Ц.Даваасүрэн: Өнөөдөр 100 оюутан хонгилд амьдарч байна
2009.09.29

Ц.Даваасүрэн: Өнөөдөр 100 оюутан хонгилд амьдарч байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Д.Сэдваанчиг нарын гишүүд оюутны байруудаар зочилсон билээ, өнгөрсөн долоо хоногт. Энэ нь гишүүдийн хувьд Монголын оюутны холбоотой хамтран хувийн болон хувьсгалын их дээд сургуульд хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудын ахуй амьдралтай биечлэн танилцахыг хүссэнтэй холбоотой.  Өнөөдрийн байдлаар, нийслэлд улсын их дээд сургууль, коллежид 21 мянган оюутан суралцдаг. Гэтэл нэг байранд 200 орчим оюутан хүлээж авах хүчин чадалтай байдаг гэсэн статистик тооцоо байна.

Тэгвэл нийслэлийн хэмжээнд 45 их дээд сургууль л оюутны дотуур байртай аж. Дээрх байруудад 12 мянга орчим оюутан хүлээн авах хүчин чадалтай аж. Гэтэл хөдөө орон нутгаас 53 мянга гаруй оюутан нийслэлд ирж суралцдаг юм байна. Тооцоод үзэхээр таван оюутны нэг нь байранд, үлдсэн нь хаана яажшуухан толгой хоргоддог нь тодорхой бус. Тиймээс оюутны амьдралыг хэрэг болгон судалсан гишүүдийн нэг болох Ц.Даваасүрэн гишүүнтэй уулзаж, ярилцлаа.

-Оюутнуудын амьдарч байгаа байр, сууцыг сонирхох болсны учир юу вэ. Тэдний амьдрал ямар байх юм. Энэ талаар яриагаа эхэлье?

-Сонгогчид, эцэг эхчүүд, ялангуяа, хөдөөгийн иргэд, малчдын зүгээс УИХ-ын гишүүддээ хандаж тавьсан асуудлаас үүдэн бид оюутны байруудаар явж үзлээ. Ер нь оюутнууд яаж амьдарч байгаа талаар судалгаа хийж үзэхээр шийдсэн юм.
Тэд үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байгаа юм байна. Тэд чинь Монголын ирээдүй шүү дээ. Өнөөдөр улс орнуудын хөгжиж байгаа гол хүчин зүйл нь, хүний хөгжил. Хаана боловсролын систем сайтай байна, хүнээ зөв хөгжүүлж чадаж байгаа тэр улс орон л хөгжиж байна шүү дээ. Түүнээс биш өчнөөн алт, зэсийн баялагтай байгаад нэмэргүй. Энэ бол дараагийн асуудал. Хамгийн гол нь тэр их нөөц баялгаа мөнгө болгоод боловсролын системдээ хөрөнгө оруулалт хийдэг байх нь чухал.

-Та бүхэн тэдний бодит амьдралтай танилцсаны хувьд оюутнуудын төлөө ямар алхам хийхээр төлөвлөж байна вэ?

-Хүүхэд залуучууд, ялангуяа, хөдөөнөөс ирж сурч байгаа оюутнуудын сурлагын амжилтад сөргөөр нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол амьдарч байгаа ахуй орчин юм байна. Тэгэхээр бид амьдрах байр сууцтай нь холбоотой асуудлыг шийдэх тал дээр анхааръя гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн 2010 оны төсөвт оюутны тохилог байр барихад тодорхой хэмжээний хөрөнгө гаргуулахын төлөө бид ажиллана.

-Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед оюутны байр барих бололцоо байна уу?

-Оюутны байр барихад ойролцоогоор гурав орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн. Энэ мөнгийг оюутнуудынхаа төлөө зориулах л хэрэгтэй. Энэ байтугай мөнгийг идэж ууж байгаа нь үнэн шүү дээ. Өнөөдөр хүүхдийн мөнгөнд 145 тэрбум төгрөг гаргадаг. Гэтэл үүний 10 хувь нь хуримтлагддаг. Чинээлэг амьдралтай айлын хүүхдүүд нь тэр мөнгийг огт авдаггүй. Ингээд бодохоор 14 тэрбум төгрөг цаана нь гарч байгаа биз. Тэгэхээр энэ 14 тэрбум төгрөгөөр хэчнээн оюутны байр барьж болохоор байгаа нь харагдаж байна.
Энэ бол наад захын жишээ юм. Энэ мэтийн асуудлыг шийдэхийн тулд мөнгөө зөв хуваарилдаг, зарцуулдаг тогтолцоо руу явах ёстой. Тэгвэл оюутны байрны хөрөнгө бол асуудал биш.

-Төсөв алдагдалтай гарч байгаа болохоор оюутны байранд гурван тэрбум төгрөгийг ойрын хугацаанд төсөвлөнө гэдэгт эргэлзэж байна шүү?

