Ж.Энхбаяр: 3 удаагийн УИХ, нилээдгүй Засгийн газар дамнан байж батлагдлаа
Монгол Улсын Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/; эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн 83 хувийн саналаар хуулийн төслийг баталлаа.
Батлан хамгаалах тухай багц хуулийн төсөл батлагдсаны дараа УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр үг хэлсэн юм.
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
Бид Батлан хамгаалах яамны бодлогын үндэс болсон баримт бичиг болон батлан хамгаалах салбарын багц хуулийн шинэчилсэн хувилбарыг ихээхэн хэмжээний хүч хөдөлмөр, ухаан зарцуулан 3 удаагийн УИХ, нилээдгүй тооны Засгийн газар дамжин байж баталж чадлаа. Хэдийгээр багагүй хугацаанд үргэлжилсэн ч эцсийн дүндээ манай улс, манай улс төрийн хүчнүүд улс эх орныхоо язгуур, эрх ашгийн үүднээс санаа бодлоо нэгтгэж чаддагийг харуулж, Монголын төрт ёсны уламжлал үргэлжилсээр байгааг тод илэрхийлсэн чухал үйл явдал боллоо.
Өнгөрсөн онд батлагдсан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс болон өнөөдөр бидний эцэслэн баталсан батлан хамгаалах салбарын багц хуулийн гол ач холбогдол нь энэ салбарын эрх зүйн шинэчлэлт нэгэн шинэ үеийг нээж байна. Монгол Улсын цэргийн байгууллага нэгдмэл байх тухай олон жил үргэлжилсэн улс төрийн маргаан, үзэл бодлын зөрчилдөөнийг нэг мөр болгон шийдвэрлэж чадсанд оршиж байна. Үүний тулд цэргийн байгууллагуудыг эрх зүйн хувьд шинэ ойлголтыг маш тодорхой томъёолон, түүндээ зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага багтана гэдгийг анх удаа хуульчлан баталгаажууллаа.
Ингээд Монгол Улсын батлан хамгаалах салбарын бодлогын үндэс баримт бичиг болон батлан хамгаалах салбарын багц хуулиудын төслийг санаачлан, боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн, эдгээр хуулийг батлуулахын төлөө чин сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлье.
Эдгээр баримт бичиг, багц хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлүүлэхийн төлөө санаа нэгдэн ажилласан өмнөх УИХ-ын ажлын хэсгүүд, өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирж энэ хуулийг эцэслэн баталсан болон анхдугаар чуулганаараа батлан хамгаалах салбарыг онцгойлон үзэж, Батлан хамгаалах яамыг үндсэн чиг үүргийн яам болгон хуульчлан баталгаажуулсан эрхэм гишүүд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн ажлын хэсэгт орж ажилласан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар болон бусад байгууллагын эрдэмтэд, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн сүр сүлд үүрд мөнх мандан бадрах болтугай.