2009.09.14

Баянхонгорын 90 гаруй ээж нийслэлд чуулав

Баянхонгор аймгийн салбар салбартаа амжилт гаргасан 90 гаруй ээж, эмэгтэйчүүд нийслэлд ирж, Цонжин болдог, 13 дугаар зуунаар аялаад иржээ. Мөн Монголын эмэгтэйчүүдийн II их чуулганд оролцсон байна. Тэдэнтэй нутаг Хонгор нутгийг аж амьдралын тухай цөөн хором хөөрөлдсөн юм.

Д.Рина: Баянхонгор аймгийг “Есөн эрдэнэ” захын эзэн
-Та сайн явж байна уу. Хотод ирээд ямар шуу байна даа.

-Сайн явж байна аа. Хотод ирж Монголын Эмэгтэйчүүдийн хоёрдугаар их чуулганд оролцлоо. Мөн нутгийн гишүүн Х.Баттулгын тусламжаар дэлхийд ганцхан морьтой хөшөөг үзэж сонирхлоо. Мөн одтой зочид буудалд есөн мянган төгрөгөөр байрлаж байна. Хотод их сайхан байна аа. Ийм хямдхан буудал манай аймагт ч байхгүй шүү дээ.

-Хонгор нутгийн сонин хачнаас хуучлаач. Иргэдийн ахуй амьдрал ямар байна вэ?

-Манай нутагт сайхан намар болж байна. Нутгийнхны амьдрал ахуй яахав дээ гайгүй л байна. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал хаа сайгүй л байгаа шүү дээ. Гэхдээ манай аймгийнхны амьдрал ахуй харьцангуй гайгүй.

-Та захын эзэн хүн. Таныг харж байхад иргэдийн худалдан авах чадвар хэр байгаа бол?

-Ер нь, бол тун давгүй. Яагаад гэхээр манай аймаг чинь алт ихтэй болохоор иргэд маань байгалийн баялагаар амьдралаа залгуулаад болоод л байна.

-Хүмүүс Баянхонгорынхон алт ухаад ажил хийдэггүй гэлцдэг юм билээ. Энэ үнэн үү?

-Ер нь, бол алт ихтэй. Гэхдээ юу гэж ажил хийхгүй байхав дээ. Бүгд л амьдралын төлөө тэмцэж байгаа болохоор эрвийж дэрвийхээрээ зүтгэж байна даа.

-Цонжинболдогыг үзсэн гэсэн. Хэр санагдсан бэ?

-Үнэхээр гайхамшигтай. Өөр хэлэх үг олдохгүй юм билээ. Үүнийг бүтээнэ гэдэг үнэхээр их хүч хөдөлмөр. Дэлхийд ганцхан зүйл бүтээсэн нутгийнхаа хүү Баттулгад баярлалаа гэж хэлье. Ажилд нь амжилт хүсье.

“Бурхдай” хувийн эмнэлгийн захирал Ц.Сосорбарам:
-Салбар, салбартаа сайн ажиллаж амжилт гаргасан хүмүүс энд цуглаад байна. Тэгэхээр таны хувьд эрүүл мэндийн салбараа төлөөлж ирсэн байх. Энэ салбарын танай аймагт…

-Тийм ээ. Салбартаа манлайлсан хүмүүс энд чуулж байгаа юм. Манай эрүүл мэндийн салбарын хувьд маш сайн байгаа. Хүн ардынхаа эрүүлийг сахих үйлсэд хүчин зүтгэж хувийн эмнэлгийн төлөөлөл болж би энд ирсэн.

-Хувийн эмнэлэг хэр олон байдаг вэ?

-Нэлээд олон эмнэлэг үй ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, ардын эмнэлэг, шүдний дотрын, эмэгтэйчүүдийн гэх мэт. Мөн рашаан сувлалын гээд цөөнгүй бий.

-Хонгор нутгийнхан Баттулга гишүүндээ их ам сайтай байх юм аа.

-Тийм шүү. Их ноён нуруулаг сайн хүн. Хийж бүтээе гэсэн эрч хүчээр дүүрэн хүн. Нутгийнхаа залуучуудыг дэмжиж гадаадад их явуулна. Ингээд ирэхээр нутгийн хүмүүс их урамшдаг биз. Улам л эрч хүчтэй болдог. Энэ хүнд манай нутгийнхан хайртай, бас хүндэлж явдаг юм даа.

Өндөр настан М.Бадам:
-Хотод ирээд идээшиж байна уу. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Идээшиж байна аа. Нутгийнхаа 90 гаруй бүсгүйчүүдтэй хотод ирлээ.

-Хэзээ буцах вэ?

-Би энэ жилдээ хотод өвөлжих санаатай. Манай хэд хэдэн хүүхдүүд оюутан болж байгаа юм. Тэднийхээ ар гэрийн ар талыг дааж үлдэхээр болж байна даа.

-Та залуудаа ямар ажил эрхэлж явсан вэ?

-Би сумын эмэгтэйчүүдийн зөвлөл гэх сайн дурын ажлыг олон хашсан. Тэгээд Монголын эмэгтэйчүүдийн II чуулганд оролцлоо. Их сайхан байна.

-Танай нутгаас сонгогдсон Баттулга гишүүнийг та хэр мэдэх вэ?

-Би тэр хүнтэй нүүр тулж уулзаж байгаагүй. Гэхдээ ичнээ мэднэ. Нутгийн төлөө их зүйл хийж байгаа залуу гэж боддог.

Хүний хөгжлөөс улсын хөгжил тодорхойлогдоно
Их засаг их сургуулийн Баянхонгор салбар салбар сургуулийн сургалтын албаны дарга Х.Уранчимэг:
-Та сайн явж байна уу.

