Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан боллоо.
2018.04.18

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан боллоо.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан боллоо.

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны оны 01 дүгээр сарын 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Батлан хамгаалах тухай (Шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар  Улсын Их Хурлаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр баталсан “Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд хэрэгжүүлэх өөрийн бүрэн эрхийн талаар хууль тогтоох эрхийг эдлэх агуулгыг илэрхийлж байна. Тодруулбал, хэл зүйн хувьд хууль тогтоогчийн хүсэл зоригоос өөрөөр ойлгогдохоор хуульчлагдсан нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэсэн Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна” гээд 01 дүгээр дүгнэлтийг гаргасан билээ. Улсын Их Хурал  2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн  хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн. Иймд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 32.3.5.-д заасны дагуу хуульд өөрчлөлт оруулан Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг хүчингүй болгохоор уг хуулийн төсөлд тусгасан байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд асуулт асууж, үг хэллээ. Тэрбээр,  хуулийн уг заалтыг хүчингүй болгосноор сөрөг үр дагавар гарах эсэхийг тодруулахад Ажлын хэсгийнхэн, Үндсэн хуулийн цэцийн 01 дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг хүчингүй болгосноор ямар нэг хуулийн хийдэл, сөрөг нөлөө гарахгүй гэж хариулж  байлаа. Ингээд Батлан хамгаалах тухай (Шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулахаар тогтов.