Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ОХУ, Төв Азийн дэд бүтэц хариуцсан Ахлах Банкир Виталий Кузнецов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
ЕСБХБ-ны удирдлагууд Монгол Улсад айлчилж, Засгийн газрын тэргүүн болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзаж байгаа. Энэ хүрээнд салбарын сайд зам, тээврийн салбар дахь бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар харилцан санал солилцсон байна.
Уулзалтын эхэнд сайд Д.Ганбат Монгол Улсад дэд бүтцийн чиглэлээр оруулах хөрөнгө оруулалт, зээл санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
Тэрээр зам, тээврийн салбарын хөгжлийн томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаагаа онцлоод энэхүү зорилтын хүрээнд томоохон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаараа дуулгалаа.
Тухайлбал Богдхан төмөр зам, ДЦС-5 дулааны цахилгаан станцын төмөр зам барих төсөл, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилгыг барих ”төсөл, Сайншандын ачааны вагоны угсрах үйлдвэрийг барих санхүүжилт, Улаанбаатар холимог тээврийн логистикийн төв барих төсөл зэрэг улс орны эдийн засагт үр өгөөжөө өгөхүйц чухал ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.
Тус банкны ОХУ, Төв Азийн дэд бүтэц хариуцсан Ахлах Банкир Виталий Кузнецов дээрх төслүүдийн мэдээлэлтэй танилцаад улс орны эдийн засагт үр өгөөж өгөхүйц, өндөр ач холбогдолтой төслүүдэд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ.
Мөн тус банк ойрын 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө Монгол Улсын дэд бүтэц болон зам, тээврийн салбарын төслүүдийг түлхүү тусгасан талаараа онцолж байв.
ЕСБХБ нь Монгол Улсад 2006 оноос хойш манай улсын эдийн засгийн олон салбар чиглэлээр төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Ялангуяа хувийн хэвшлийн байгууллагууд, компани, арилжааны банкуудад зээл, санхүүжилт олгон олон төслийг амжилттай хэрэгжүүлж байжээ