МАН-ынхан үнэхээр шалтаглав уу? Үнэн ийм байв уу?
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулга хийж байгаа нь
2016.08.31

МАН-ынхан үнэхээр шалтаглав уу? Үнэн ийм байв уу?

Өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль, түүнийг дагалдах процессын 5 хуулийн хүрээнд гол асуудал өрнөсөн.

Тэр дундаа УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийгээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Л.Болд нарын хооронд ихээхэн зөрчил, шүүмжлэлтэй байдал өдрийн турш үргэлжилсэн гэж болно.

“Өмнөх Засгийн газар” гэж чичлүүлээд байгаа З.Энхболдоор удирдуулсан УИХ ажлаа гүйцэд хийгээгүйн гор өнөөдөр гарч, бид алдааг нь засахаар чармайж байна гэж эрх баригчид тодотгож байсан. Нэгэнт батлагдсан хуулийг хүчингүй болгож, буцааж, хэрэгжих хугацааг хойшлуулж байгаа нь Монголын парламентад гарч буй анхны тохиолдол, буруу жишиг гэдгийг Л.Болд тэргүүтэй сөрөг хүчин илэрхийлж байлаа. Өмнөх УИХ бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө ёсчлон батлаагүй, хууль хэрэгжих бэлтгэл ажил хангагдаагүй гэдэг бол зүгээр л шалтаг гэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ч хэлээд авсан.

Харин хууль гэдэг нь эрх бүхий субьект баталж, ёсчилж, хүчин төгөлдөр болсныг албан ёсны эх сурвалж дээр нийтэлснээр хууль болж байгаа юм гэсэн байр суурин дээрээ МАН-ынхан бат зогссон.

Мөн нэр бүхий хуулиудыг буцаах асуудлыг оруулж ирсэн нь хууль санаачлагчид хийгээд тухайн үед уг хуулиудыг дэмжиж байсан гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Нэн ялангуяа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг энд дурдаж болно.

Чуулганы “дайвар” гэж хэлж болох Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, удахгүй болох ээлжит сонгуулийн зардал, техник хэрэгсэл хэрэглэх, Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зэрэг асуудалд гишүүд тийм ч идэвхтэй байсангүй. Ю.Цэдэнбал агсныг цагаатгах эсэх асуудлыг хэд хэдэн гишүүн гарган тавьж байсан ч УИХ, байнгын хорооны хэлэлцэн шийдвэрлэх асуудал биш болохыг учирлаж байлаа.

2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг нэг өгүүлбэрээр
  • Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхий саналаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаалаа.  

  • Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлыг 13,9 тэрбум төгрөгөөр тогтлоо.

  • Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд санал тоолох төхөөрөмж ашиглахаар боллоо.

  • Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг баталлаа.

  • Үндсэн хуулийн цэцийн 16, 04, 07, 08 дугаар дүгнэлтүүдийг хэлэлцэн, дүгнэлт тус бүр дээр Үндсэн хууль хийгээд холбогдох бусад хуулийгг зөрчсөн хэмээн үзсэн цэцийн шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.

  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэн эдгээр хуулиудын хэрэгжих хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болгон өөрчлөх асуудлыг анхны хэлэлцүүлгээр эцэслэн баталлаа.

  • Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс уг хуулийг дагаж мөрдөхийг гишүүдийн олонхи зөвшөөрч, эцэслэн шийдвэрлэлээ.

"Vip76.mn" цахим хуудасны редакциас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд төвлөрөн ажиллах болсонтой холбогдуулан чуулганы үеэр УИХ-ын гишүүдийн асуусан асуулт, илэрхийлсэн байр суурийг тухай бүрт нь шуурхай хүргэх болно. Уншигч та манай цахим хуудасны “Хууль” цэснээс 2016-2020 онд бүрэн эрх нь хэрэгжих парламентын үед санаачилж, өргөн барьсан, хэлэлцүүлгийн шатанд байгаа, хэлэлцэхээр хүлээгдэж буй хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлд УИХ-ын гишүүд ямар байр сууриа илэрхийлснийг нэг дороос унших боломжтой боллоо.