Намаас гарах цаг ирвэл сонгогчидтойгоо хамт явна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2012.05.03

Намаас гарах цаг ирвэл сонгогчидтойгоо хамт явна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг МАН-ын Бага хурлын гишүүнээс хассан байна. Хэдийгээр эрхэм гишүүн УИХ дахь намын бүлгээсээ гарч сул гишүүн болсон ч намаасаа гараагүй байгаа юм. Намаас гараагүй байхад Бага хурлын гишүүнээс хассаныг дүрэмгүй шийдвэр болжээ хэмээн тэрээр эсэргүүцэж өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд Бага хурлын гишүүн байх зарчимтай ч ийм шийдвэр гаргасанд харамсч байгаагаа илэрхийлээд энэ нь өөрийг нь сонгосон гишүүд, дэмжигчид, нутгийн зон олныг нь басамжилсан үйлдэл хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Бага хурлын гишүүнээс хассан нь намаас хассан хэрэг биш үү?

-Өнөөдрийг хүртэл намын гишүүн хэвээр байна. Намаас гарах тухайгаа шийдэхдээ удирдлагууд хэрхэн хандахаас биш намын жирийн олон гишүүдтэйгээ ярилцана. Энэ байр суурь дээрээ байгаа. Ийм шийдвэр гаргасан нь намын удирдлагууд эндүүрсэн үү, бүлгээс, намаас гарна гэдгээ ойлгодоггүй юм уу, эсвэл намайг өөр намд орсон гэж бодсон юм болов уу. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл. Гишүүнийг улс төрийн нам шийтгэнэ гэдэг ёс суртахууны хувьд зохимжгүй. Тухайн гишүүнийг өөрийнх нь төлөөлөлтэй хамт хассантай адил. Намайг сонгосон олон гишүүн рүү тааламжгүй алхам хийлээ гэж ойлгож байна. Шийдвэр гаргаагүй байхад Бага хурлын гишүүнээс хассан нь намайг сонгосон олон түмнийг хүндэлсэнгүй. Улс төрийн нам бол ард түмний итгэлийг дааж сонгуульд оролцож санал авдаг. Сонгууль дөхсөн үед энэ бол сайн зүйл биш.

Сонгогчдоо,нутгийнхныгаа ямар нэгэн байдлаар басамжлуулахыг би хүсэхгүй.

Хэрэв намаас гарах цаг ирэх юм бол би тэдэнтэйгээ хамт явна. Сүүлийн үед надад нэг зүйл ажиглагдаж байна. Хөрөнгө мөнгөндөө аархсан,баярхсан хүмүүсийг дэмжих хандлага намд байна.Үүнийг би шүүмжилдэг. Намын бодлогыг дагасангүй гэж нэгийгээ ингэж  болохгүй. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах, стратегийн орд газруудад төрийн бодлогыг тодорхой болгох шаардлагыг тавьсан ч бүлэг улс төрийн дэмжлэг үзүүлээгүй учир цаашид бүлэгт оролцохгүй гэсэн. Намаас гарахаар бол анхан шатны үүрт өргөдлөө өгч шийддэг. Бага хурлын гишүүнээс намайг хассан нь зарчимгүй, дүрэмгүй алхам байна. Энэ тухай мэдээлэх, жирийн гишүүддээ хэлэх нь зүйтэй. Хөрөнгө мөнгөнд хөлчүүрхсэн зангаар хандаж, ийм хүмүүсийг дэмжээд байвал ард түмэн намаас холдоно. Боловсон хүчний бодлогод ч ийм зүйл ажиглагдаж байгаа. Иргэдээ басамжилсан, хөрөнгө мөнгөөр бүгдийг шийднэ гэсэн байдлыг нам өөгшүүлэх юм бол ард түмэн намаас холдоно. Намдаа нэг суудал авчирсан УИХ-ын гишүүнийг Бага хурлаасаа хассан нь зарим нэг хүний хүслээ гүйцэлдүүлэх гэсэн алхам. Хөрөнгөнд хөлчүүрхсэн зан сайн зүйл дагуулахгүй дээ. Намын удирлагууд тайгаа уулзаж энэ байр сууриа илэрхийлнэ.

-БагахурлынГишүүнээсингээдхасчихлаа. Таны улс төрийн дараагийн алхам юу вэ. МАХН-д орох уу?

-Бага хурлын гишүүнээс хассан нь цаана нь байгаа хорон санаа юу вэ гэвэл Бага хурал УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг Шийддэг байгууллага. Нэр дэвшүүлэхгүй гэсэн хандлага юм болов уу гэж ойлгож байна. Үүнд өширхөж, шаралхаж улс төрийн алхам хийх бодол алга. Улс төрийн алхам, хийхдээ тулбал надтай хамт яваа гишүүд, дэмжигчидтэйгээ, ярилцаж байгаад шийднэ.

-Бага хурлаас хассан тухайгаа танд албан ёсоор мэдэгдсэн үү?

-Надад тайлбар ирээгүй байна. Намын Хяналтын хорооны дарга Л.Дондог надтай утсаар ярьсан. Би Ц.Нямдоржийн асуудалд байр суурь хатуу байгаа, кнопоо дарна. Намын, шийдвэр дагаагүй гэж арга хэмжээ авбал хүлээн зөвшөөрнө, өнөөдөртөө намаас гараагүй байгаа шүү" гэж хэлсэн. Түүний дараа ийм шийдвэр гарсан юм билээ.

-Та уржигдар болсон намынхаа Бага хуралд оролцоогүй учир хасчихсан юм биш үү?

-Би Ц.Нямдоржийн асуудалд байр суурь хатуу байгаа. Тиймээс Бага хуралд оролцоогүй. Бага хуралд оролцоогүй гэсэн шалтгаанаар хасах дүрэм байхгүй. Огцруулъя гэсэн байр суурь тууштай байна. Үүнийхээ төлөө ямар ч хариуцлага  хүлээхэд  бэлэн. "Ц.Нямдоржийг  огцруулахад санал өгсөн чинь буруу намаас хөөлөө" гэвэл хүлээж  авна. Түүнээс биш байр сууриа илэрхийлээгүй асуудалд шийдвэр Гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.