-Сайн явж байна аа.

-Танай нутгаар сонин сайхан юутай байна. Хонгор нутгийнхан тавтай намаржиж байна уу?

-Манай нутагт сайхан намар болж байна. Зон олны сэтгэл тэнүүн сайхан байна.

-Их засаг их сургуулийн салбар танай аймагт хэзээ нээгдсэн юм бэ. Олон оюутан элсүүлж байна уу?

-Энэ жилээс салбараа нээгээд байгаа юм. Урьд нь бүртгэл менежментийн Хонгор дээд сургууль гэж байсан юм. Тэр сургуулийн туурин дээр салбараа нээгээд ажиллуулж байна. Ингэснээрээ нийслэлээс алслагдсан баруун аймгийн хүүхдүүд тэнд сурч чанартай боловсрол эзэмших боломжтой болж байгаа хэрэг. Энэ жил олон оюутан элссэн.

-Ер нь, хөдөө орон нутагт сургууль байх нь ашигтай байх аа.

-Тэгэлгүй яахав. Сургуулиа төгссөн хүүхдүүд тэндээ ажиллаж байгаа юм. Сүүлийн үед хөдөө орон нутаг,сум, багт бараг л эзэнгүй болох гээд байгаа шүү дээ. Харин хөдөө сурсан хүүхдүүд ядаж л бэлэн ажлын байртай. Хөдөөний сум нь эзэнтэй болж байгаа гэсэн үг. Харин хотод сурсан нь шан харамж, цалин пүнлүүгээ дагаад хот газраа бараадаад байна шүү дээ.

-Боловсролын салбар танай аймагт ямар түвшинд байгаа бол.

-Яг тийм түвшинд гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ манай сургууль аймагт энэ хичээлийн жилд боловсролын салбартаа 10 зорилт тавиад ажиллаж байна. Манай нутгаас сонгогдсон зари улс төрчид л залуусыг гадаад сургаж байна. Энэ нь маш зөв. Хүний хөгжлөөс улсын хөгжил тодорхойлогддог шүү дээ. Үүний төлөө л Баттулга гишүүн зүтгэж яваа гэж боддог юм.

-Багш хүний нүдээ танай аймгийн нийгэм эдийн засгийн амьдрал ямар байна вэ?

-Миний хувьд манай аймгийнхны амьдрал ахуй янз бүр л байна. Гэхдээ иргэд маань эдийн засгийн хямрал биш, сэтгэлгээний хямралд орчхоод байгаа юм болов уу. Гэхдээ манай аймгийн баруун бүсийн жижиг аймаг болгоно гэсэн зорилт дэвшүүлээд байгаа. Энэ бол маш зөв алхам. Үүнийгээ дагаад үйлдвэрлэл хөгжинө. Ажилгүйдэл багасна. Ингэж зорилт дэвшүүлж байгаа нь Монголд анхдагч болж байгаа байх.

-Нутгаас сонгогдсон төрийн түшээд нутаг орондоо хэр элэгтэй байна. Сонгогчдын сонголтыг хүндэтгэж чадаж байна уу?

-Төрийн түшээд нутагтаа элэгтэй байдаг байхаа. Манай Баттулга гишүүн гэхэд гурав дахь удаагаа сонгогдсон хүн. Энэ нь ард түмэн гэх том аудитын шалгалтад тэнцсэн л гэсэн үг шүү дээ.

Баянхонгор аймгийн “Хонгор” телевизийн захирал Т.Дангаасүрэн:
-Баянхонгор аймагт мэдээллийн зах зээл хэр өгөөжтэй байгаа вэ?

-Ер нь, гайгүй шүү. Манай аймаг хоёр телевиз, нэг богино долгионы радио, гурван сонин үйл ажиллагаагаа явуулж байна.

-Танай телевизийн нийтлэл нэвтүүлэгийн бодлого ямар байх уу. Нөгөө телевиз нь ямар бодлоготой вэ?

-Манайх телевиз өнгөрсөн жилийн гуравдугаар сард нээгдсэн. Ер нь, чөлөөт ардчилсан телевиз. Иргэдэд болж байгаа зүйлийг үнэн бодитоор нь хүргэхийг л зорьдог. Харин нөгөөх нь аймгийн тамгын газарт байдаг. Төрийн өмчийн телевиз.

-Өрсөлдөөн их байна биз?

-Яахав. Хэрэндээ л өрсөлдөөнтэй.

-Телевизийн боловсон хүчин хүрэлцээтэй юу?

-Манайх их цомхон бүтэцтэй. Нэг зураглаач, хоёр сэтгүүлч, нэг техникийн ажилтантай. Гэхдээ тэр хэд маань их супер шүү. Бүх зүйлээ өөрсдөө хийнэ. Бичнэ, найруулна, эвлүүлнэ гээд л…

-Сэтгүүлч хүн нийгмээсээ түрүүлж явдаг гэдэг. Таны бодлоор Баянхонгор аймгийн хөгжлийн чиг хандлага ямар хуу байна вэ?

-Манай аймаг нэг үеэ бодвол арай өөр болж байгаа. Тухайлбал 1990-ээд оныг бодвол. Хаа газар л амьдрал эрээнтэй бараантай байдаг шүү дээ. Баянхонгорт тийм л байна. Гэхдээ хөгжиж байгаа. Үүнийг би юугаар хэлэх гээд байна вэ гэхээр. Манай аймаг руу хар зам тун удахгүй орох байх. Зам дагаж хөгжил гэдэг шүү дээ. Хөгжил удахгүй очих байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.