Ц.Элбэгдорж: Буруу алхам бүр ард түмний ой санамжид үлдэнэ
Ерөнхий сайдад нэр нь дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өнөөдөр /2016.07.07/ Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Засгийн газрын тэргүүнд нэр дэвшсэн тухайгаа танилцуулж, мөн Засгийн газрыг дан дээлтэй сайд нараа бүрдүүлэх бодолтой байгаа талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үндсэн чиглэлийн яамдын сайд нь Засгийн газрын гишүүн байж болно гэснийг хатуу баримталж, бусад нь давхардахгүйгээр дан сайдаар ажиллах нь гэж ойлголоо.
Ард түмэн сонголт хийсэн учраас УИХ, Засгийн газрын ажлыг хурдан эхлүүлэх бодолтой байгаа. Мэргэжлийн Засгийн газар гэдгийн цаана мэргэжлийн гэдэг нэгдмэл ойлголттой байна. Өндөр шаардлагатай, ёс зүйтэй, хариуцсан ажлаа сайн хийдэг, тавигдсан үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чадвартай хүн сайд байх ёстой.
Энэ парламент бүрэлдэхүүний хувьд онцлог байна, 65 гишүүнтэй байна гэдэг бол бодлого тодорхойлж байгаа тийм учраас Засгийн газарт хяналт байх ёстой. Ойр суудалтай байхад сөрөг хүчин хяналт тавьдаг байсан. Засгийн газарт хийх ажил маш их, яаралтай хийх ажил их бий.
Гурав дахь нь азтай Ерөнхий сайд байх нь. АСЕМ-ын дээд түвшний уулзалт эхлээд байна. Гадаадын маш олон Ерөнхий сайд ирнэ. Хөрш орнуудын Ерөнхий сайд ирнэ. Тэр хүмүүстэй гар бариад асуудлаа хэлээд ажлаа эхэлнэ гэдэг сайн зүйл. Маш олон өндөр дээд түвшний зочид ирнэ.
Дөрөвт, Засгийн газраас ажил хийлгэсэн байтал мөнгө өгөөгүй гэдэг гомдол гарсан. Хийсэн ажлынх нь мөнгө олгогдох ёстой. Иргэд, аж ахуйн нэгжүүд ажилтай байх нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Болор бичлэг тавьсан байна, бид хүнлэг байх ёстой. 25 ажилтантай бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуул гэдэг хууль бий. Хүн рүүгээ хандсан байх ёстой. Үүнийг ажил хэрэг болгоход анхаарч ажиллаарай.
Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө жил бүр буураад байгаа. Санхүүжилтийг нь өмнөх жилийнхээс бууруулахгүй баталж байх ёстой. Уг хөрөнгөөр орон нутгийн иргэд ажилтай болдог, орон нутагт үйлдвэрлэл хөгждөг.
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маргаан гараад байгаа, энэ асуудлыг нээлттэй ярилцах байх гэж бодож байна. Монголынхоо тогоонд ороод ирсэн асуудлыг нээлттэй байдлаар хэлэлцэж шийдэх байх. Тэнд ажиллаж байгаа нэг ч хүний эрх ашиг хохирох ёсгүй. Улсын эдийн засгийг олон жил авч явсан хүмүүст хэлэхэд тэдний эрх ашиг хохирох ёсгүй, анхаарч ажиллах ёстой гэдгийг хэлэх нь зөв гэж бодож байна.
Саяын сонгуулиар ч авсан сургамж авах ёстой шүү. Ард түмэн мэдээллийн хэрэгслээр дамжуулаад эрх баригчдын алхам бүрийг харж байна. Буруу хийсэн алхам бүр ард түмний ой санамжид үлдэнэ.
Зарим нэг сургамжийг харахад төрд гарсан нь буруу үйл ажиллагаа явуулаад тойрог хүрээлэгчдээ татаад ах дүүгээ татаад ёс зүйгүй аашилж байна.
Бусад оронд нэг л буруу алхам хийсэн бол шууд ёс зүйн хариуцлага хүлээдэг. Төрийн албанд орсон хүн баяждаг, хөлждөг байдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн юм.