Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав
2016.09.09

Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.09.09/ эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав. 

Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяр байнгын хорооны даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв.

Тэрээр,  Транспэрэнси Интернэшнл байгууллага нь авлига, хээл хахуулийн эсрэг үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хяналтыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба эрүүл мэндийн салбарын онцлогоос үүдэн тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлдэг болохоо танилцууллаа.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал хүндхэн байгаа бөгөөд тогтолцооноосоо эхлээд шийдвэрлэх, шинэчлэх шаардлага бий.

 Тулгамдаж буй асуудлууд нь хэдийгээр системийн шинжтэй ч үүн дээр салбарын мэргэжлилтнүүд, судлаачдын оролцоо сул байдаг нь тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг хэмээн үзсэн байна.

Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, судлаачид салбарынхаа тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцоотой байж, ажиллах сонирхолтой байгаагаа Байнгын хорооны даргад дуулгав.

Мөн тэрээр, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр батлагдах үеэр салбарын эрүүл мэндийн салбарын эрх зүйн зохицуулалт, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, санхүүжилтийн стратегийг боловсруулах талаас нь болон тодорхой бодлого, хөтөлбөүүдийг тусгуулах саналаа холбогдох газруудад хүргүүлэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм. 

ргэний нийгмийн байгууллагууд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлдэг гэсэн итгэл үнэмшилтэй ажилладаг бөгөөд энэ чиглэлээр гарсан тодорхой үр дүнтэй хөтөлбөр, ажлынхаа талаар жишээ дурдан танилцууллаа. 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ болон иргэний нийгмийн байгууллагууд салбарын бодлого тодорхойлоход Улсын Их Хурал, Засгийн газартай тодорхой хэмжээгээр хамтран ажиллаж иржээ.

Тухайлбал, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг боловсруулж, батлуулахад судалгаа, шинжилгээнд суурилсан гаргалгаа, үзэл баримтлалыг тодорхойлж хүргүүлсэн бол тус бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг боловсруулахад оролцсон байна.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад системийн талаас улс орны эдийн засаг хүнд байгаа өнөөгийн нөхцөлд төсөвт дарамт учруулахгүйгээр эмийн зохицуулалтын байгууллагыг хөгжүүлэх талаар үзэл баримтлалыг боловсруулан хүргүүлсэн талаараа танилцуулаад Улсын Их Хурал энэ чиглэлийн зохицуулалтад анхаарал хандуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм. 

Уулзалтын хүрээнд яригдаж буй сэдэв бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг болохыг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэллээ. Мөн Засгийн газрын тэргүүн болон салбарын сайдад хамтран ажиллах уриалга хүргүүлснийг дэмжиж байгаагаа дуулгав. Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ч цаашид эрхлэх асуудлуудынхаа хүрээнд иргэний нийгмийн байгууллага болон ТББ-уудтай хамтран ажиллах болно. Өнөөдөр УИХ-аар хэлэлцэж буй Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтбөлбөрт эрүүл мэндийн чиглэлийн тодорхой асуудлууд тусгагдсан. 

Өнгөрсөн 2015 онд тус байнгын хороогоор хэлэлцэн, УИХ-аар батлуулсан Нийгмийн эрүүл мэндийн даатгалын хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиудын төсөл санаачлагчдын нэг нь болохоо Байнгын хорооны дарга онцлоод, хуулиудын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулан, Засгийн газарт чиглэл өгч ажиллахаар төлөвлөөд байгаагаа дуулгав.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн санхүүжилт, төсөв шаардагдах зарим заалтыг  хэрэгжүүлэх боломжгүй байгааг хэлж байв. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор хамтран ажилладаг олон улсын байгуулагууд, ТББ-уудтай уулзаж, санал солилцож байгаа талаараа дуулгасан. 

Үргэлжлүүлэн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцон, тус салбарын харилцаа, зохицуулалттай холбоотой эрхзүйн баримт бичгүүдийн талаар, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар болон энэ чиглэлээр төр, донор байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцсан юм.