Шилэн мяндсаар хүчитгэсэн асфальтбетон хольцын судалгааны ажил
Зам, тээврийн хөгжлийн төв, БНСУ-ын Барилгын технологийн хүрээлэн /KICT/-тай хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын зам барилгын үйлдвэрлэлд сайжруулсан бүлээн асфальт хольцыг нэвтрүүлэх, нутагшуулах судалгаа”-ны ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Road Expo 2016” олон улсын авто замын үзэсгэлэнгийн үеэр БНСУ-ын KICT-ын Авто замын судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч нартай ажил хэргийн уулзалт хийж, тус хүрээлэнгээс хэрэгжүүлж байгаа Шилэн мяндсаар хүчитгэсэн асфальтбетон хольцын судалгааны ажлыг хамтран Монгол Улсад нутагшуулах судалгааг хийх талаар харилцан санал солилцож, хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Энэхүү ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн төв, KICT, “ЭСТО” ХХК-ууд хамтран Зам, барилгын итгэмжлэгдсэн төв лаборатори болон бэлтгэсэн туршилтын талбайд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2016 оны 6-р сарын 24-нд Зам, тээврийн хөгжлийн төвөөс Шилэн мяндсаар хүчитгэсэн асфальтбетон хольцын судалгааны ажлын туршилтыг Улаанбаатар – Мандалговь чиглэлийн авто замын Өндөрдов жуулчны баазаас Дундговийн замын эхлэл хүртэлх 9 км хатуу хучилттай авто замын 8м өргөнтэй 100м урттай хэсэгт шилэн мяндсаар хүчитгэсэн асфальтан хучилтыг “ЭСТО” ХХК, “ЭМ АЙ ЭЛ” ХХК, “Ялгуусан” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-тай хамтран хийлээ.
Туршилтын ажлыг KICT-ын ахлах судлаач Byung-Sik Ohm, мэргэжилтэн судлаач Lim, Jae-Kyu, судалгааны туслах ажилтан Пак Ки сү болон ЗТХТ-ийн хэлтсийн дарга Д.Сарандулам ахлагчтай ИТА-ууд лабораторийн болон талбайн туршилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.