-Төсвийн асуудлыг намрын чуулганаар бид нэлээд сайн ярина. Өнөөдөр зэсийн үнийг маш багаар авч байна, манайх. Сангийн яам бага төлөвлөөд түүнийгээ биелүүлдэг хэлбэрээр ажиллаж болохгүй. Харин шахуу үүрэг авч байж, орлого олоод төсвийнхөө зардлыг хөгжлийг тэтгэхэд зориулах хэрэгтэй. Ийм л төсөв байх ёстой. Ингэж чадвал оюутны гурван тэрбум төгрөг бол юу ч биш. Хөгжил боомилсон төсөв байж болохгүй.

-Оюутны байр хүрэлцдэггүйн дээр байрны дарга, сургуулийн удирдлагуудын бизнес болсоор удаж байгаа. Энэ асуудлыг шийдэх гарц байна уу?

-Ер нь хүүхдүүд хэнд мөнгө төлж байна, оюутны байрны асуудлыг хэн анхаарч, шийдэж байгааг мэдэхгүй байна. Гэтэл оюутнууд хэнд байрны мөнгө төлдөг, хэн энэ асуудалд анхаарах ёстой талаар Оюутны холбоогоороо дамжуулаад мэдэж болно шүү дээ.
Оюутны амьдрах байрны асуудалд сургуулиуд, боловсролын яам, төр засаг ч анхаарах ёстой. Нэг талаар, оюутнууд өөрсдийнхөө амьдрах орчинг сайжруулах талаараа тэмцэх нь чухал. Харин үүнийг төр нь дэмжих хэрэгтэй.

-Таны ярианаас төр засгийн зүгээс оюутнуудынхаа, ирээдүйн төлөө хийсэн зүйл алга байсан гэж ойлгож байна?

-Оюутны байруудаар яваад үзэхэд л бүх зүйл илэрхий байна. Оюутнууд нь орц хонгилоор гэр хийж байх юм. Зөвхөн бидний очсон тэр байруудад гэхэд л 100 оюутан хонгилд амьдарч байна шүү дээ. Хамгийн гол нь хэн тэр орц, хонгилыг эзэмшээд, хэн оюутнуудад хөлсөлж байгаа юм, бүү мэд.

-Гадаад улс орнуудыг харж байхад их дээд сургууль болон оюутны хотхон нь тодорхой нэг газар төвлөрсөн байдаг. Харин манайд эсрэгээрээ. Энэ асуудлыг шийдэх гарц юу байгаа бол, таны бодлоор...?

-Гадны улс орнуудыг жишгийг дагаж хотоос зайдуу оюутны хотхоны асуудал шийднэ гэсээр байтал тэд чинь хохирч дууслаа. Мөнгийг нь шийдсэн байхад өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй байна шүү дээ. Энэ нь асуудлыг хариуцдаг боловсролын яаманд хөрөнгийг олголгүй хаа хамаагүй Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд зарцуулах эрх олгосноос болсон байна. Адаглаад байгаа хэдэн байруудаа засварт оруулаад бага ч гэсэн сайжруулах хэрэгтэй. Миний орсон оюутны байруудаас номын тавиуртай ганц ч байр байхгүй байсан. Тэгэхээр энэ хүүхдүүд чинь яаж сурах юм бэ. Монголын ирээдүй дэндүү болхи бүдүүлэг орчинд сурч байна.
Би Орос, Японд сурч байсан. Миний тэр гадаадад сурч байсан 10, 20 жилийн өмнөхтэй харьцуулшгүй дор байна, манайх. Бидний амьдарч байсан оюутны байр буудал юм байна, хажууд нь. Тэгэхээр энэ хэмжээгээр бид хоцорч явна гэсэн үг.

-Оюутны байр барих хоосон талбай Улаанбаатар хотод бараг л үлдээгүй байх?

-Хоёр, гурван газар байна билээ. Оюутны холбооны өөрийн эзэмшлийн газар, Оюутны хотхонд бас жаахан газар байна. Оюутны хотхонд хувийн хэвшлийнхэн газар аваад л баар, ресторан барьсан байна лээ. Үүний оронд л оюутны байр бариулах ёстой байгаа юм.

-Их дээд сургуулиуд хотын төвд байрласнаас болоод түгжрэл үүсч байна гэж үзэж байгаа, хүмүүс. Үндэсний хөгжлийн цогц бодлогод их дээд сургуулиудыг Налайх дүүрэгг шилжүүлнэ гэж тусгасан байсан?

-Оюутны хотхон барихад 800 сая төгрөг улсаас төсөвлөж өгсөн юм, хоёр жилийн өмнө. Тэр мөнгийг нь Боловсролын яаманд бус Барилгын яаманд өгсөн байгаа юм. Гэтэл Барилга, хот байгуулалтын яаманд өгөөд 800 сая төгрөг ажил хэрэг болоогүй, хаашаа орсон нь ч мэдэгдэхгүй л болжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.