Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг тодорхой хугацааны дотор хэлэлцдэг баймаар байна
2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтүүдийг танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
"Ер нь цаашид Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэх хугацаатай, хэрэв завсарлагааны хугацаанд орсон бол ээлжит бус юм уу, дараагийн ээлжит чуулганы эхэнд хэлэлцүүлнэ гэсэн заалт гаргаж, энэ заалтаа ягштал мөрддөг байх хэрэгтэй байна." гээд Хууль зүйн байнгын хорооныхон ихэнх нь шинэ гишүүд байгаа тул үүнийг зориуд хэлж байна гэсэн юм.
2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Уг хуралдаанаар дээр дурдсан хуулиудын тодорхой заалтыг зөрчсөн хэмээн үзэж, 16 дугаар дүгнэлтээ гаргажээ.
Мөн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэж, эдгээр хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож, 4 дүгээр дүгнэлтээ гаргасан байна.
Энэ оны 5 дугаар сарын 25-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хуралдаж, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсний үндсэн дээр тодорхой зүйл, заалтуудыг зөрчсөн болох 7 дугаар дүгнэлтээ гаргажээ.