Үндсэн хуулийн цэцийн 9 сарын өмнө гаргасан дүгнэлтийг өнөөдөр л хэлэлцэж байна
Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 4 дүгнэлтийг танилцуулсны дараа хэлэлцэж байх явцад гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Л.Болд: Буруу практик нэвтрүүлж байгаа юм байна л даа
“Чуулган энд хуралдаж байдаг, тэнд Төсвийн байнгын хороо хуралдаж байдаг. Ийм практик нэвтрүүлж байгаа юм байна л даа. Энэ бол буруу жишиг. Үндсэн хууль зөрчсөн маш олон эдгээр шийдвэрийг Үндсэн хуулийн цэц анхааралдаа аваасай гэж хүсч байна.” гэж хэлээд УИХ ямар зарчмаар ажиллах ёстой, одоо ямар зарчмаар ажиллаж байгаа талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлээд зөв горимоор ажиллахыг хүслээ.
Засгийн газрын хуралдааныг чуулганы үеэр аль болох хийхгүй байх, болж өгвөл завсарлагааны үеэр хийх зэрэг зохион байгуулалтын шинжтэй өөрчлөлт хиймээр байна. Кноп дарах асуудал гээд бүх гишүүд тэгдэг мэтээр хавтгайруулж хэлэхгүй байхыг Л.Болдоос УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хүслээ. Тэрээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг цаг тухай бүрд нь чуулганаар хэлэлцдэг байх тухай саналаа илэрхийллээ. Түүнтэй санал нэг байгаагаа Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлсэн юм.
Д.Лүндээжанцан: Монгол Улсын иргэн л бол бүх шатны шүүхэд хандах эрхтэй
“Давж заалдах эрхийг нь өгсөн юм чинь хяналтын шатны шүүхийг орхиж болохгүй байх гэж бодож байна. Ер нь ямар ч тохиолдолд эрүү ч бай, иргэний хэрэг ч бай Монгол Улсын иргэн бол анхан шат, давж заалдах, хяналтын шатаар дамжиж, шударга шүүхээр шүүн таслах эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг байх эрхтэй” гээд Үндсэн хуулийн цэц жилийн өмнө хуралдаж гаргасан шийдвэрийг одоо хэлэлцэж байгаа нь учир дутагдалтай, дураа хүрэхээр хэлэлцдэг, дургүйгээ хүрэхээр дарчихдаг байж болохгүй гэсэн юм.
Ш.Раднаасэд: Ямар шалтгаанаар өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй орхисон нь тодорхойгүй
“Үндсэн хуулийн цэцийн 16 дугаар дүгнэлт 2015 онд гарсныг 2016 оны 1 дүгээр сард Хууль зүйн байнгын хороод ирүүлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд ямар шалтгаанаар хэлэлцээгүй вэ гэдэг нь тодорхойгүй байна" гээд цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд УИХ-аар 14 хоногийн дотор, чуулган завсарласан байх тохиолдолд ээлжит чуулган эхэлсэн даруйд гэж УИХ-ын дэгийн тухай хуульд заасан байдаг гэдгийг хэллээ.