьцгааж л байсан. Фракц бол нам дотроо л үйл ажиллагаа явуулдаг бүтэц. Одоо бол боломжгүй болж. Бүх зүйл дээр бид хамт байсан гэсэн үг биш л дээ. Улс төрийн орчныг цэвэр, шударга байлгах, намаа нэгдмэл байлгах гэх мэт олон асуудлаар бид нэг байр суурьтай байсан, цаашдаа ч төр, нийгэмдээ зөв хандлага тогтоох дээр нэгдмэл л байх болно.
-Бүлгээс гарна гэдэг чинь намаас гарна гэсэн үг биз дээ?
-Энэ хоёр бол өөр, өөр асуудал. Амьдрал дээр гарсан бодит жишээ татъя л даа. 2004 онд МАХН-АН хамтарсан Засгийн газар байгуулагдаж УИХ дахь бүдүүн бүлэг байгуулагдахад АН-ын дөрвөн гишүүн нэгдээгүй санагдана. Тэднийг намаас гарсан гэж үзээгүй. Ер нь ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүнийг УИХ дахь аль бүтцэд хамрагдаж, нэгдэж, гарахыг УИХ-ын тухай хуулиар зохицуулдаг болохоос улс төрийн намын дүрмээр зохицуулдаггүй. Бид УИХ дахь шийдвэр гаргадаг нэг бүтцэд оролцохгүй гэдгээ л мэдэгдсэн.
-Одоо тэгээд Ардын нам ч үгүй, МАХН ч үгүй болж байгаа хэрэг үү?
-МАН-ын гишүүн хэвээрээ л байна. Ард түмний төлөөллийг ганцаардуулна гэж юу байх вэ. Миний ард нутгийнхан, сонгогчид маань байж л байна. Намдаа авчирсан суудлыг нь ашиглачихаад эцэстээ "хажиглана" гэдэг чинь ёс зүйгүй хэрэг. Ер нь тэгээд ард түмний төлөөллийг шийтгэнэ гэдэг чинь сонгогчдыг нь хамруулсан л хэрэг болно доо.
-Ингэж байхаар МАХН руу явчихвал яасан юм...
-Намын гишүүнчлэлийн асуудлыг тэр тусмаа ард түмний төлөөлөл болж яваа хүн гомдол, сэтгэл хөдлөл, атаа хорслоор шийдэх асуудал биш байх аа. Ер нь бол намаа нэгтгэх асуудлаар бидний дөрвөн гишүүний хувьд байр суурийн зөрүү байсан. Сонгуулийн дараа ч юм уу, хэзээ нэг цагт нэгдэнэ дээ. Амьдрал баян шүү. Өөрийнхөө хуулиар зохицуулаад л явчихна.
-Хэвлэлийн хурлын дараа гурван гишүүнтэйгээ цуг МАХН руу яагаад яваагүй юм бэ?
-Хэвлэлийн бага хурал дээр МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх асуудлаар шийдээгүй байгаа гэдгээ тодорхой хэлсэн дээ. Нөгөө талаар, би гурван нөхрөө хурлын дараа шууд явах гэж байгаа талаар тэр үед мэдээгүй, тэд маань ч надад энэ талаар ярьсангүй. Орой зурагтаар л мэдсэн.
-Бага хурлын гишүүн биш болсон учраас ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшихгүй гэсэн үг үү?
-Тийм далд санаа явааг үгүйсгэхгүй байна. Намын удирдлагуудаас энэ талаар тодруулна гэсэн бодолтой байгаа. Ер нь орон нутагт болсон хэлэлцүүлэг гэж өөрсдийгөө хуурсан инээдтэй л юм болсон сонсогдсон. Эцсийн дүндээ иргэдийн л саналыг авна шүү дээ. Бүгдийг нь мөнгөөр зохицуулна гэж ард иргэдээ басаж болохгүй.
-Намаасаа гарахгүй гэдгээ удирдлагууддаа хэлж тайлбарлах хэрэгтэй болж байна аа даа?
-Гараагүй байгаа хүн чинь юуг нь хэлдэг юм.
-Тэгвэл таныг Бага хурлын гишүүнээр дахин батламжлах болов уу?
-Бага хурлын гишүүнээс татгалзах шийдвэр би гаргаагүй. Намайг чөлөөлөх шийдвэр гаргасан хүмүүсийн л шийдэх асуудал.
-Одоо та ямар алхам хийх гэж байна?
-Итгэл хүлээлгэж, төлөөллөө болгосон нутгийнхан, надтай цугтаа явж, дэмжиж ирсэн жирийн гишүүд, дэмжигчдийнхээ саналыг харгалзаж байж шийдлээ гаргана даа. Энэ бол бидний хамтын шийдэл байх болно.