Хямралын үед татвар нэмэх нь сайн зүйл авчрахгүй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2016.08.31

Хямралын үед татвар нэмэх нь сайн зүйл авчрахгүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газар төсвийн тодотголоор хэд, хэдэн байдлаар татварыг нэмэхээр оруулж ирсэн байсан. Хямралын үед татвар нэмэх нь буруу гэдгийг зарим гишүүд хэлж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

Эдийн засаг хямарчихсан, хүн ам орлогогүй, дийлэнхи нь цалингийн, тэтгэврийн гээд зээлтэй болчихсон байна. Энэ үед  эмзэг хэсэг рүү очиж байгаа мөнгийг багасгах юм бол ядуурал улам бүр нэмэгдэнэ. Энэ асуудал дээр анхаарах ёстой.

Хоёрдугаарт эдийн засаг хямрахаар компаниуд хүнд байдалд ороод ихэнхи нь банкны хугацаа хэтэрсэн зээлийн өр, авлагатай болчихсон явж байгаа. Өнгөрсөн оны өдийд 300 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байсан бол одоо нэг их наяд болчихсон байгаа байх. Төлж чадахаа больчихсон гэсэн үг. Энэ үед нь татварыг нэмбэл ямар байх вэ. Гал руу бензин хийсэнтэй адилхан. Компаниуд улам хүндэрнэ.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхэд шүүмжлэлтэй хандаж байгаа олон хүн байгаа?

Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал байна. Олон хүн ажлын байртай болгочихьё гэж байгаа бизнес эрхлэгчид бүр хүнд тусна. Ажилтнуудынхаа цалинг нэмэхэд хэцүү болно. Яагаад гэхээр цалинг нь нэмэхээр нийгмийн даатгалын шимтгэл нь нэмэгдэх гээд байдаг. Аль ч төрлийн татварыг хямралттай үед нэмэх нь сайн зүйл биш. Ялангуяа хүн амын орлоготой асуудал байна. Хямралын үед татвар нэмэх нь сайн зүйл авчрахгүй.

Хямралын ард гарахын тулд ажлын байр бий болгож байгаа, хүн амыг орлоготой байлгаж байгаа бизнес эрхлэгчид авч гарна. Улс төрчид янз бүрийн юм яриад авч гарахгүй. Сонгуулийн өмнө сайхан юм ярина, дараа нь амлалтаасаа ухарна. Тэрэнтэй чинь л ижилхэн. Харин тэр бизнес эрхэлж байгаа хүмүүс энэ хямралын ачааг үүрч гарч байна. Сонгуулийн өмнө бүгдийг чадна, бүгдийг хийнэ, бүтээнэ гэдэг. Гарсныхаа дараа өөр юм яриад суугаад байж болохгүй. Нэгэнт л чадна гэж гарсан бол бид өр зээлийг нэмэгдүүлэхгүй, татварыг нэмэгдүүлэхгүй гэж байсан шигээ байх ёстой. Иргэд тэгж л харж байгаа байх. Тийм учраас би татвар нэмж байгаа асуудлыг дэмжихгүй байгаа.

-Татваруудыг нэмснээр төсөвт төвлөрч байгаа мөнгөний хэмжээ их биш, бодит хэмнэлт хийж чадахгүй байгаа гэх шүүмжлэлүүд байгаа. Үүнээс өөр ямар хэмнэлт хийх ёстой вэ. Данхар бүтэцтэй зарим төрийн өмчийн компаниудыг хувьчлах нь зөв гэх арга, замууд яригдаж байна?

Бид хямраад, хямралын гарцыг дотогш нь чиглүүлээд, ядарсан ард түмэн, бизнесийнхэнээсээ танах, өгч байгаа мөнгөө багасгах тухай яриад байна. Гэтэл гадагшаа Оюутолгой, Тамсагийн орд асар их мөнгө алдаж байгаа. Тэрнээс хоёр, гуравхан хувь авахад л бидний яриад байгаа зүйлээс хэдэн, арав дахин их мөнгө олох боломж байгаа. Цалин хаслаа гээд гуравхан тэрбум төгрөг.

