Шадар сайд ШУА-ийн тэргүүлэгч гишүүн боллоо
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн боллоо. Академийн чуулган 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хуралдан санал нэгтэйгээр Шадар сайдыг Тэргүүлэгч гишүүнээр сонгосон байна.
Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин Шадар сайдтай уулзан Тэргүүлэгч гишүүний үнэмлэхийг нь гардуулж өгсөн байна.
Шадар сайд М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах ажлын хэсгийг ахалж, энэ баримт бичгийг УИХ-аар батлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр эрдэмтэн, мэргэдтэй олон удаа уулзаж, санаа бодлыг нь хөгжлийн энэ том баримт бичигт тусгах талаар онцгой анхаарч байсныг нь Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин онцлон тэмдэглэсэн байна.
Шадар сайд М.Энхболд мөн Ерөнхий сайд байхдаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Шинжлэх ухааны академи, эрдэмтэдтэй хамтарч эх орныхоо түүх, соёлыг гадаад улсад сурталчлах чиглэлээр удаа дараа эрдэм шинжилгээний бага хурал, бусад арга хэмжээг хамтран зохион байгуулж байжээ.
Шинжлэх ухааны академи нь удирдлагаа оролцуулаад 13 тэргүүлэгч гишүүнтэй бөгөөд 4 жилийн хугацаатай сонгогддог юм.