Оюутолгой харин хоёр тэрбум доллар буюу дөрвөн их наяд төгрөгийг аваад гарч байгаа. Гэхдээ бидэнд буцаагаад тавхан хувь буюу 300 сая төгрөг л өгч байгаа. Гэтэл тэд нар руу хандаж чадахгүй мөртлөө, дээрэлхэж чаддагаараа өөрсдийгөө танаад сууж байна. Тамсагийн ордоос бид өсөн нэмэх рояалти авч болно.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээс илүүтэй, өөр ямар гарц байж болох вэ?

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээс илүү бааз суурийг өргөтгөх чиглэлээр ажиллах нь зүйтэй. Жишээ нь нийгмийн даатгал төлөгч, ажлын байр бий болгогчийг олон болгох чиглэлээр арга хэмжээ авбал татвар нэмэгдэнэ шүү дээ. Хувийг нэмэхээсээ илүү, татвар төлөгчийн тоог нэмэгдүүлэх нь зөв болно л доо. Түүнээс биш татварыг нь нэмээд хаалгыг нь бариулаад байвал хямралын ард гарахгүй. Өнөөдрийн энэ хямралын ард гарах арга замд ямар ч шинэ зүйл алга.

Нөгөө л ярьдаг зүйлээ яриад сууж байна. Бид нарт асар их боломж байна. Монголд өнөөдөр алмазаас бусад бүх баялаг байна. Баялагаа үр ашигтай болгох чиглэл рүү тодорхой арга хэмжээ авах, 50 сая малаа яаж эргэлтэд оруулах вэ, 200 төгрөгийн хонины нэхийг адаглаад2000 төгрөг болгох вэ гэдэг ч юм уу, ийм зүйл дээр ажиллах боломж байна. Зүтгэж, хөдөлмөрлөж байж мөнгө олох тал руу нь Засгийн газар хөтөлбөрөө оруулж ирж ажиллах юм бол үр дүн гарна. Үүн шиг ингээд зууралдаад байх юм бол дөрвөн жил өнгөрнө.

-Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж байна. Та өмнөх парламентад эдгээр хуулиудыг батлалцсан шүү дээ. Үнэхээр хойшлуулах шалтгаан байна уу?

Би Эрүүгийн хуулийг дэмжихгүй байсан. Яагаад гэхээр олон зүйлүүдийг эргэж харах шаардлагатай байгаа юм. Эрүүгийн орчиндоо засах зүйлүүдээ засаж явахаас биш, нэг өдөр шууд орвонгоор нь эргүүлж болохгүй. Хүнийг онц ноцтойгоор гүтгэвэл зүгээр зөрчил гэж үзнэ. Шар сонин цэцэглэх байхгүй юу. Захиалгаар таван сая төгрөгөөр хүнийг яаж ч гүтгэж болно.

Хүн гүтгэхийг эрүүгийн биш болгож байна гэдэг нь улс оронд эмх замбараагүй байдал үүсгэнэ. Хөрөнгөтэй хүн өртөөд байхааргүй тийм хууль болсон. Жишээ нь компани дээр эрүү үүсгэдэг шинэ хууль явж байгаа байхгүй юу. Компанитай байвал компаниа өгөөд байна. Компанитайгаа холбоод эрүү үүсгээд, компанигүй хүн өөр дээрээ үүрээд, шоронгийн хаалга татна. Энэ мэт олон зүйлийг засах ёстой. Эрүүгийн хууль дээр алдаатай зүйлүүд их гарсан. Үүнийг өөрчлөх ёстой.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхгүй, мөн Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжих хугацаа тодорхойгүй болсон байна. Та ямар байр суурьтай байна вэ?

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг харин хэрэгжүүлээд явах нь зөв байсан байх. Тэтгэврийн хоёр хөгшний нэг нь нас барчихвал нөгөө нь тэтгэврийг нь үргэлжлүүлээд авах Хамтын тэтгэврийн хуулийг үргэлжлүүлээд явах бололцоог нь хайх ёстой гэж бодож байна. Энэ бол нийгэм рүү чиглэсэн хуулиуд байгаа шүү дээ.